МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Эрдэмтний индэр

Монгол улсын гавьяат багш Шаравын Оюун

Газарзүйн хичээл орон нутгаа судлахаас эхэлнэ...


Монгол улсын гавьяат багш Шаравнямбуугийн Оюун нь 1949 онд төрсөн. 1971 онд УБДС-ийг түүх-газарзүйн багш мэргэжлээр төгссөн.

Тэрээр ажиглалт, туршилт хийж, шинжлэн судлах арга барилд тулгуурлан орон нутгаа судлах явцад мэдлэг бүтээх үйл ажиллагаанд сурагчдыг хөтлөн бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлж, сургалтын таатай орчин бүрдүүлэн газарзүйн сургалтын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ.


Газарзүйн хичээлээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газарзүйн байрлал, гадарга ашигт малтмал, уур амьсгал, ус, хөрс, ургамал амьтны аймгийг цогцоор нь судалж, судалгааны үр дүнд үндэслэн газарзүйн иж бүрэн кабинет байгуулж, сургалтад ашиглаж байгаа нь улсын хэмжээний тэргүүн туршлага болсон юм.


Экскурс хичээлээр 4 сүм хийдийн туурь, Хүрэл зэвсгийн үеийн түүхэнд холбогдох булшнууд, эртний хүний бууц, суурин олж, мэргэжлийн байгууллагын хамгаалалтад оруулсан байна.


Түүний 6 бүтээл ШБОС-ын гэрчилгээ авч, туршлагаар нь теле кино 2, дэлгэцийн кино журнал 1 бүтээгджээ. Тэр "Ерөнхий физик газарзүй" ІХ ангийн сурах бичиг, "ЕБС- ийн газарзүйн сургалтын технологийг боловсронгуй болгох арга зүйн асуудалд" зэрэг ном, гарын авлага, зөвлөмж бичсэн байна.


Одоо ч залуу багш нарт үлгэр дууриал үзүүлж олон сайн үйлсийг санаачлан хийж байгаагаас дурдвал:

"Цэцэрлэгжүүлэгчдийн клуб" ажиллуулж байна.

Сумынхаа газар ашиглалт болон бэлчээрийн зураглал хийсэн.

10000га талбайд ойн нөхөн сэргээлт хийсэн.

Уулбаян суманд 5га, Дарьганга сумын нутаг Ганга нуурын орчим 5га, Онгон суманд 3 га талбайд ойжуулалт хийжээ.

Түмэнцогт суманд 2га талбайд цэцэрлэгжүүлэлт хийсэн.

Дарьганга суманд 1га талбайд мод үржүүлгийн талбай байгуулан ажиллаж байна. Мод үржүүлгийн талбай нь жилдээ 5-10 мянган суулгац бэлтгэх хүчин чадалтай.

НҮБ болон МУБИС-тай хамтарсан "Цөлийн цэцэрлэг" төслийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсон байна.


Сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаараар Монгол улсын гавьяат багш Ш.Оюуны ажлын арвин туршлагаас та бүхэнтэй хуваалцая.


Газарзүйн багш гэдэг энэхүү эрхэм мэргэжлийг сонгох болсон тухайгаа хуучлаач?


Миний төрж өссөн нутаг маань дов толгод элсэн манх, хужир мараа, дэрстэй их хөндий зэрэг газарзүйн янз бүрийн гадарга  бүхий нутаг л даа. Энэ бүхнийг хараад яагаад ийм олон янзын тогтоц үүсдэг болохыг их гайхан сонирхдог байлаа. Гэтэл 8 нас хүрч сургуульд орох болсноор бага ч гэсэн энэхүү зүй тогтолыг ойлгох болж ирснээр газар орны тухай сонирхож Газарзүйн багш Сүхбаатар, Дуваа зэрэг багш нараасаа суралцан тэднээрээ бахархаж явсаар энэхүү мэргэжлийг нэлээн даваа давж олж авсан даа. Үүний учир намайг 10 дугаар анги төгсөхөд Газарзүйн багшийн хуваарь манай аймагт ирээгүй юм. Тэгээд УБДС-ийн Түүхийн ангийн хуваарь авч очоод солиулах гэсэн боловч надад хэн сольж өгөх билээ дээ. Ингээд Түүх, газарзүйн багшийн ангийг 1971 онд төгсөж Түмэнцогт суманд Түүхийн багшийн орон тоон дээр ажиллаж байтал манай суманд зөвхөн түүх заадаг багш ирж би газарзүйн хичээл заах завшаан 1978 онд олдсон юм.


