Монгол улсын Ардын багш, Шинжлэх ухааны доктор (Sc.D),
профессор
ШАРАВЫН ШАГДАР багшийн мэндэлсний 90 жилийн ойд
Газарзүйн ухааны
доктор, профессор Ембүүгийн Батчулуун (МУБИС, Газарзүйн
тэнхим)
Боловсролын түүхийн гэрч
Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, овоглох хүртлээ
хийж бүтээсэн эрхэм хүний нэг бол миний багш Шаравын Шагдар юм. Үе чацуутнуудынхаа
адил Монголын нийгмийн нэгэн үеийн, тэр тусмаа боловсролын салбарын түүх болсон
хүн. Төрж өссөн нутаг (Сүхбаатар
аймгийн Халзан сум)-аа
байнга дурсдаг, айлд өргөгдсөн, Багшийн сургуульд орж сайн төгссөн учир Багшийн
дээд (тэр үеийн нэрээр)-д шууд орсон, Монгол улсын гавьяат багш Б.Долгормаагийн
гарын шавь болсон хүн. Энэ тухайгаа их хуучилдаг, “Долгормаа багш минь надад
бичиж байсан үзгээ үлдээсэн шүү дээ” гэж ирээд л байнга ярих. Тэр нь 1950-60-аад
онд газарзүйн сургалтын ачааг үүрч, сурах бичгүүдийг орос хэлнээс орчуулж,
редакторлаж, зохиож, хичээлийн агуулга, программ (хөтөлбөр)-ыг
зүүн Европын орнуудаас хоцрохгүй түвшинд хүргэсэн “буриад Долгормаа” юм.
Амьдралд нь хүргэсэн багшийнхаа ачийг
мартахгүй ажлыг нь нэгэн зорилгоор үргэлжлүүлнэ гэдэг бол хүний мөн чанар, багш
шавийн барилдлагаа гэхээсээ илүү тэр хүн сайн сайхан, амьдралдаа сэтгэл
хангалуун явахын буян заяа гэж бодогддог. Сайн багштай учирна гэдэг их аз. Гэвч
итгэл даах сайн шавьтай учирна гэдэг багш хүнд бас тэр болгон таараад байдаггүй
их аз завшаан юм. Эгээ л сайн үр хүүхэд заяаж, үр үндсийг нь авч явахтай адил
гэдгийг би өөрөө багш болж, өөрийн гэсэн шавьтай болж байж л ухаарсан. “Алтыг
нь аваад авдрыг нь хаядаг” хүн ч таардаг. Харин Шагдар багш бол “авдрыг нь огт
хаяагүй”, Долгормаа багшийнхаа үйл хэргийг сайн залгамжилсан, уулзаж үзээгүй ч
хойч үеийнхэнд багшийгаа эчнээ танил болгосон. Ганц Долгормаа ч биш, өөрт нь
багшилсан, газарзүй заасан, эрдэм номд хөтөлсөн, хамт ажилласан гээд л
амьдралдаа таарсан хүмүүсийнхээ талаар дан сайнаар дурсдаг сайхан чанартай нэгэн байв, миний
багш. Шагдар багшийг хүн муулж байхыг би ер нь сонсоогүй, бусдын талаар
үргэлж сайн сайхан талаас нь санан
дурсдаг тэр чанар нь багшийн минь хийж үлдээснээс ч илүү үнэ цэнэтэй санагдах
юмаа.
