МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Газарзүйн боловсрол

Газарзүйн шинжлэн судлах арга барил

2024-02-03

  Шинжлэн судлах арга барил (inquiry буюу англид enquiry) нь эртнээс улбаатай, олон утгаар хэрэглэгдэж  ирсэн (Roberts, 2004), 1960-аад онд асуудалд-суурилсан (problem-based) хандлага өргөн нэвтэрч байсан бол 1970-аад оноос  “шинжлэн судлахад суурилсан” (inquiry-based)[1] сургалтын хандлага түгээмэл болж ирлээ. ‘Inquiry’ (enquiry[2]) нь “эрж хайх” гэсэн утгатай латин гаралтай үг[3] бөгөөд асуух, судлах, шинжлэх, мөрдөх гэсэн олон санааг  илэрхийлдэг.

‘Inquiry’ нь тулгарсан асуудал, асуултын хариуг олохын тулд таамаглах, шинжлэх, судлах, нээн илрүүлэх зэрэг хэд хэдэн үе шат бүхий мэдлэг бүтээж буй цогц үйл бөгөөд шинжлэн судлах нь шинэ мэдлэг эзэмшихэд чиглэсэн үйл ажиллагаа, судалгаа, хариуцлага бүхий үйл явцыг багтаана (Gordon 2001)[4]. Эндээс үзвэл inquiry нь ямар нэг зүйлийг мэдэх (мэдлэг эзэмших), тодорхой сэдвийн хүрээнд асуудлыг шийвэрлэхийн тулд эрэлхийлсэн, туршилт, анализ, дүгнэлт зэргийг багтаасан өргөн хүрээтэй үйл буюу тодорхой асуулт, асуудал болон санаанд тулгуурласан судалгаа юм. Энэ үйлийн үр дүнд шинжлэх ухааны мэдлэг ерөнхийлэгдэж, сурагчид өөрсдөө оролцон газарзүйн зүй тогтол, учир шалтгааныг ойлгож мэднэ. ОХУ-ын газарзүйн дидактикт багшийн удирдлага дор сурагчид бие даан бүтээлч ажил гүйцэтгэх, эрэлхийлэлд тулгуурласан арга барил 1980-аад оны сүүлээр орж ирсэн юм (Хлебосолова, 2010).  

Шинжлэн судлах сургалт нь Юу? гэсэн асуултад биш, Хэрхэн, Яаж? гэсэн асуултад хариу өгөх ба тодорхойлох, товчлох, анализ хийх, тайлбарлах, үнэлэлт өгөх, таамаглах ба урьдчилан харах, ерөнхийлэх, шийдвэр гаргах, хувийн үнэлгээ, хувийн хариулт зэрэг үйлүүд багтана. Шинжлэн судлах сургалт[5]-ын үр дүнд бүтээлч байдал, шүүн тунгаах сэтгэлгээ, практик хэрэглээтэй болж, шинжлэх ухааны хэл эзэмших, ухагдахууны мөн чанарыг шинжлэх ухааны үүднээс ойлгодог болоход нь тусална (Anderson, 2002)[6]. Зарим судлаачид энэ сургалтад багшийн үүрэг бага (Kirschner et. al., 2006) гэж үздэг ч багш чиглүүлж, шинэ зүйлийг нээн илрүүлэхэд туслах, сэдэлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг тул багшийн шууд удирдлаган дор явагдана (Hmelo-Silver et.al., 2007) гэж үздэг.

  “Хөтлөгч асуулт” (driving questions)-ыг  ихэнхдээ багш гаргах ба асуулт нь сурагчдын түвшинд тохирсон, сэдэлжүүлсэн байх нь чухал. Иймд шинжлэн судлах сургалт нь “асуулт гаргах урлаг” төдийгүй өмнөх мэдлэг, чадвараа ашиглан бодит юмсыг судлан, шинжлэх ухаанч санааг ойлгож мэдэхэд чиглэсэн сурагчдын үйл ажиллагаа тул сургалтын хамгийн ашигтай загвар юм. Энэ арга барил бүхий сургалтын үед сурагч бол шинжлэн судлагч, харин багш бол шинжлэн судлалыг жолоодогч, чиглүүлэгч болно (Curriculum Planning & Development Division Singapore 2013).  

Манай ЕБС-ийн байгалийн ухааны сургалтын хөтөлбөрт а) ажиглалт хийх, шинжлэх ухаанч санааг ялган барих, баримт нотолгоо цуглуулах, таамаглал дэвшүүлэх; б) туршилтыг төлөвлөх, гүйцэтгэх;  в) мэдээллийг боловсруулах, танилцуулга хийх; г) хэлэлцэх, сайжруулах гэсэн 4 алхмаар шинжлэн судлах үйл явцыг авсан  (Бурмаа нар 2016, хууд 100). Физикт туршилт гол учир төлөвлөх, бэлдэх, таамаглал гарган батлах  явдал чухал байдаг бол нийгмийн ухаанд өөр. Гэвч энэ нь зөвхөн хэлбэрийн ялгаа бөгөөд сурагчдын үйл ажиллагаанд тулгуурлан мэдлэг бүтээх, үйлд баримжаалсан сургалтын чиг хандлагын хувьд ижил юм.  