Багшийн гараагаа эхэлж байсан үеэ дурсвал сонин сайхан байхдаа?


Багшийн талаар тодорхой дадлага муутай боловч өөрийгөө багш гэж бодохоос цаашгүй л хүн. Хүүхэд бүрийг онолын өндөр мэдлэгтэй болгох ёстой гэж үзэж нилээд үзэлцсэн дээ. Гэтэл эцэг эх, ахмад багш нараас шүүмж зэмлэл хүртэж, Хүүхэд нэг бүртэй ажиллах нарийн ажиллагаа хэрэгтэй юм. Хүүхэд бүр адилгүй тэдний сонирхол ч өөр гэдгийг мэдэж, ажиллах ёстой юм байна гэж амьдралаас суралцаж эхэлсэн дээ.


Та "Монгол улсын гавьяат багш" гэдэг эрхэм алдрыг хүртсэн. Таны ажлыг үнэлсэн энэхүү үнэлэмжийнхээ тухай ярина уу?


Миний хувьд өндөр шагнал авна гэж бодож байгаагүй юм шиг санагдана. Аав, ээжийн сургаал "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг юм шүү энэ их өндөр цалинг бага ажиллаж авч болдоггүй юм. Бага ажиллаж авсан юм, юм болохгүй л гэдэг байлаа. Тухайн үед 5 жилд аймгийн боловсролын хэлтэс, Ардын боловсролын яам, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Сурганы хүрээлэн зэрэг газрууд 3-4 удаа шалгадаг. Шалгалтын хүмүүс цөм мундаг заах аргачид эрдэмтэд байлаа. Тэндээс их зүйлийг сурч авахын зэрэгцээ шалгалтад муу дүн авч болохгүйн учир ажилладаг байв.


Анх 1985 онд аймгийн боловсролын газраас "Гавьяат багш"-д тодорхойлсон юм билээ. Төвөөс хүмүүс ирж 3 ангиас шалгалт авч эцэг эх, багш нар, сурагчид, сумын дарга нараас санал асуулга авсан юм. Гэтэл наадмаас өмнөхөн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнаж, дараа нь 1991 онд дахин шалгалт болж байж л энэхүү шагналыг өгсөн дөө. Нэг өдөр хичээлээ заагаад зогсож байтал тухайн үед хүрээлэнд ажиллаж байсан Дорж утсаар та яагаад хичээл заагаад тэнд зогсож байдаг билээ. Энд танд өндөр шагнал өгөх гэж байхад гээд чигтэйхэн баярласан ярьж билээ. Тэд хүний төлөө тэгж л үнэн санаанаасаа ажилладаг байж дээ.


Залуу багш нар, газарзүйн мэргэжил эзэмшихээр суралцаж буй оюутнуудад өөрийн туршлагаас хуваалцаж зөвлөгөө өгөөч?


Хуваалцаад байх туршлага гэх юу байх билээ. Орчин үе гэдэг чинь бүх юм бэлэн хичээл явуулна гэдэг чинь кино шиг л сонирхолтой хийж болохоор болж шүү дээ. Орчин үеэ дагаад хүүхдийн сэтгэхүй ч өндөр хөгжсөн байна. Хүн өөрийн хийж буй ажилдаа сэтгэлээ өгч, орчин үеэ мэдэрч, түүндээ арга барилаа тохируулж чадвал яаж ч ажиллаж болно доо.


Таны сургалтын гол аргуудын нэг бол орон нутгаа судлах. Орон нутгийн хөрс, ургамлаа судлахын ач холбогдол юунд байдаг вэ?


