Редакторын зурвас
Сэтгүүлийн энэ дугаарыг Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Шаравын Шагдарын мэндэлсний 90 жилийн ойд зориулан гаргаж байна.
Сэтгүүлийн "Онол, судалгаа” буланд Проф. Ш.Шагдар багшийн хийж гүйцэтгэсэн судалгааны гол ажлууд болох дэд докторын болон шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын диссертацуудын хураангуйг (автореферат) орос хэлнээс орчуулан тоймлон оруулав. Эдгээр нь 1979 онд сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан "Монгол орны газарзүйн хичээлээр орон нутгаа судлах нь" сэдэвт ажлын хураангуй, 2002 онд боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан “Монголын боловсролын түүхэн хөгжлийн зарим асуудал" сэдэвт судалгааны ажлын хураангуй болно. Эдгээр хураангуйг бүтнээр нь сэтгүүлд багтаах боломжгүй тул товчилсон болохыг анхаарна уу.
Мөн энэ буланд Монгол орны нутгийн төв цэгийг тодорхойлсон арга, аргачлалаас гол хэсгийг товчилж орууллаа.
"Арга зүй" буланд проф. Ш.Шагдарын газарзүйн сургалтын арга зүйн асуудлаар бичиж туурвисан олон арван өгүүлэл, багш нарт зориулсан зөвлөмжөөс жишээ болгон “Дунд сургуульд газарзүйн заах арга", "Эх газрын газарзүй заах аргын зөвлөмж”, “Газарзүйн хичээлээр шийдвэрлүүлэх асуудал" (2007) номын зарим хэсгээс сонгон оруулав.
"Орон нутаг судлал" буланд проф. Ш.Шагдарын бичсэн "Халзан сумын газарзүйн тодорхойлолт", "Миний Халзан-Хатавч" нийтлэл, “Улаанбаатар хотын газарзүйн тодорхойлолт" зэрэг өгүүллийг оруулав. Эдгээр нь түүний бүтээлд чухал байр эзэлдэг орон нутаг судлалын чиглэлээр туурвисан бүтээлүүдийн жишээ болно. “Улаанбаатар хотын газарзүйн тодорхойлолт” өгүүлэл нь нийслэл хотын газарзүйн талаар шинжлэх ухааны үндэстэй, системтэй бичсэн анхны өгүүлэл юм. Ялангуяа энд Улаанбаатарын газарзүйн солбицол, экватораас алслагдсан зай, хотын орших зэргэдийн урт зэргийг тооцолж гаргаснаар үл барам Улаанбаатарын орших цэгийн тэнхлэгээ эргэх хурдыг бодож оруулсан нь нэн сонирхолтой бөгөөд зөвхөн газарзүйн талыг авч үзээд зогсохгүй түүхэн баримтыг дурдсан нь онцлогтой болсон байдаг. Энд хэдийгээр нэг хотын хувьд бичсэн боловч бусад аймаг, сумын газарзүйн тодорхойлолтыг бичих жишиг болох тул газарзүйн багш нар, газарзүй сонирхогчид, аялал жуулчлалын байгууллагууд болон оюутан сурагчдад хэрэгтэй хэмээн үзэж байна.
Улаанбаатар хотын түүх, газарзүйн онцлог, улирлын байдлын талаар өөрийн ажиглалтад тулгуурлан бичсэн Улаанбаатарын хавар, зун, намар, өвөл зэрэг нийтлэлүүдийг “Шаравын Шагдар: Бүтээлийн товчоо" номоос үзнэ үү.
“Ярилцлага” буланд 2013 онд Улсын Газарзүйн 25 дугаар олимпиадын үеэр Шагдар багштай хийсэн ярилцлагыг нийтлэв. Энэхүү ярилцлагаас Улсын газарзүйн олимпиадын түүхтэй танилцаж болно. Шагдар багш улсын газарзүйн олимпиад зохион байгуулах хорооны дарга, гишүүнээр олон жил ажиллахдаа оролцогчдын талаар дэлгэрэнгүй бүртгэл хөтлөн үлдээсэн нь эдүгээ ховор баримт болж байна. Багшийн эхлүүлсэн энэ олимпиад өргөжин тэлсээр 2013 оноос эхлэн Монгол Улсын төлөөлөл Олон улсын газарзүйн олимпиадад оролцож эхэлсэн түүхтэй.
Эрхэм уншигч та Геофорум сэтгүүлийн тусгай дугаарыг таалан соёрхоно уу.
Ерөнхий редактор, Проф. Е.Батчулуун