Редакторын зурвас
Монголын газарзүйн боловсролын нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Геофорум" сэтгүүл (ISSN: 2617- 5118) -ийн 2020 оны 2 дахь дугаар (08) хэвлэгдэн гарч байна. Энэхүү дугаарын тэргүүн өгүүлэлд манай газарзүйн сургалтын үнэлгээг олон улсын чиг хандлагад нийцүүлэх асуудлыг хөндөн тавьсан ба "Онол судалгаа" буланд Монгол улсын их сургууль, Өвөрмонголын Багшийн их сургууль, ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэн, МУБИС зэрэг байгууллагын залуу эрдэмтдийн сургалт-судалгааны 5 өгүүлэл багтаж байна. "Арга зүй туршилт” буланд газарзүйн сургалтад хөрсний монолит хийж хэрэглэх зааварчилгыг нарийвчлан тусгаж, туршилт-хичээл явуулах арга зүйг "Агаарын фронт" сэдвээр жишээлэн оруулав.
Энэ удаагийн "Эргэн дурсахуй" буланг манай нэрт геоморфологич, эрдэмтэн С.Жигжийн 80 насны ойд зориулж, түүний амьдрал, судалгаа шинжилгээний бүтээлийн талаар проф.Д.Даш. доктор Б. Энхцэцэг нарын бичсэнээр оруулав. С.Жигж геоморфологи, инженер-газарзүй, мөстлөг зэрэг олон салбарт судалгаа хийж, Монгол орны
хотгор гүдгэрийн өндрийн шатлал, морфогенетик
хэв шинжийн ангилал боловсруулсан нь өнөө хэр хэрэглэгдсээр байгаа билээ. Тэрээр Монголын газарзүйн нийгэмлэгийн анхны ерөнхийлэгч, ШУА-ийн Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн (хуучин нэрээр)-гийн захирал зэрэг хариуцлагатай ажил эрхлэн, залуу судлаачдыг бэлтгэх үйлст хүчин зүтгэснээс гадна сансрын газарзүйн талаар анхлан бичсэн нь өнөөгийн зайнаас тандан судлалын эхлэл болжээ.
Газарзүйн ахмад багш, Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, зөвлөх багш Ч.Батням энэ дугаарын зочноор уригдаж байна. Өнөө хүртэл Монгол улсад газарзүйн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд хүчин зүтгэсээр яваа "47-ийн Батням" хэмээн нэрлэгдсэн эрхэм багшийн бэлтгэсэн шавь нараас газарзүйн мэргэжлийг сонгон багшийнхаа замналыг амжилттай үргэлжлүүлж яваа залуус олон. Энэ тухай “Ярилцлага, тэмдэглэл" булангаас үзнэ үү.
Энэхүү дугаарыг гаргахад 20 жилийн тэртээ МУБИС-ийн "Газарзүй-аялал жуулчлал"-ын ангийг төгсөгчид ивээн тэтгэсэнд сэтгүүлийн редакцийн өмнөөс талархал илэрхийлж байна.
Ерөнхий редактор, Проф. Е.Батчулуун