Газарзүй гэдэг байгалийн үзэгдэл юмс, байгалийн олон янз байдал, дэлхийн нутаг орны орон зайн төсөөлөл, хими физикийн үзэгдэл зэрэг бүгдийн цогц цөм биз дээ.

Мэддэгээс мэддэггүй рүү, ойроос хол руу гэдэг дидактик зарчим нь орон нутаг судлал юм даа. Хөл дор байгаа газар шороо, ургамал, чулуу бидэнд байнга мэдрэгдэж байгаа байгалийн үзэгдлүүд, уул толгод цөм л дээрхитэй хамаатай гэж үздэг учраас л орон нутгаа системтэй судлах нь газарзүй судлах эх үндэс хэмээдэг.

Орон нутаг судлах талаар манай хосгүй аргазүйч, судлаач Г.Батсүх, Ш.Шагдар зэрэг Ардын багш нар нүдэнд үзэгдэж гарт баригдтал онол аргазүйг судалж, боловсруулж, бичиж нийтийн хүртээл болгосныг хүн бүхэн мэднэ.


Сүүлийн жилүүдэд хүүхэд нэг бүрийн авьяасыг хөгжүүлэх тухай их яригдаж байна. Газарзүйн багш хүн ямар үүрэг хүлээх вэ?


Ер нь багшийн ажил гэдэг маань хүүхэд нэг бүрийг бүх талаар хөгжүүлэх асуудал гэж үзэж байна. Газарзүйн багшийн нэг онцлог бол хүүхдийг байгаль орчинтой нь холбож хөгжүүлэхэд анхаарах нь чухал юм шиг санагддаг. Эндээс шавь нар маань шинжлэн судлах, аливаа зүйлийг ургуулан сэтгэх, зураг дүрслэл, дуу шүлэг зохиох, өөрийн дуртай мэргэжлээ сонгох гэх мэт төрөл бүрийн чиглэлээр авьяас нь хөгжих боломжтой. Үүнд хааш нь залах вэ гэдэг нь багшийн ур чадвараас шалтгаална.


Газарзүйн шинжлэх ухааны нэрт эрдэмтдийг нэрлэн тоочвол хамгийн түрүүндхэн хэнийг дурсах вэ? Багшийнхаа тухай дурсаач?


Би ч орчин үеийн залуу эрдэмтдийн талаар сайн мэдэхгүй байна. Манай газарзүйн талын нэрт эрдэмтэд Ш.Цэгмид, Б.Гунгаадаш, Д.Доржготов нараас гадна багш нараас Г. Батсүх, Ш.Шагдар, З.Махмин нар УБДС-д байхад хичээл зааж дараа нь БНМДИ гэж багшийг бүх талаар нь боловсруулж өгдөг газар байлаа. Эдгээр хүмүүсийг ажил мэргэжилдээ жинхэнэ зүрх сэтгэлээ өгсөн хүмүүс гэж боддог.

Дээрхи мундагцуулаас гадна Газарзүй талаасаа Е.Батчулуун, Г.Содномваанчиг нар энд ажиллаж олон арван сурах бичиг, зөвлөмж, гарын авлага бэлдэж өгдөг байв. Энэ бүгдээс л суралцах гэж хирэндээ хичээж ажиллаж байв.

Орчин үед доктор, профессор Е.Батчулуун багш өөрийн шавь нар болон газарзүйн тэнхмийнхээ хэдэн багшийн хамт газарзүйн боловсролын төлөө зүтгэж яваа юм уу даа гэж сэтгэлдээ хүндэтгэж явна.


Таны шавь нар тоолохын аргагүй олон биз дээ заримаас нь дурьдвал?


Hacaapaa л хөдөөгийн хөдөөд ажиллаж амьдралаа өнгөрөөж байна. Соёл иргэншлээс хол өөрийгөө болон шавь нараа хэдийхэн л хөгжүүлж чадав гэж өөрийгөө голж суудаг юм. Ажиллах хугацаандаа 3000 гаруй шавь надаар хичээл заалгасан байх. Найман анги дааж төгсөгсөн. Эндээс доктор цолтой арав орчим эрдэмтэд Жишээ нь: Улсын ОБЕГ-ын Ц.Ганзориг, Н.Батсайхан, томоохон бизнесмэн хэд хэдэн хүүхэд байна. Жишээ нь "МОННИС" группын хэдэн захирлууд. Мэргэжлийн чиглэлээр 100 гаруй хүн ажиллаж байна. Улс төрийн чиглэлээр нэг их дээш гарсан хүн бараг байхгүй юм шиг.


