МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Эрдэмтний индэр

Газарзүйн шинжлэх ухааны доктор Сономын Жигж

С.Жигж 1940 онд Завхан аймгийн Сонгино суманд төрсөн. 1951-1961 онд Завхан аймгийн Нөмрөгийн 10 жилийн дунд сургууль, 1961- 1966 онд Москвагийн УИС-ийг геоморфологич мэргэжлээр төгссөн. 1966 оны 7-р сараас 1972 он хүртэл Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэнгийн Физик газарзүйн салбарт эрдэм шинжилгээний туслах, дэд ажилтан, 1972 оны 7-р сараас эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1974 оноос СнЗийн ШУТехникийн Улсын Хороонд төлөвлөлт зохицуулалтын хэлтсийн дарга, 1975-1980 онд Байгаль хамгаалах хэлтсийн дарга, 1980 оноос Монголын Байгаль Орчныг хамгаалах нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1988-1994 онуудад Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэнгийн захирлаар ажилласан. Мөн 1981-1994 онд ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга, 1990-1994 онд Монголын Газарзүйн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байжээ.

С.Жигж 1972 онд Москва хотод газарзүйн ухааны дэд доктор В.П.Чичаговын удирдлага дор “Хэнтийн уулархаг орны геоморфологи” сэдвээр газарзүйн ухааны дэд эрдэмтний (Ph.D) зэрэг, 1990 онд Эрхүү хотод “Монгол орны байгалийг зохистой ашиглах системийн үндэслэл, байгаль орчинд аж ахуйн үзүүлэх нөлөөний нутаг дэвсгэрийн онцлог” сэдвээр газарзүйн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалсан. “Эртний мөсдөл, мөсөн голын тухай товч тодорхойлолт” (1976), “Сансрын газарзүй” (1979), “Байгаль хамгаалал, үзэл суртал” (1983), “Социалист орнуудын байгаль хамгааллын ажлын туршлагаас” (1983), Байгаль хамгаалах тухай 100 асуулт, хариулт, Ц.Дамдингийн хамт (1986) зэрэг товхимол, “Монгол орны хотгор гүдгэрийн үндсэн шинж” (1975), “Монгол орны инженер газарзүйн үндсэн асуудал” (1979), “Байгаль орчныг хамгаалах асуудал” (1981) зэрэг нэгэн сэдэвт зохиол бичиж эрдэм шинжилгээ, сургалт танин мэдэхүйн чиглэлтэй олон арван өгүүлэл нийтлүүлжээ. 2020 онд доктор (Sc.D) С.Жигжийн 80 насны ой тохиож байна. Иймд түүний газарзүйн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг товч тодорхойлохыг зорилоо. Тэрбээр геоморфологи, инженер газарзүй, сансрын газарзүй, байгаль хамгаалал зэрэг чиглэлээр газарзүйн шинжлэх ухаанд тодорхой хувь нэмэр оруулсан эрдэмтэн билээ.

С.Жигжийн геоморфологийн чиглэлээр туурвисан бүтээлүүдэд монгол орны геоморфологийн судалгааны түүхийг үечилж, хотгор гүдгэрийн морфогенетик хэвшинж, өндрийн ангилалыг шинэчлэн тогтоож геоморфологийн 3 шатлалт мужлалын схем боловсруулснаас гадна Хэнтийн уулархаг нутгийн хотгор гүдгэрийн хөгжил, өөрчлөлт, морфогенетик хэвшинж, эртний тэгшрэлийн гадарга, түүний насны тухай, эртний мөсдлийн тархалт, хэлбэр, хэвшинж, давтагдлын асуудалд илүүтэй анхаарал хандуулсан байдаг.