1933 онд төрж, дайны үеэр өсөж торнисон,
монгол улсад багш бэлтгэх сургууль байгуулагдахад анхны оюутан болж элссэн,
1950-иад оны дундаас багшилж эхлэн, социализмын “ид үед” Гэгээрлийн яаманд
байцаагч, түшмэл, хожим Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын захирал
зэргээр “дарга цэрэг” болж, улс орныг “товхинуулах”, боловсролыг, тэр дундаа
газарзүйн боловсролыг хөгжүүлэхэд хүчин зүтгэж, олон шинэ зүйлийг санаачлан
эхлэлийг тавьсаны нэг нь аялал жуулчлалын салбарт дээд боловсролтой мэргэжилтэн
бэлтгэх эхлэлийг Шагдар багш санаачлан хэрэгжүүлсэн нь хөдөлшгүй үнэн баримт
юм. 1996 онд УБИС-д “Аялал жуучлал-газарзүйн багш”-ийн анги нээсний дараа бараг
их, дээд сургууль болгонд ийм анги “борооны дараах мөөг шиг” олшрон, олон ч
хүнийг “хоолтой болгосон” билээ.
Амьдралын хичээл заагч Шагдар
Шагдар багш монгол орондоо, газарзүйн мэргэжилдээ, газарзүйн багш нарт,
шавь нартаа хайртай нэгэн байв. Эх орноо дэлхийд хаана ч байхгүй сайхан гэж
магтдаг, сайн газарзүйн багш бэлтгэх маш чухал, заадаг хичээлээр нь дамжаад эх
оронч үзэл төлөвшихэд тустай, амьдралд нь нэн хэрэгтэй гэж үздэг хүн байв. Газарзүйн
хичээл үзэж гол нуур, усны горим, хур тунадасны талаар ойлгож авсан хүн хэзээ ч
үерийн аманд гэрээ барихгүй, сургуульд газарзүй үзэж цаг агаарын ариншинг
ойлгосон малчин хүн хэзээ ч салхи шуурганд малаа дагаж уруудахгүй гэж ярьдаг,
түүнийгээ ч төвийн сонин, сэтгүүлд бичиж, телевизээр олонтаа ярьсан байдаг.
2023 оны зуны үерийн үеэр Шагдар багшийн энэ үзэл сургаал үнэхээр “орой руу
орж” байна даа.
Өв үлдээгч Шагдар
Эрдэм номтой, алдар цолтой хүн олон боловч
Шагдар багш хойч үедээ өв болон хадгалагдах их бүтээл туурвисан хүн. 1950-иад
оны сүүлээс эхлэн Заах аргын захидал (багш
нарт зориулсан зөвлөмж),
судалгаа шинжилгээний өгүүлэл, нийтлэл 400 хол давж, газарзүйн сурах бичиг, нэг
сэдэвт судалгааны томоохон бүтээлүүд туурвисны зарим нь англи, хятад хэл дээр
орчуулагдан, гадаадад хэвлэгджээ. Заримаас нь жишээлье.
“Монгол
орны газарзүйн нэрийн толь бичиг” ном бол монголчуудад үлдээсэн өв юм. 50
гаруй жилийн хөдөлмөрөө шингээсэн энэ ном анх 1963 онд гарсан, эдүгээ 5 удаа
хэвлэгдсэн агуу бүтээл (А4
хэмжээтэй 660 хуудас буюу 83 хэвлэлийн хуудас). Энэ номонд уул нуруу, тал хөндий 1200
орчим, гол мөрөн 1000 гаруй, нуур цөөрөм
1000-аад, даваа хөтөл 200 орчим, рашаан ус 300 гаруй, түүх соёлын
дурсгал 350 гаруй, ашигт матмалын орд 600 орчим, тахилгатай уул, ус 1000 орчим,
Монголын нууц товчоонд орсон газар 100 орчмыг багтаасан, монгол улсын бүх сумын
төвийн газарзүйн солбицол, гадаргын өндөр, нутгийн хүйс, нутгийн хэмжээ,
тахилгатай уул, усны нэр, хүн малын тоог хүснэгтээр оруулсан байдаг. Энэ номд
багтсан бараг ихэнх газар (уул,
нуруу, гол горхи, худаг, элсэн манхан) багш өөрөө очсон байх, бүх газрын
байрлал, томоохон суурин юмуу тэмдэгт газраас аль зүгт, ямар зайтай оршдог,
газарзүйн онцлог нь юу болох талаар бичсэн бүрэн хэмжээний “лавлах” юм.