Орчин үед байгаль орчны асуудал их гарах боллоо. Энэ асуудалд газарзүйн мэргэжлийн хүмүүс, ялангуяа газарзүйн багш ямар үүрэг оролцоотой байх талаар таны бодол.


Уур амьсгалын өөрчлөлт үүнтэй холбоотой цөлжилт гэдэг асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байх болж байгаа өнөө үед газарзүйн мэргэжлийн багшийн өмнө асар их үүрэг хариуцлага оногдоно.

Байгалийн элдэв доройтолд хүний оролцоо их. Хүүхдийг бүр багаас нь байгалиа хайрлан хамгаалдаг үзэл бодолтой болгох нь чухал гэж боддог. Багаасаа олж авсан хүмүүжил хүнд насан туршийн өв болдог гэж үздэг шүү дээ. Иймд энэ үзэл бодол төлөвшүүлэхэд сургалтын гол асуудлыг чиглүүлэх нь чухал юм. 

Багш нарыг хараад байхад амьдралаас хол хөндий бүр холын зүйл заагаад байх шиг санагддаг. Хичээлийг орчин зүйтэйгээ холбож өөрсдөөр нь асуудлын голыг олж мэдлэг, чадварыг яс маханд нь шингээж өгмөөр байна.

Хүн бүр байгалиа хамгаалж элдэв хог хаягдлаа хямгадаж, хэрэглээндээ анхаарч сурвал, үр хүүхдээ зөв чиглүүлж чадвал, ажил үйлчилгээгээ байгальд хоргүйгээр хөтлөн явуулж сурвал маш чухал юм.

Ер нь хүний идэвх, санаачилга багадахгүй хамгийн өчүүхэн зүйлээс л эхэлнэ дээ. Жишээ нь: Шаардлагагүй зүйлд гэрэл цахилгаан хэрэглэхгүй байхад л ..., хүн өдөр бүр шүдээ 5 л усаар биш 200 грамм усаар угаах гэх мэт. Хүн бүр жилд ганц мод тарьж ургуулах гээд их ажил шаардахгүй л зүйл дээ.


Та анхны орон нутаг судлах кабинет байгуулж байсан. Энэ талаараа ярьж өгөөч. Залуу багш нарт их сургамжтай юм даа.


Эрдэмтэн судлаачид болон нэрт сурган хүмүүжүүлэгчдийн зохиол бүтээл, зөвлөмжийг уншиж байхад сургалтын кабинетыг гарын доорхи материалаар баяжуулж байнгын хэрэглээ байх талаас нь зохион байгуулахыг чухалд үзсэн байдаг л даа.

Кабинетыг хүүхдүүд өөрсдөө л байгуулдаг шүү дээ. Харин тэдний санаачилга, бүтээлч үйлийг багш өдөөж чадсан байх ёстой юм болов уу даа.

Ялангуяа орон нутаг судлах кабинет байгуулна гэдэг бол хүүхдүүдийн оролцоо маш чухал. Жишээ нь: Эрдэс чулуулгийн дээжийг кабинетад байрлуулах, дээжийн цуглуулга хийх, судалгааны материал болгоход хүүхдүүд маань л бараг ихэнхийг цуглуулдаг. Бүр сүүлдээ багтах аргагүй их материалтай болдог. Өөрсдийн болон ах, эгч, аав ээжийнх нь цуглуулсан олдворууд гээд цуглачихдаг. Тэр нь маш сонирхолтой бөгөөд хүн бүр элдэв цуглуулга хийх хүсэлтэй болохоос гадна эрэн сурвалжлах, ажиглах, дэлгэрүүлэн судлах сонирхол бий болдог.