Эдгээрээс тус орны гадаргын онцлог байдал, хотгор гүдгэрийн тогтоц, ялангуяа уулсын харьцах болон үнэмлэхүй өндрийг харгалзан боловсруулсан өндрийн ангиллын шатлал одоо хүртэл мөрдөгдсөөр байна. Үүнд:


  • Өндөр уул 2500-4500 м, харьцах өндөр 1000 м-ээс их
  • Дундаж өндөр уул 1500-2500 м, харьцах өндөр 600-1000 м
  • Нам уулс 1000-1500 м, харьцах өндөр 100-400 м
  • Цав толгод 1000 м орчим, харьцах өндөр 20-50 м
  • Ухаа гүвээт тал 600-900 м, харьцах өндөр 10-20 м юм.
Энэхүү ангилал нь тус орны гадаргад зохицуулан дундаж байдлаар гаргасан хэрэг бөгөөд район тус бүрийг авч үзвэл өөр байдалтай байж болох юм гэдгийг тэмдэглэжээ. С.Жигж тус орны хотгор гүдгэрийн морфогенетик хэвшинж, хэлбэр бүтцийн онцлог, хотгор гүдгэрийг өөрчлөгч орчин үеийн үйл явц зэрэг хүчин зүйлсийг үндэс болгон бүх нутгийн хэмжээгээр 8 их муж, 16 муж, 70 район ялгасан байдаг. Түүний энэхүү мужлал нь өмнөх Селивановын мужлалын схемийг нарийсгасан, 2 шатлалт мужлалыг 3 шатлалт болгосон, монгол хүн өөрийн орны мужлалыг хийсэн зэрэг давуу талтай юм.


Хэнтийн нурууны тухайд дунд төрмөлийн эриний уул үүслийн үе гол үүрэгтэй гээд хотгор гүдгэрийн орчин үеийн дүр төрх плиоцен-дөрөвдөгчийн үед үндсэндээ бүрэлдэн тогтсон гэжээ. Хэнтийн уулархаг нутгийн дээд эрэмбийн морфоструктур анх мезозойн эринд бүрэлдэж эхэлсэн бөгөөд энэ нь хожмын залуу морфоструктурууд бүрэлдэн тогтоход суурь нь болсон байна. Хэнтийн хөмбөн өргөгдөл нь нэгдүгээр эрэмбийн морфоструктур бөгөөд энэхүү өргөгдөлд Хэнтийн гол нуруунд илүү сайн хадгалагдан үлдсэн эртний тэгширлийн гадарга түгээмэл байдаг ажээ.

Хэнтийн уулархаг нутагт эртний тэгшрэлийн гадаргын таван үндсэн шатлалыг ялгаж, тэдгээр бүх гадарга нэг нь нөгөөдөө шаталсан байдлаар шилжиж буйг тогтоожээ. Хэнтийн уулархаг нутагт тархсан эртний тэгшрэлийн гадаргын хамгийн эртнийхийг дөрөвдөгчийн эхэн үед (2,2- 2,3 сая жилийн өмнө) үүссэн гэж болох бөгөөд энэ нь шинэхэн тектоник идэвхжлийн өмнөхөн үетэй тохирох бол түүнээс доор орших тэгшрэлийн гадаргын дөрвөн шатлал болох 2550-2600, 2200- 2400, 1600-2000 м, 1100-1200 м-ийн өндөртэй гадаргуу тус бүр 400-430 мянган жилийн томхон циклтэй тохирох ажээ. Иймд хамгийн сүүлийн үеийн 1100-1200 м-ийн түвшний гадаргыг 500- 600 мянган жилийн настай гэж тогтоосон байна.

Эртний мөсдлийн судалгаагаар мөсдлийн гаралтай дэнж, илэрцээс ургамлын тоос, эрдэс механик бүрэлдхүүний задлан шинжилгээний дээж материал авснаас гадна тодорхой масштабын зураг, агаарын фото зураг ашиглан хотгор гүдгэрийн талаар урд өмнөхөөс арай дэлгэрэнгүй тодорхойлолтыг өгчээ. Энэ дагуу хотгор гүдгэрийн ерөнхий байдлыг ажиглан эртний мөсдлийн ул мөрөөс өнөөдрийн гадаргад мөсдлийн хунх нэлээд өргөн хэмжээгээр хадгалагдсан болохыг тэмдэглэжээ. Тэхдээ эдгээр хунх ганц нэгээр эсвэл бүлэг байдлаар элбэг тохиолдох бөгөөд мөсдлийн төв болж байсан Хэрхлүүрийн сарьдагт хамгийн олон бүлэг хунх үлдсэн, эдгээр бүлэг хунхын үнэмлэхүй өндөр 2600-2660 м, харин хунхын харьцах өндөр ойролцоогоор 300-гаад м, бараг бүх хунхын ёроолд жижиг нуур тогтсон гэжээ.