Хамгийн гол нь том маштабтай газрын зураг дээр хэмжилт хийж, “гар аргаар”
солбицол тодорхойлно гэдэг бол хэрийн хүний давах ажил биш. Шагдар багш л
чаджээ гэж бодогддог. Харин одоо Жи-пи-эс (GPS)-ээр
дор нь маш нарийвчлалтайгаар тодорхойлдог болсон
үед бол тэгж гаргаж болно, гэвч энэ олон
мянган газрыг тэр болгон “Жи-пи-эс”-дэх ч бас “яс янгинуулах” ажил л даа.
Энэ номонд орсон бас нэг онцлох зүйл бол “Монгол
Хятад хоёр улсын хил дээр байгаа зарим газар ус” гэсэн хэсэгт 1:500000
масштабтай зураг нэр нь улсын хил дээр тэмдэглэгдсэн газруудыг хилийн гэрээнд дурдсан дарааллаар
нь баруун талаас нь нэрлэж, өндрийн тоотыг хилийн гэрээнд зааснаар дурдаж,
байрлалыг мөн зургаас секундын нарийвчлалтайгаар олж 162 газрыг нэг
бүрчлэн тодорхойлсон байдаг (Уг
номын 2 дугаар хавсралтад дурдсан).
Энэ үнэхээр агуу хөдөлмөр, ганц хүн хийж барсан гэхэд үнэхээр гайхмаар нүсэр
ажил. Эх орондоо хайртай хүнээс л ийм их хүч чадал, сэтгэл гардаг биз ээ.
Шинийг сэдэгч, санаачлагч Шагдар
Багш бол шинийг эрэлхийлэгч, санаачлагч
нэгэн байсан. “Аялал жуулчлал” гэдэг үг тэр болгон ч их танил болоогүй, аялал
жуучлалаар “мөнгө олно” гэдэг нь хүмүүсийн санаанд тэгтлээ ч ороогүй байсан үед
Шагдар багш санаачлан “Цог” дээд сургуульд “аялал жуулчлал”-ын хичээл орж
эхлэн, “Монгол орноор жуулчлах 50 зам” ном гаргасан нь үзсэн харсан хүний
“нүдийг орой дээр нь гаргаж” байсан билээ. Дараа нь 1992 онд УБДС (хуучин нэрээр)-д
багшийн санаачлагаар “Газарзүй-аялал жуулчлал”-ын анги нээгдэв. М.Баянтөр
багшийн дурссанаар “Багшийн дээдэд аялал жуулчлалын анги нээснийг дуулаад тэр
жилдээ МУИС-ийн газарзүйн төгсөх ангийг нэрийг нь өөрчилж “аялал жуулчлалын
анги” болгон төгсгөсөн гэдэг. Хожим багш энэ номоо дахин нэмж засварлан “Монгол
орноор жуулчлах зуун зам” нэртэйгээр гаргасан.
Монгол оронд хаашаа
ямар чиглэлээр хэрхэн аялж болохыг заасан гол 100 замналыг зураглаж,
тодорхойлон бичсэн энэ ном манай аялал жуулчлалын салбарын үндсэн гарын авлага,
“чөдрийн ганц морь” юм. Англи хэл дээр орчуулагдсан нь гадны жуулчны “нүдийг
тахлах” ганц дорвитой, мэргэжлийн бүтээл болсон билээ. Одоогоор энэ номыг
гүйцэх бүтээл хараахан гараагүй л байна.