Манай нутагт 30 гаруй төрлийн эрдэс чулуулгатай гэсэн судалгаа бий, түүний 50 шахам хувийг хүүхдүүд, эцэг эхчүүд цуглуулсан. Зөвхөн орон нутаг биш Монгол орны өнцөг булан төдийгүй гадаадаас ч олж ирдэг. Манай нэг шавь Унгар улсад сургуульд сурч байхдаа "Алтны ордын дээж" гээд авчирч байлаа.

Ийнхүү эрэн сурвалжлах явцад манай нутгийн "Бүргэд ухаа” гэдэг газарт чулуун нүүрсний илэрц олдож судалгаа хийгдсэн гэх мэт. Нэгэн геологич манай кабинетад орж ирээд: "Чулуулгийн дээжийг ингээд сайхан бэлдэц болгоод тавьчихад гоё харагддаг юм байна шүү дээ" гэж байсан. Ганц эрдэс чулуу ч биш, байгаль цаг уурын элдэв үзэгдлүүд, газрын сонин тогтоц, булаг, шанд, нуур, ургамал, амьтан зэрэг авч ирж болохгүй зүйлээ хүртэл фото зургаар авч кабинетад тавьж нийтийн хүртээл болгоно. Өөрсдөө ч түүнийхээ талаар ном материал ашиглан мэдлэгээ ахиулах, судалгаа хийх зэрэг бүтээлч үйл болдог. Орчин үед гар утасны бичлэг хийгээд ирж болох юм.

Ep нь орон нутгийн материалыг сургалтанд ашиглах гэдэг нь тухайн цуглуулгын тухай өргөн мэдлэг шаардана. Жишээ нь ургамлыг авч үзье Багш эхлээд ямар ургамлыг хаанаас цуглуулах вэ гэж газраа сонгосон байх шаардлагатай. Учир нь ургамал гэдэг нь навч цэцэг, иш, үндэс гэх мэт бүх эрхтэн байж сая ургамал болно. Ургамал бүр харилцан адилгүй вегатацийн үетэй тул тодорхой календарь хийх хэрэгтэй болно. Цуглуулсан ургамлаа ямар ургамал болох тухай олон улсын болон орон нутаг, ардын нэршлийг мэдэх, ямар зориулалтаар хэдийд ашиглаж болох (эмчилгээнд, хүнсэнд, малын тэжээлд) зөвхөн малд гэхэд л зарим ургамлыг ямаа, тэмээ, үхэр, хонь, адуу аль улиралд идэх, тарга, хүч оруулах уу, сүү нэмэгдүүлэх үү, төлөрхөг чанарт нөлөөлөх үү гэх мэт (бэлчээрт, бусад ургамалд нөлөөлөх байдал зэрэг) ямар нөхцөлд хортой, хоргүй байдаг, гэх мэт олон талаас судалж боловсруулалт хийнэ. Дараа нь сургалтанд хэрхэн ашиглах талаар аргазүйн боловсруулалт хийнэ.

Ийм учраас багшаас маш өргөн мэдлэг, уйгагүй ажиллагаа шаарддаг. Энэ бүгдээс үзэхэд газарзүйн багш нь олон мэргэжлийн цуглуулга байх ёстой. (ботаникч, геологич, цаг уурч, хөрс, амьтан судлаач, физикч, асторномч, химич, бүр малчин, тариаланч) Ингээд олон жишээ дурьдаж болно.