Хэнтийн нуруунд М.А. Усов, И.А. Молчанов нар хоёр мөсдөл болсон тухай бичиж Э.М.Мурзаев В.А.Обручев нар мөн хоёр мөсдөл байсан болов уу? гэсэн таамаг дэвшүүлсэн бол Ш. Цэгмид (1948) Хэнтийн нурууны төв хэсэгт судалгаа явуулж нэг удаагийн мөсдөл болсон гэж үзсэн байдаг. Харин С.Жигж Заан, Тэрэлж, Туул, Шороот зэрэг голуудын эх болох Хэнтийн нурууны эртний мөсдөлийн төв байсан гол газруудаар явж эцсийн морены хурдас, хунх, мөсдлийн гаралтай дэнж зэрэг гадаргын хэлбэрийг судалж, энд эцсийн морены хурдас Хэрхлүүрийн голын адаг, ХагХонгорын гол зэрэг газруудаар 1720-1790 м өндөрт тархаж харин хоёр дахь морены хурдас тааралдахгүй байгааг тэмдэглэжээ. Түүнчлэн хунхийн шаталсан байдал, тэвшин хөндий, морены шатлалт, хажуугийн морены тархалт зэргийг үзэхэд хоёр удаагийн мөсдөл болсон ул мөр гэхээр юмгүй учир зөвхөн ганц удаагийн хагас бүрхүүлийн байдалтай уулын хөндийн мөсдөл болсон тухай өгүүлэх нь зөв гэж үзсэн байна. Энэ нь академич Ш.Цэгмидийн дүгнэлтийг баталгаажуулсан хэрэг юм.

“Эртний мөсдөл, мөсөн голын тухай товч тодорхойлолт” товхимолд монгол оронд тархсан эртний болон өнөөгийн мөсөн голуудын талаар дэлгэрэнгүй бичиглэл үйлдсэн байдаг. Тэрээр монгол оронд тархсан мөсдлийн талаар явуулсан судалгааны түүхэн баримтаас үзэхэд уул нуруудын төвд мөсдөл бүрхүүл байдалтай биш, харин уулын хөндийн хагас бүрхүүл мөсдөл зонхилж байсан нь илэрхий бөгөөд шинэхэн тектоник хөдөлгөөний нөлөөгөөр уулт тогтолцоонууд ихээхэн өндөрт өргөгдсөнөөс уул нурууд мөсдөх болсон гэж үзэж болох юм. Тэгэхдээ уулсын өндрийн ерөнхий байдалтай уялдан тус орны хамгийн өндөр газар Алтайн уулсад мөсдлийн тархалт, давталт, зузаан бусад нутгаас их бөгөөд харин нутгийн баруунаас зүүн тийш үнэмлэхүй өндөр намсахад мөсдлийн тархалт, давталтын тоо багасдаг онцлогтой гэжээ. Дөрөвдөгч галавт монгол орны нийт нутагт болж өнгөрсөн мөсдлийн давталтын тоог авч үзвэл бүх нутагт 1-3 удаа мөсдөл болсноос эхнийх нь доод плейстоценд, харин хоёрдахь нь дээд плейстоценд насаар тохирох бөгөөд тэр үед монголын бүх уулт тогтолцооны төвийн өндөр хэсэгт мөсдөж байсан гэж үзэж болно. Г.В.Николаева, В.В.Шувалов нар говийн Алтайн алтан химэрлэг хурдсаас олдсон амьтны үлдэгдлийг үндэс болгон тэндэх мөсдлийг дээд плейстоценд хамруулсныг дурьдаад С.Жигж Хангайн уулсын мөсдөл дээд плейстоценд 2 удаа, Хэнтийн уулсын төвд мөн дээд плейстоценд нэг удаа тус тус мөсдөж байсан гэдэг дүгнэлт хийсэн байдаг.

