МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Мэдээ

“Уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулгад тусгах нь” онол-практикийн хурал 2023.5.5

Бүтнээр: https://www.facebook.com/share/p/FwpgB43xnHEx7Bbu/

МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Газарзүйн тэнхим, Монголын Газарзүйн боловсролын нийгэмлэгээс Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисстой хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулгад тусгах нь” сэдэвт онол-практикийн хурал зохион байгуулав.


Хуралд үндэсний сургалтын хөтөлбөр, сурах бичиг зохиогчдын багийн ахлагч, гишүүд, МУБИС, МУИС, СУИС, АУҮИС, НҮБ-ын Хүүхдийн сан, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, БСҮХ-ийн төлөөлөл болох 70 гаруй хүн оролцож, БШУ-ны сайд А.Энх-Амгалан, БСҮХ-ийн захирал М.Итгэл, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, Японы Окаяама Их сургуулийн профессор Хироки Фужии нар мэндчилгээ дэвшүүлэв.

Онолын үндсэн илтгэлийг “Уур амьсгалын өөрчлөлт, сорилт, даван туулах арга зам” сэдвээр байгаль орчин, уур амьсгал, цөлжилтийн чиглэлээр Монгол улсыг төлөөлөн НҮБ (UN), Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-д ажиллаж байсан, Уур амьсгалын Тусгай Элч, доктор З.Батжаргал; “Уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг сургалтад нэвтрүүлэх арга зам, боломж” сэдвээр МУБИС-ийн проф.Е.Батчулуун нар хэлэлцүүлэв. Мөн “Их, дээд сургуульд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуйн сургалтын хөтөлбөр боловсруулан ашиглаж буй байдал”-ыг МУИС-ийн проф. С.Эрдэнэсүх, “ТХБ-ын сургалтын модульд уур амьсгалын өөрчлөлтийн талаар туссан байдал”-ыг ТХБ-II төслийн зохицуулагч А.Энхтогтох, “Сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалд уур амьсгалын өөрчлөлтийн боловсролын үзэл санаа туссан байдал”-ыг БСҮХ-ийн ажилтан Б.Алтансүх нар танилцуулж, МУБИС-ийн багш нар (доктор Д.Амартүвшин, доктор Г.Уранчимэг, доктор Д.Ганболд, доктор Ш.Жаргалсайхан) хэд хэдэн жишээн дээр тулгуурласан дадлага ажил удирдав.


Хурлын үеэр байгальд задардаггүй хог хаягдал, хүлэмжийн хийг багасгахад хувь нэмэр оруулах үүднээс хуванцар савтай ус, хавтас, бал, хулдаасан баннер ашиглаагүй, хурлын урилга, бусад мэдээлэл, илтгэлүүд, дадлага ажлын материалыг оролцогчдод цахимаар түгээсэн нь онцлогтой байв. Ганц жишээ дурдахад, хуванцар савтай ус 70 ш-ийг хэмнэснээр түүнээс 3 дахин их ус хэмнэж, хуванцар савыг үйлдвэрлэх, тээвэрлэх, хаяг хийх зэрэгт ордог полиэтилен терефталат (PET), газрын тос хэмнэж, тэр хэрээр байгальд задардаггүй хог хаягдал, нүүрсхүчлийн хий ялгарах, дахин боловсруулах зардал гаргахаас сэргийлж чадсан гэсэн үг юм.


Ерөнхийд нь дүгнэж үзвэл, уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох талаар багш нарт зориулсан сургалтыг шат дараатай зохион байгуулах, гарын авлага, сургалтад ашиглах материалаар хангах шаардлага гарч байгаа нь харагдлаа. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар хөтөлбөр боловсруулагчид илүү сайн ойлголттой болох нь сургалтаар дамжуулан өдөр тутмын амьдралын зөв хэвшлийг буй болгох, байгальд ээлтэй иргэн төлөвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно. 

Шинээр нэмэгдсэн