Манай кабинетын онцлог нь: Өөрсдийн хийсэн, цуглуулсан зүйл, орон нутаг судлалын материал, ШУ-ны өндөр төвшинд хийсэн боловсруулалт, хүүхэд, хүүхдээсээ суралцах боломж гэдгээрээ онцлог юм даа. Энэхүү ажиллагаагаа: Хүүхдүүд өөрсдөө мэдлэгээ бүтээх, бүтээлч, эрэл хайгуул, үйл явц, одоо ч хуучираагүй арга гэж үзэж ирсэн миний үзэл бодол арга зүй юм. Энэ аргыг маань тухайн үеийн удирдлага, аргазүйчид үнэлж 1985 онд Монголын "Бүтээлч 12 багшийн" нэг болгосон болов уу гэж боддог. (Бид аймаг сумдаар явж хичээл зааж, уулзалт ярилцлага зохиодог байв) Мөн Улаанбаатар хотод багш нарын хувьд 3 дахь том бие даасан үзэсгэлэнг сургалтын хэрэглэгдэхүүнээрээ гаргалаа. Улмаар 1991 онд тэр үеийн ЗХУ-ын БМДИ-ийн шийдвэрээр Москва хотод үзэсгэлэнгээ гаргах урилга хүлээн авч байлаа. Сурган хүмүүжүүлэгч багш миний хувьд маш том шагнал үнэлэмж. Энэ маань багш сурган хүмүүжүүлэгчид, газарзүйн эрдэмтэд ялангуяа Шагдар багшийн маань болон шавь нар, хамт олны маань ач гавьяа гэж боддог. Одоо ч бараг мартагдаж дээ. Харин надаас ярилцлага авч зарим зүйлийг маань сэргээн сануулсан та бүхэнд гүнээ талархал илэрхийлье.


Таны охин Ц.Мөнхбадар мэргэжлийг тань өвлөж сумандаа ажиллаж байгаа юм байна. Охиндоо өөрийн мэргэжлээ хэрхэн зааж зөвлөж тусалдаг вэ?


Миний хувьд заагаад байсан зүйл нэг их байхгүй. Хамгийн гол нь хүүхэд, эцэг эхтэйгээ сайн тулж ажилла, байнга мэдлэг, чадвараа дээшлүүл, их унш, бод, сэтгэ, ажилдаа үнэн санаанаасаа ханд гэж л хэлдэг.

Хэд хэдэн шавь нь "Улсын олимпиад"-д гайгүй оролцлоо, 2014 онд Монгол улсын "Оны тэргүүний багш" боллоо. Магистрын зэрэг хамгааллаа. Зөвлөмжийн номоо гаргачихлаа, хэд хэдэн илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж сонин, сэтгүүл, хэвлэлүүдэд нийтлүүлж олны хүртээл болгосон. Бодоход ажлын дөр сууж байгаа юм байлгүй дээ.


Таны одоо хийж байгаа ажлын тухай?


2009 онд Гавьяаныхаа амралтанд суусан. Гэвч зүгээр сууж чадахгүй өөрийн хобби болсон мод цэцэгээ тарьж эхэлсэн. Одоогоор "Мод үржүүлэх, ой нөхөн сэргээх" эрх бүхий мэргэжлийн байгууллага болоод жилдээ 10000 мод гаргах хүчин чадалтай мод үржүүлгийн газартай болж, 30-аад газарт ойжуулалт хийлээ.


Мөн талбайдаа 33 төрлийн мод, жимс, жимсгэнэ тарьж туршин, хүүхдүүд болон иргэдэд экологийн боловсрол олгох, улмаар мод тарих үйлд уриалан, тарих суулгацаар нь тусалж байна. Тал хээрийн бүсэнд ой байгуулж дэлхийн цаг уурт эерэг өөрчлөлт оруулахад ард иргэдээ уриалж өөрийн тус нэмрээ оруулж байгаа маань энэ.


Хэд, хэдэн суманд ойжуулалт хийлээ. Байгалийн үзэсгэлэнт баян бүрд Ганга нуурыг сэргээх" төрийн бус байгууулагад нэгдэн ороод тэнд мод тарих хөдлгөөнд оролцож байгаа маань миний хувьд том завшаан юм. (Энэхүү ТББ-ыг манай бахархал болсон нэрт яруу найрагч зохиолч Г. Мэнд-Ооёогийн санаачилгаар байгуулсан ба Дарьгангад жил бүр Ганга нуурыг хамгаалах, Дарьгангын түүх соёл, зан үйлийг сурталчлах, сэргээх чиглэлтэй том чуулган жил бүр зохион явуулж байна.)


Ярилцсан: Дэд проф. Ц.Бат-Эрдэнэ, Ц.Сэр-Од