С.Жигж инженер газарзүйн судалгааг үндэслэж, уг асуудлын хүрээнд олон жилийн цэвдэгт ул хөрс, гадаргын налуу, гадаргын хэрчигдлийн шигүү, хотгор гүдгэрийг газар тариалан, мал аж ахуй, зам тээвэрт харгалзах нь, ландшафтыг аж ахуйд харгалзах нь, нефть, байгалийн хийг эрж хайхад газарзүйн судалгаа чухал болох нь, барилга байгууламжийн ажилд газарзүйн нөхцлийг харгалзах нь, хөрсийг усны ба салхины эвдрэлээс хамгаалах газарзүйн нөхцөл зэргийг авч үзжээ.

Эдгээрээс гадаргын байдлыг бүрэн харуулсан морфометрийн зургуудыг (гадаргын налуу, хэрчигдлийн шигүү, гүний хэрчигдэл) зохиож аж ахуйн олон салбарт зохицуулан ашиглах, улс ардын аж ахуйн хэтийн төлөвлөлт зохиох, байгалийн мужлалт үйлдэх, тухайн нутгийг хөдөө аж ахуй, зам хайгуулын ба барилга байгууламжийн ажилд чухлаар шаардагдах болохыг тэмдэглэсэн байна. Энэ дагуу морфометрийн зургуудыг зохиох аргачлалыг боловсруулж нэвтрүүлжээ. Гадаргын налуугийн шатлалыг боловсруулахдаа өөрийн орны эх газарлаг шинж, уулархаг байдал, аж ахуйн хэрэгцээ шаардлагыг харгалзан мөн лавлах бичгийг үндэс болгож 20°-аас их, 12° -20°, 6°—12°, 3°-6°, 3°- аас бага налуу гэж үндсэнд нь 5 ангиллыг гаргасан байна.

3 -аас бага налуутай гадарга аж ахуйн бүх төрөлд нэн тохиромжтой, 3° — 6°-ын налуу гадарга дээр нисэх онгоцны буудлаас бусад барилга байгууламжийн бүх төрлийг байршуулж болох, 5°-6°-ын налууд хөдөө аж ахуйн болон авто машины бүтээмж ойролцоогоор 5% буурах, 6°—12°-ын налуу гадарга газар тариалан, аж ахуйн зарим салбарт тохиромжоор муу, хөдөө аж ахуйн машины ажлын бүтээмж 10-15%-иар буурах, 12°—20°-ын налуу гадарга бүх төрлийн машин ашиглалт муудаж шатахууны зардал ихэсч бүтээмж нь буурах, 20°-аас дээш хэвгийд зөвхөн малын бэлчээрт ашиглах бололцоотой зэрэг нөхцлүүдийг дурьджээ. Хэрчигдлийн шигүү нь гадаргын бартааны байдлыг гаргаж байгаа болохоор хөдөлмөрийн бүтээмж, хөдөө аж ахуйн болон авто машины ашиглалт, бүтээгдэхүүний өөрийн өртөгт шууд нөлөөлөх байгалийн хүчин зүйлд тооцогдоно. Зохиогч уг зургийг зэргэлдээ орших хоёр хэрчигдлийн (гуу, жалга, сайр зэрэг идэгдэл) хоорондын дундаж зайг километрээр гаргаж тооцсон буюу талбайг идэгдлийн уртад харьцуулан гаргасан байдаг. Түүний ангиллыг боловсруулахдаа тус орны гадаргын уулархаг байдал, голын сулжээний нягтшил, хур тундасны их багыг харгалзжээ. Энэ зургийг төлөвлөгөөний ажилд тухайлбал үйлдвэрлэх хүчний байршилтыг боловсруулахад ашиглаж болохоос гадна, газар тариалангийн үйлдвэрлэл, зам хайгуулын ажил, хот суурин барих, машин ашиглалтын нормчлол тогтоох зэрэг зүйлд зохицуулан ашиглаж болохыг дурдсан байна.