Боловсролын түүх судлаач Шагдар
Шагдар багшийг “хос морьтой”, бүр
“гурвалсан морьтой” хүн ч гэж болно. Нэгдэх нь мэдээж газарзүй болон
газарзүйн боловсролын талаар хийсэн зүйл арвин, хоёр дахь нь боловсролын
түүх бичсэн, түүх судлаач хүн. Гурав дахь нь дээр дурдсан аялал
жуулчлалын тулгын чулууг тавилцаж, мэргэжлийн ангийг нь нээж, гарын авлага
болох үндсэн бүтээлийг нь туурвиж, зурагласан. Хэрэв дөрөв дэх нь гэж
үзвэл эрдэм дэлгэрүүлэгч гэж хэлж болно. Монгол эх орноороо хөндлөн гулд
туулсан, үзсэн судалсан туршлагадаа болсон байх, нас нэлээд ахисан хойноо
эрдэмтэнд судлаачдын багийн “Сувдан сондор” аялалын гишүүн болсон билээ.
Газарзүйн хүн яагаад “түүх судлаач”
болчихов гэж үү? Боловсролын түүхийг судалсан хүн учраас ингэж хэлж болно.
Тайлбарлахын тулд “Монголын боловсролын түүхийн товчоон” бүтээлийнх нь талаар
товч дурдья. Шагдар багш энэ бүтээлээрээ боловсрол судлалын шинжлэх ухааны
доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан.
Докторын зэрэг хамгаалах нь их, гэвч тэр болгон нийгэмд, хүнд хүртээл болж,
хэрэг болох нь төдий олон биш. Харин Шагдар багшийн докторын судалгаа бол хойч
үед ийм нэгэн “бодит” бүтээл, бас нэгэн өв болон үлдэж, “мөлжүүр”-ээ өгсөөр
байна. Жишээлэхэд, манай тэнхмийн ахмад багшийн нэг, газарзүйн ухааны доктор
Чойн Дүвжир агсны тухай ярьдаг Шагдар багш байнга ярьдаг нэг “онигоо” нь саяхан
“Монсудар” хэвлэлийн газраас гаргасан “МОНГОЛЧУУД” цуврал (Нийгэм журамд давшин орсон нь
1924-1959)-д
“Ангиа 150 хувь сургадаг багш” гэсэн гарчигтай орсон байна лээ (172-р хуудас).
Уг нь яах ч аргагүй Шагдар багшийн яриа, “Монголын боловсролын түүх” номдоо
оруулсан байх. Гэвч анхлан ярьсан, бичсэн Ш.Шагдар гэж нэр ”Монголчууд” номд
огт харагдахгүй байсан нь харамсалтай санагдсан.
Ш.Шагдар “Монголын боловсролын түүх” ном
хожим гурван ботиор хэвлэгдэхдээ өөр нэг “хамтран зохиогч”-той болсон
харагддаг, учрыг би сайн мэдэхгүй, юутай ч гэсэн монголын боловсролын түүхийг
манай багшаас өөр тэгж бичсэн хүн байхгүй, цаашид олон судлаачид янз бүрээр
баяжуулан гаргах хэдий ч багшийн бичсэн энэ ном дээр л үндэслэнэ гэдгийг хэлж
чадах байна. Ялангуяа 1937 оны их хэлмэгдэлд өртсөн боловсролын салбарын
сэхээтнүүдийг сайдаас эхлээд сургуулийн захирал, бусад хүмүүсийг овог нэртэй
нь, нас хүйстэй нь, эрхэлж байсан ажил албатай нь, хэдэн онд хэдний өдөр
хэрхсэн (ихэнх
нь цаазлуулсан байдаг)-ийг
жагсаалтаар шүүж гаргана гэдэг бол ганц хүний хийх ажил биш. Гэвч миний багш
чадсан л юм даа.
“Монголын боловсролын түүх”-ийн
судалгаагаа багш хэрхэн хийж байсныг харсан гэрчийн нэг нь би, манай
тэнхмийнхэн юм. 1990 оны дундаас эхлээд багш юм л бол улсын төв архив руу
“гүйдэг” нэг хоббитой болсон нь бидэнд заримдаа төвөгтэй санагддаг байсныг нуух
юун. “Багш хаачсан байхгүй, архив явсаан л” гэцгээх болсоор лав л нэг хоёр
өвлийг авсан, бодвол зуны амралтаар багш тэнд бараг хонож байсан бол уу.
