Редакторын зурвас
Геофорум" сэтгүүл Ковид-19 цар тахлын улмаас хуваарьт хугацаандаа гарч амжаагүй тул уншигчдаасаа хүлцэл өчье. Гарсан нөхцөл байдлаас шалтгаалан мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын цувралын сүлжээ (ISSN-International Standard Serial Number)- нд бүртгэлтэй тус сэтгүүлийн 2021 оны хоёр дугаарыг энд нэгтгэн гаргаж байна. Сэтгүүлийн тэргүүн өгүүлэлд газарзүйн сургалт, судалгаанд гарч буй шинэ чиг хандлага, ойлголтын талаар оруулсаар ирсэн. Энэ удаад сургалт, судалгааны шинэ парадигм болж буй "гурван" PBL-ийг газарзүйд ашиглах боломжийн талаар авч үзлээ. Өөрөөр хэлбэл, газарзүйн сургалт болон судалгааг тухайн газарт нь түшиглэн явуулах (Place-based)- даа урган гарч буй асуудлыг олж, судлах (Problem- based) ба ингэхдээ зорилгоо тодорхойлон, төлөвлөж, хамтран ажиллах (Project-based) нь үр дүнтэй гэсэн чиглэлийг голлох боллоо. Энэ чиг хандлагыг газарзүйн хувьд авч үзвэл "GEO-PBL" гэж нэрлэж болох гэсэн санааг дэвшүүлж байна.
"Онол-судалгаа" буланд залуу судлаачдын судалгаа шинжилгээний үр дүнг харуулах хэд хэдэн өгүүлэл орсны дотор ОХУ-ын Серго Орджоникидзе-ийн нэрэмжит Геологи хайгуулын их сургууль (ОГХИС)-ийн экологи-газарзүйн тэнхимийн тэргүүлэх профессор, шинжлэх ухааны доктор О.А.Хлебосолова-ийн өгүүлэл багтаж байна. Энэ өгүүлэлд ОУГЗХ-ны 33 дугаар конгрессээс дэвшүүлсэн үзэл санааны хүрээнд их сургууль болон ерөнхий боловсролын газарзүйн сургалтын шинэчлэл, чиг хандлагын талаар авч үзсэн болно. ОГХИС ба МУБИС-ийн газарзүйн тэнхим 2018 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд Москва хотноо болсон Олон улсын газарзүйн холбооны бүсийн хурал (2018)-д манай багш нар оролцон хэд хэдэн илтгэл хэлэлцүүлж, 2020 оны 2 дугаар сард 4 багш Москва хотноо мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан билээ.
Уншигч, хэрэглэгчдийн хамрах хүрээнд нийцүүлэх зорилгоор аялал жуулчлал (Б. Өрнөлт нар), бэлчээр ашиглалт (Ж.Өнөрням), ландшафт (Ц.Сэр-од нар) болон газарзүйн боловсролын түүх (Г.Мөнхцэцэг) зэрэг олон чиглэлийг хамарсан судалгааг тус буланд оруулав.
"Арга зүй-туршлага" буланд орчин үеийн газарзүйн сургалтын онцлог болсон вэб ГМС-ийг ашиглан (webGIS) шинжлэх ухаанч арга барил хөгжүүлэх (Ц.Бат-Эрдэнэ нар), КОВИД-19-ийн улмаас үүссэн сургалтын хоцрогдлыг арилгах арга зүй (Г.Уранчимэг), асуулт-даалгаварын жишээ болон олон улсын газарзүйн олимпиадын асуултаас орчуулан хүргэж буй нь үнэлгээний даалгавар боловсруулахад санаа авах, жишиг болгоход тустай бол уу хэмээн үзлээ.
Түүнчлэн "Эх орноо танин мэдэхүй", "Эрдэмтний индэр", "Ярилцлага" зэрэг уламжлалт булан болон шинэ гарсан номын талаар товч мэдээлсэн болно.
Ерөнхий редактор, Проф. Е.Батчулуун