Редакторын зурвас
Геофорум сэтгүүлийн энэ дугаарын тэргүүн өгүүлэл “Тогтвортой хөгжил ба Боловсрол"-д тогтвортой хөгжлийн үзэл баримтлал үүсэх болсон шалтгаан, НҮБ-ын ТХЗ-2030-ийг хэрэгжүүлэхэд боловсролын ач холбогдол, түүний дотор газарзүйн боловсрол яагаад чухал болох талаар холбогдох эх сурвалжид тулгуурлан дурдав.
"Онол судалгаа" буланд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Боловсролын МУБИС, МУИС, хүрээлэн болон БНХАУ-ын Өвөрмонголын их сургууль, Улаанхадын дээд сургуулийн судлаач, эрдэмтдийн хамтарсан судалгааны үр дүн болох зайнаас тандан судлал, физик газарзүй, газарзүйн боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн боловсролын асуудлыг хамарсан хэд хэдэн өгүүллийг сонгон нийтэлж байна.
"Арга зүй” буланд 2019 оны Улсын газарзүйн олимпиадын багш, сурагчийн материалыг бүрэн эхээр нь оруулснаас гадна 2019 онд Гонгконг улсад болсон Олон улсын газарзүйн 16 дугаар олимпиадын талаарх мэдээллийг оруулав.
“Эргэн дурсахуй” буланд 20 жилийн өмнө 1999 онд УБИС (хуучин нэрээр)-ийн Газарзүй-Аялал жуулчлалын анги төгсөгчид зочилж байна. Манай сэтгүүлийн нийтлэлийн бодлогын нэг хэсэг нь газарзүйн шинжлэх ухаан ба газарзүйн боловсролд толгойлох эрдэмтэн судлаачид, багш нарын ажил үйлсийг хойч үеийнхэнд сурталчилдаг уламжлалтай.
Энэ удаад бидэнтэй олон жил хамтран ажиллаж, залуу судлаачдын эрдмийн ажлыг удирдан Монголын газарзүйн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм доктор В.Гунины талаар шавь С.Хадбаатарын дурсамж, газарзүйн ахмад багш Ч.Янжинхүүгийн амьдрал, ажил үйлсийн талаар хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Монгол-Оросын хамтарсан экспедицийн шинэ бүтээл, англи хэл дээр гарсан "Ecosystem of Mongolia" атласын товч танилцуулгыг Энэ дугаараас хүлээн авна уу. Уг атласд МУБИС-ийн газарзүйн тэнхмийн багш, С.Хадбаатар, Д.Даш нар хамтран зохиогчоор ажилласныг энэ дашрамд дурдъя.
Ерөнхий редактор, Проф. Е.Батчулуун