Газарзүйн шинжлэн судлах арга барил (Geographical inquiry)

Английн эрдэмтэн М.Робертсын үзсэнээр газарзүйн сургалт нь баримтыг цээжлэн тогтоох хэлбэрээс газарзүйн эрэлхийлэл хийх хэлбэрт шилжиж байна. Газарзүйн шинжлэх ухаанч арга барил (Geographical inquiry) нь дэлхийн тухай мэдлэгийг сурагч өөрөө бүтээж буй идэвхтэй үйл ажиллагаа юм. Энэ конструктивист хандлага нь газар нутаг, орон зай, хүмүүс болон тэдгээрийн хоорондох харилцан хамаарлын тухай сурагчдын өмнөх мэдлэгт суурилна. Газарзүйн шинжлэн судлах сургалт (inquiry based learning) нь мэдлэгээ бүтээх, сургалтын онол, боловсролын зорилгод нийцнэ (Roberts 2001).

 Газарзүйн хувьд шинжлэн судлах нь 1) Ямар үзэгдэл юмс? 2) Хаана оршиж байна? 3) Яагаад энд байна? 4) Байрлал нь ямар нөлөө үзүүлж байна? 5) Цаашид хэрхэн өөрчлөгдөж болох вэ? гэсэн 5 гол асуултаар тодорхойлогдоно  (Neighbour 1992). М.Робертс “газарзүйн эрэлхийлэлд суурилсан чиглэл нь сурагчид Юу? Хаана? Яагаад? Хэрхэн? Би үүнийг хийсэн бол ямар байж болох вэ? гэсэн асуултад хариулахыг шаарддаг (Roberts, 2003, p. 6) гэсэн бол Ф.Слатер “газарзүйд амжилттай суралцахын гол үндэс нь асуултаа тодорхойлох, томъёолох явдал. Энэ нь сургалтын үйл ажиллагааг төлөвлөх хамгийн эхний алхам” (Slater 1982) гэжээ.

М.Нэйш газарзүйн шинжлэн судлах сургалтын онцлогийг дараах байдлаар тодорхойлжээ  (Naish M, Rawling E, Hart C, 2002). Үүнд:   -         Асуудлыг тодорхойлох, асуулт гаргахаас эхлэх;

-          Шинжлэн судлах үйлийн явцад сурагчид идэвхтэй оролцогч байх

-          Чадвар, дадлаа хөгжүүлэх өргөн боломжтой байх (танин мэдэхүйн, практик, нийгмийн болон харилцааны);

-          Ангиас гадуурх болон ангид хийх ажлын интеграцийг хангасан байх;

-          Багшийн чиглүүлэг ба сурагчид бие даан шинжлэн судлах ажил нь тэнцүү, аль аль нь үр ашигтай байх;

-          Үйл ажиллагаа нээлттэй, тодорхой, үзэл бодол, санаагаа илэрхийлэх нь чөлөөтэй байх;

Газарзүйд шинжлэн судлах (шинжлэх ухаанч) алхмыг судлаачид янз бүрээр авч үзжээ. Английн эрдэмтэн Нейш  (Naish et al, 2002) болон Австралийн газарзүйн сургалтын хөтөлбөрт [7]  7 алхмаар, Робертс ба ESRI[8]-ээс арай ялгаатай 5 алхамтайгаар тодорхойлсон нь дараалал ба томъёоллын зөрөөтэй  (Roberts 2004, ESRI 2008) ч үндсэн агуулга нь адил юм (Зураг ).

Робертс газарзүйн шинжлэн судлах арга бол мэдлэг бүтээх, ойлголтыг хөгжүүлэхэд газарзүйн мэдээллийг ашиглах үйл явц гэж үзжээ. Тэрээр газарзүйн шинжлэн судлалд ашиглах мэдээллийн 6 төрлийг ялган үзсэн

[1] “Inquiry” -“шинжлэх судлах арга барил”, “шинжлэх ухаанч арга барил” “сурах арга барил”,”шинжлэн судлах эрэл хайлт” зэргээр орчуулж, бага, суурь боловсролын түвшинд “шинжлэн судлах”, ахлах түвшинд “шинжлэх ухаанч арга” хэмээн хэрэглэж байна.

[2] Англид (British English)

[3]Oxford dictionaries: ‘Enquiry’ or ‘inquiry’: http://www.oxforddictionaries.com/words/enquire-or-inquire

[4] Wells, Gordon (2001). Action, talk & text: Learning & Teaching Through Inquiry. New York, NY: Teachers College Press. Galileo Educational Network.

[5] Inquiry-based learning

[6] Anderson, R.D. (2002). Reforming science teaching: What research says about inquiry?, Journal of Science Teacher Education, 13(1), 1-12.

[7] “Газарзүйн шинжлэх ухаанч арга ба чадвар” гэж томъёолсон

[8] ESRI- Environmental Systems Research Institute  


Бэлтгэсэн Е.Батчулуун

Өндөр ба агаарын температурын хамаарлыг судлах: 7-р анги

2024-03-20

Шинээр нэмэгдсэн