Тэгснээ харин “Монголын боловсролын
түүх” хэмээх ном бичээд гаргав багш. Тэр судалгаагаараа 2003 онд шинжлэх ухааны
докторын зэрэг хамгаалсан билээ. Тэр ном бол урьд хожид байгаагүй, бодит үйл
явдлыг он сар, өдрөөр нь бичсэн, хаа хэн, юу хийсэн, ямар тогтоол шийдвэр хэзээ
гарч, ямар үр дүнд хүрч байсан зэргийг тоо баримттай нь, тогтоол шийдвэртэй нь
хөдөлшгүй баримтаар нотолсон томоохон ажил болсон.
“Аялагч” Шагдар
Багшийнхаа 90 насны ойд зориулан бүтээлийг нь хэвлэлд бэлтгэх явцдаа
өөрийнх нь бичиж тэмдэглэсэн, товчоолсон зарим баримтууд олж хараад “аялагч”
гэж нэрлэмээр санагдав. “Аялал” гэхээр голдуу хилийн дээс алхан өөр улсад
зорчсон талаар л бодох нь их. Багш бол эх орноороо аялагч байв. Монгол орондоо
очоогүй газар байхгүй, очсон газар болгоноо бичиж тэмдэглэдэг, тэгээд ч дээр
дурдсан “Монгол орны газарзүйн нэрийн толь бичиг”-ээ гаргасан. “Шар тос анддаггүй шар зурхайч”
гэдэг шиг л хүн байв, эх орныхоо талаар.
Яамны байцаагчаас эхлээд Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийн
захирал байх хугацаандаа очсон сургуулиудыг аймйаг сумаар нь, нэрээр нь гаргаж,
хичээлд нь сууж зөвлөгөө өгсөн багш нарын нэрс, өөрөө бэлтгэн заасан хичээлийн
конспектоо тэмдэглэн үлдээжээ. 2000 онд өөрийнх нь бичсэнээс үзэхэд Шагдар багш
очоогүй сумын сургууль ердөө 27 байна.
Энэ үед Монголд нийт 750 гаруй сургууль байсан гэж бодохоор 27-оос
бусдад нь өөрийн биеэр очжээ. Энэ бас л гайхмаар баримт шүү. Одооны
хүмүүс, дарга нар айлчилсан, жуулчилж
очсон гадаад улсуудаа л тоолдог болсонтой харьцуулахад эрхгүй “юм юм”
бодогдоно.
Ажил хүнийг голдоггүй
Энэ үгийг багш надад болон бусад олон хүнд
мэдрүүлсэн хүн. Багш минь надтай танилцсан үеэ их ярьдаг байв. “...1984 оны
хавар багш нарын сургалтын үе юм. “Газарзүй заах арга” гэсэн орос ном ширээн
дээр тавьсан нэг бүсгүй сууж байна. Чи наадахаа ашиглаж чадах уу? гэсэн чадна
гэж байна. Тэгвэл энэ өгүүлбэрийг орчуул даа гэсэн орчуулж байна шүү” гээд л
хуучилдагсан. Энэ нь багшид ихэд “тоогдсон” хэрэг байж. Дараа нь шинээр
байгуулагдаад байсан “Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт”-д намайг ажилд
авч “аргазүйчийн орон тоо батлагдтал түр зуур бичээч хийж бай” гэсэн билээ.
