МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Эрдэмтний индэр

ГАЗАРЗҮЙЧ ТҮДЭВИЙН БААСАН

Мөнгөө овогт Түдэвийн Баасан 1944 онд Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Сайрын халз гэдэг газар төржээ. 1966 онд Монгол Улсын Их Сургуулийн Газарзүйн ангийг газарзүйч мэргэжлээр төгсөж, 1966-1969 онд хөдөө орон нутагт дунд сургуулийн багш, 1969- 1973 онд Баянхонгор аймгийн Геологийн удирдах газарт техник геологич, ангийн дарга, инженер геологичоор, 1974-1991 онд Монгол Улсын ПГУА.-ийн Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч, дэд, ахлах ажилтнаар тус тус дэвшин ажиллаж байгаад 1992 оноос “Мон-Говь” ХХК- ийг байгуулан ажиллах болжээ.

Т.Баасан Монгол орны говь, цөлийн судалгаанд багагүй хувь нэмэр оруулсан судлаач байсан юм. Тэрээр Газарзүйн хүрээлэнгээс зохион явуулсан “Говь-81-85” экспедицийг удирдаж, “Монгол орны говийн бүсийн элсний тархалт, морфологи хэв шинж”, “Говийн бүсийн литоэдаф хэв шинжийн” зургууд зохиож тайлбар, зөвлөмжийн хамт үйлдвэрлэлд шилжүүлсэний зэрэгцээ “Говь- Алтай аймгийн Хөхморьт сумын төвийг элсний нүүлт, даралтаас хамгаалах”, “Дорнод аймгийн ус цэвэрлэх байгууламжид эх орны түүхий эд ашиглах зөвлөмж” (бусадтай хамтарч) зэргийг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.

Т.Баасан ШУА-ийн шугамаар Туркмены эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлсэн “Монголын гандуу бүс нутгийн цөлжилтийн үйл явцыг судалж зураглах, гандуу нутгийн экосистемийг хамгаалах арга хэмжээ боловсруулах” сэдвийн хүрээнд 1986-1990 онуудад Монгол орны гандуу нутагт судалгаа хийж улмаар цөлжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт боловсруулан зураг (М1:2500000) зохиоход оролцжээ. Энэ завсар Туркмен улсын Цөл судлалын хүрээлэнд 4 удаа очиж цөлжилтийн судалгааны арга зүй эзэмших, зураг зохиох, материал боловсруулах чиглэлээр ажилласан байна.

Эдгээр судалгааны үр дүн нь Т.Баасангийн нийтлүүлсэн “Монгол орны элс”(1991, 2003), Aeolian sands of Mongolia. (2004), “Монголын говь” (2006), “Чингисийн далан гэж юу вэ” (2006), “Баянхонгор аймгийн газар усны нэрийн бага нэвтэрхий толь” (2006), “Монголын эрхэм дээд Богд уулс” (2008) зэрэг нэг сэдэвт зохиол, “Гуу жалгын үүсэл хөгжил, түүнийг жолоодох арга зам” (1978), “Үл анзаарагдах үнэт баялаг” (1984), “Хөдөлгөөнт элсийг бэхжүүлэх арга” (1988), “Говь цөлийн нэр томъёоны англи-монгол-орос толь” (2006) зэрэг бүтээлүүдэд нь олны хүртээл болсон байна. Эдгээрээс гадна Монгол Улсын Үндэсний атлас, Монголын Нэвтэрхий толь зохиоход оролцож, эрдэм шинжилгээний 20 гаруй өгүүлэл бичиж дотоод, гадаадын хэвлэлд нийтлүүлжээ.

Эдгээрээс “Монгол орны элс” нэг сэдэвт бүтээлийг онцлох хэрэгтэй. Уг бүтээлийн 1 дүгээр бүлэгт монгол орны салхин гаралт элсний элэгдэл-хуримтлалын хотгор гүдгэрийн хэлбэрийн ангилалыг авч үзжээ. Тэрээр салхин гаралт элсийг элсэн хуримтлалын анхдагч жижиг хэлбэр, завсрын хэлбэр, том хэлбэр гэж хуваан түүндээ элсэн долгиолсоос цац суварган сэвхүүл хүртэлх бүхий л хэлбэрүүдийн тодорхойлолтыг өгчээ. Бүтээлийн 2 дугаар бүлэгт салхин гаралт элсний тархалт, талбай, мужлалыг, 3 дугаар бүлэгт салхин гаралт элсний зарим шинж чанарыг, 4 дүгээр бүлэгт элсний ургамлыг, 5 дугаар бүлэгт элсний аж ахуйн ач хол богдлыг, 6 дугаар бүлэгт хөдөлгөөнт элсийг бэхжүүлэх аргыг авч үзсэн байна. Иймд энэхүү бүтээлд дурьдагдсан монгол орны говийн бүсийн элсний гарал үүсэл, морфологи хэв шинж, тархалтын зүй тогтлыг судалсан, элсний талбайг нарийвчлан тодорхойсон, мужлал үйлдсэн зэрэг судалгааны үр дүн нь монгол орны физик газарзүй, геоморфологийн судалгаанд томоохон хувь нэмэр болсон билээ.