С.Жигж байгаль орчныг хамгаалах шинжлэх ухааны үндэслэл боловсруулах чиглэлээр өргөн хүрээнд ажиллаж байгаль хамгаалах эрхзүйн үндсийг бүрдүүлэх, олон түмэнд хүргэх, сурталчлах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, газар нутгийг хамгаалах, зохистой ашиглах, доройтлоос сэргийлэх, нөхөн сэргээх зэрэг практик ажлуудыг зохион байгуулахаас гадна байгаль ашиглалтын шинжлэх ухааны зарчмыг тодорхойлох, хүрээлэн буй орчныг хамгаалах, байгаль хамгааллын үйл ажиллагааны удирдлагын системийг боловсронгуй онолын үндэслэлийг боловсруулжээ Уг судалгааны ажилдаа байгальд үзүүлэх аж ахуйн нөлөөллийн газарзүйн хэвшинжүүдийг цэг маягийн, голомт маягийн, шугам-торын, талбайн, эзэлхүүнлэг гэж ангилсан, мөн аж ахуйн нөлөөллийн хэвшинжийн мужлалт боловсруулсны зэрэгцээ янз бүрийн хэвшинжийн геосистемүүд нөлөөлөлд хир тогтвортойг задлан шинжилж геосистемийн хувирлын коэффициентийг боловсруулжээ. Байгалийн нөөц баялагийн ашиглалт, байгаль орчны байдлын цаашдын төлөвийг задлан шинжилж прогноз хийх норматив аргачлалыг боловсруулсан бөгөөд энэ нь байгалийн нөөц ашиглахын үр ашгийг болон байгаль орчны бохирдолтын байж болох хязгаарын нормыг тогтооход үндэслэсэн ажээ. Түүнчлэн үр ашигтай байгаль ашиглалтыг зохион байгуулах явдалд баримтлах геосистемийн зарчмууд, геоэкологийн хандлагыг хөгжүүлэн экологи, эдийн засгийн мужлалтын түвшингүүдийг ялган тогтоох зарчмыг боловсруулжээ. Байгаль ашиглалтын үр ашигтай системийг шинжлэх ухааны үүднээс үндэслэхийн тулд “Аж ахуй -удирдлага-байгаль” гэсэн систем дэх бодит шүтэлцээнүүдийг тусгасан удирдлагын загварыг санал болгосон байдаг.

С.Жигжийн хувьд сансрын техникийг газарзүйн судалгаанд ашиглах асуудлаар өөрийн саналыг дэвшүүлж, “Сансрын газарзүй” нэртэй товхимол бичиж хэвлүүлснээс гадна эрдэм шинжилгээний өгүүлэл ч бичсэн байдаг. Эдгээрт сансраас авсан гэрэл зургийг хотгор гүдгэр, ландшафт, хөрсөн бүрхэвч, ургамал нөмрөг, ой, ус зүйн сүлжээ зэргийг судлахад ашиглах бүрэн боломжтойг дурьдаад сансрын техникээр байгалийн нөөцийг илрүүлэх талаар явуулж буй судалгаа нь аливаа нутгийн газарзүйн иж бүрэн тодорхойлолт гаргах, байгаль орчныг хамгаалах асуудалд ихээхэн түлхэц болж байна гэдгийг цохон тэмдэглэжээ. Тэрээр энэ бүхнээс үндэслэн сансрын газарзүй хэмээх шинэ салбар ухаан бол зөвхөн эхлэн хөгжих анхныхаа шатан дээр байна гээд цаашдын хөгжилд сансрын спектрометрийн судалгаа онцгой ирээдүйтэй бөгөөд газрын баялгийг иж бүрэн судлахад олон бүсчлэлийн зураг авах аргыг өргөн хэрэглэх болно гэжээ. Энэ бүхэн бол өнөөдөр “Зайнаас тандан судлал” нэртэй хөгжих болсон шинжлэх ухааны шинэ салбар, судалгааны шинэ аргын тухай анхны санааг гаргаж байжээ.

Энэ бүхнээс үзвэл С.Жигж бол Монгол орны геоморфологийн судалгаанд их хувь нэмэр оруулсан, инженер газарзүй, байгаль ашиглалтын газарзүй, сансрын газарзүй зэрэг газарзүйн шинжлэх ухааны шинэ чиглэлүүдийг үндэслэгч эрдэмтэн юм.

Проф. Д.Даш

Доктор Б.Энхцэцэг