Гэвч би бараг жил шахуу бичээч хийхийн хажуугаар хөдөө томиолтоор явж, багш
нарт зөвлөн туслах ажилд оролцож байсан билээ. Бичгийн машинаар тачигнуулах
үедээ хүмүүсийн бичсэнийг унших нэг завшаан, хурдан бичиж сурах хоёр завшаан,
сүүлдээ бага сагаар үг үсгийн алдаанаас эхлээд агуулгын зарим нэг зүйлийг засах
гэхчлэн гурван завшаан байжээ. Бүгд биш ч С.Дүнчээ багш “За Батчулуунаа чи
засмаар юм байвал засчихаарай, багш нь ямар ч байсан санаагий нь гаргачихлаа
шүү” гэдэг болсон нь надад ихээхэн итгэл хүлээлгэсэн хэрэг байсан төдийгүй,
намайг асар их юманд сургасан азтай хэрэг байсныг одоо л ойлгож байна. Эдүгээ
би бээр “цаас эрээгчигч” болж, овоо хэдэн ном, бүтээл гаргасан нь хүний хий
гэснийг хийж, зас гэснийг засаж, сайн “зарагдаж” явсны ач тус мөнөөсөө мөн гэж
боддог доо.
Удирдахуйн ухаан заагч Шагдар
Шагдар Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ-одоо МУБИС-ийн Ё байр)-ийн суурийг тавьсан
хүн. Сэрээтэр сайдын үед уг институтийг дахин шинээр байгуулах болж, Сэлбэ
голын эрэг дээр барилга барих газрыг нь сонгохдоо бусад их сургууль, ялангуяа
Багшийн дээд сургуульд ойр байхыг бодолцсон гэж ярьдаг байв. БМДИ-ийн шинэ
барилга 1985 онд ашиглалтад орж, сандал ширээ зөөхөөс эхлээд, шатыг боржингоор
солих бүх ажилд захирал (Шагдар багш) өөрөө дандаа хамтардаг байв. Захирал унах эрхтэй хар машинтай байсан ч бараг
унаж байхыг бид үзээгүй, нягтлан л унадаг сан. Өөрөө явган явах алхахыг илүүд
үздэг байв. Тэр нь ч зөв байсан байх, одоогийнхоор бол “биеийн жингийн
илүүдэлгүй”, туранхай яргай биетэй,
өндөр шар хүн байсан билээ.
Даргалагч биш, хамтрагч дарга байсныг хамт ажиллаж байсан олон хүн гэрчилнэ
дээ. Багшийн дэргэд “нэг тогооноос хоол идэж”, удирдлаган дор нь ажиллаж байсан
бид бид бол Шагдар багшийг хүн муулж байхыг ер сонсоогүй, уурлаж байхыг
хараагүй, архи ууж байхтай ч таараагүй, эр хүний “элдэв шальдив явдал”-д
орооцолдох талаар төсөөлөгдөж ч байгаагүй билээ.
Уураар биш ухаарлаар удирддаг хүн байжээ гэж боддог. Монгол хэлний
Ш.Оюунцэцэг санаж байгаа байх, бид 2-ыг өрөөндөө нэг дуудаж уулзав. Тэгээд
эрдмийн ажил хийхгүй байна гээд нэлээд зэмлэнгүй маягаар хэлэхдээ “нэг л
мэдэхэд та хоёр 40 хүрсэн буурал авгай нар л болчихно, одоо цаг алдалгүй эхлэх
хэрэгтэй, хүний нас дорхноо л явчихдаг” гэсэн сэн. Дөнгөж хорь гарч яваа бид
2-т тэр үг ихээ хол сонсогдож, “40 хүртэл хаа ч байсан юм” гээд инээлдэж байсан
нь саяхан мэт. Одоо ч бид тэр яриа бидэнд сайхан дурсамж болон үлдэж, “үнэн л
хэлж байж дээ багш” гэлцдэг юм. Нээрээ л 40 хүрэх мөн ч амархан даа.