Мөн түүний бас нэг сонирхолтой бүтээл бол “Монголын говь” нэртэй ном болно. Энэ бүтээлд говь гэж юу вэ, түүний зах хязгаар, говийн бүсийн байгалийн ерөнхий терх, говь, цөлийн литоэдаф хэв шинж, говь гэдэг нь ямар гайхамшигт нутаг болохыг тодорхойлж, Монголд хэдэн говь байдаг тухай, Монголын говиудыг аймгаар ялгасан жагсаалт, говиудын газарзүйн товч тодорхойлолтыг өгч, цөлжилт, түүнийг үнэлэх, гандуу нутгийн экосистемийг хамгаалах асуудлыг авч үзсэн. Зохиогч энэхүү бүтээлдээ хэн бүхний ярьж заншсан 33 говийн тухай биш 377 говийн талаар өгүүлж түүний байршил, товч тодорхойлтыг өгсөн нь газарзүйч, байгаль судлаач төдийгүй өргөн олон уншигчдад нутаг орноо танин мэдэхэд чухал хэрэгтэй, гарын авлага болохуйц бүтээл болжээ.

Иймд Т.Баасангийн туурвисан говь, цөлийн судалгаатай холбоотой бүтээлүүд, лекцийн эмхэтгэлүүд, газрын зургууд, түүнд дурьдсан онолын дүгнэлт, аргазүйн зөвлөмжүүд нь байгаль судлаач оюутан, залуус, эх орны байгалийг хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж яваа хэн боловч мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд ашиглах боломжтой, мэдээлэл арвин байдгаараа онцлог юм.

Миний хувьд Т.Баасан гуайтай 10 гаруй жил хамт нэг өрөөнд ажиллаж, үг сургаалийг нь сонсож, оюутан ахуйд “Ерөнхий геоморфологи”-ийн хичээл заалгаж, хээр хөдөө судалгаанд хамтдаа оролцож явсан нэгэн билээ. Бид 1981 онд 70 хоног, 1982 онд 60 хоног, 1986, 1987 онд 30 хоног монголын говь нутгаар хамтдаа явж хээрийн судалгааны арга барилаас чамгүй зүйлийг суралцсан гэж боддог. Иймд энэ хүний шинжлэх ухаанд зүтгэсэн он жилүүд, нягт нямбай ажиллагаа, аливаад тууштай чанар, бүтээж туурвисан зүйлүүд, хойч үедээ үлдээсэн үнэт өвийг бишрэн хүндэтгэж явдаг юм. Газарзүйч Т.Баасан бол эрдмийн зэрэг хамгаалаагүй ч эрдэмтэн хүн байлаа. Тэрээр монголын газарзүйн шинжлэх ухаанд их хувь нэмэр оруулсан гавьяатай.

Нэг дурсамж дурьдахад 2000 онд миний бие “Монгол орны ландшафт-экологийн зарим асуудлууд” нэртэй бүтээлийн эмхэтгэл гаргаж дээжээс нь Т.Баасан гуайд "...Таныг дагаж явсан он жилүүд бас ч хий дэмий өнгөрөөгүй бололтой” гэж бичээд гардуулахад нүүрэнд нь инээмсэглэл тодроод их баярлаж байж билээ. Т.Баасан гуай өөрийн тухай бичихдээ бусдад үзүүлэх нэг ч хавтасгүй, энгэртээ гялайлгах ганц ч тэмдэггүй ичмээр дамшиг гэдэг бөгөөд бахархууштай нь элдэв зэм, ял гэмгүй өөрийгөө болгоод, бусдад саад тээр болохгүй гэдэг зарчмаар олноос жаахан хөндий явсан хүн л дээ. Нас ахиад хүний мөрөөсөл болдог байх, хааяа утасдаад чи нэг ирж хуучлаач гэдэг байв. Нэг удаа гэрт нь очоод Баасан гуайтай ярилцаж байхдаа таны 70 насны ойгоор “Байгаль орчны тэргүүний ажилтан” болгох асууцлыг хөөцөлдөж өгье гээд амалчихав. Тэгээд Геоэкологийн хүрээлэнгээс тодорхойлолт гаргаж албан бичигтэй хүргүүлж байсан. 2015 оны эхээр байх, нэг өдөр Баасан гуай утасдаад БОАЖЯ- наас нэг залуу ирээд “Байгаль орчны тэргүүний ажилтан” тэмдэг, үнэмлэх гардуулаад явлаа, чамд баярлалаа гэж байж билээ.