Олон залууст амьдралын эхлэлийг зөв
тавьсан хүн гэж боддог. Юу гэвээс, өмнөх нийгэмд 10 дугаар анги төгссөн болгон
одоогийнх шиг их, дээд сургуульд элсэж чаддаггүй, конкурс гэж айхтар даваа
давдаг байв. Энэ нь одоогийхоор бол ЭЕШ (элсэлийн
ерөнхий шалгалт)
гэж ойлгож болох ч “юун цагаан сар” гэдэг шиг өөр. Сонгох тест биш, заавал
уншиж, давтана, өөрийн болгосон хүүхэд л дийлдэг байв. Багш нарын мэргэжил
дээшлүүлэх институт шинэ байрандаа нүүн орж, ажлын байр олноор шаардсан байх,
конкурсдээ бүдэрсэн охид хөвгүүд үйлчлэгчээр орж ажилласан. Хөөрхөн охид
хөвгүүд л гүйлдээд байх. Ганц хоёр жил ийнхүү ажилласан хүүхдүүд ажлын хат
суусан, хажуугаар нь конкурсдээ бэлдэн бүгдээрээ л их, дээд сургуульд орж
эдүгээр зарим нь доктор болсон нь ч бий. Би нэг хүүг мартдаггүй, шалны модыг
иштэй микрофон шиг бариад дуулж бүжиглэнгээ ажлаа хийдэг байж билээ. Заавал
нэрийг дурдаад ч яахав, хожмоо Германд төгссөн сайхан залуу болж, одоо ч
таарахаараа инээд цацруулан явдаг юм. Эргээд бодоход тэр хүүгийн (бусад хүүхдүүдийн ч гэсэн) ээж аав нь одоогийнхноос “өөр” байж дээ. Одоо бол
үйлчлэгчийн ажлыг тийм цэцэг цэврүү шиг хүү, охид хийх нь юу л бол. Энэ нь
“ажил хүнийг голдоггүй” гэдгийг л
харуулж буй сайхан жишээ юм даа. Дээр би өөрийгээ бичээч хийж байсан тухайгаа
бичсэн, надтай хамт бичээч хийж байсан бүсгүй ОХУ-д Санктпетербургийн их
сургууль төгсөөд одоо боловсролын салбарт маш амжилттай ажиллаж явна. Тааралдахаараа
“өдий зэрэгтэй яваа минь Шагдар багшийн ач шүү” л гэдэг юм.
Институтийн захирал байхдаа ажилтнуудаа
англи хэл сургах гэж их хичээсэн багш. Одоогийн МУБИС-ийн Ё байранд байсан БМДИ
англи хэлний багш бэлтгэх ажлыг анхлан тавьж, АНУ-аас ирсэн Рон Форест (Ron Forest) ажиллаж эхэлсэн.
Харин Шагдар багш эхнэрээр нь ажилтнууддаа “албан бус” замаар англи хэл заалгаж
эхэлсэн ч ихэнх нь “завсардаж” бараг л би үлдсэн санагдана. Халтар хултар хэл
гадарладаг болсон минь ийм учиртай.
Өндөр нэр хүндтэй, гадаадын сургуульд
сурснаараа бахархахаас цаашгүй, хийж бүтээсэн юмаар маруухан хүмүүс ч байдаг,
Амьдрал баян юм хойно доо. “Чин үнэндээ бол багш хүн сурсан эрдмээ олны хүртээл
болгож, үлдэх юмтай, гаргасан мөртэй байхад МГУ төгсөх ч, багшийн дээдэд сурах
ч адилхан” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй. Нээрээ л тийм дээ гэх жишээ
захаас аван олдоно. Шагдар багш Багшийн сургуулиас гараагаа эхэлсэн, улмаар
“Багшийн дээд”-д сурсныгаа ховорхон тохиох азтай хэрэг байсан гэдэгт итгэн,
эрдэмт хүн даруугийн жишээгээр олон бүтээл туурвисан, төр нийгмийн зүтгэлтэн,
удирдагч, жинхэнэ ардын багш байсан билээ.
Бичсэн Ембүүгийн Батчулуун
Газарзүйн ухааны
доктор (Ph.D), профессор (МУБИС-ийн Газарзүйн тэнхим
Монголын Газарзүйн
Боловсролын Нийгэмлэг)
Утас 99091640
И-Майл: batchuluun@msue.edu.mn