Монгол
оронд
хөрс
судлалын ухааныг хөгжүүлэхэд шинжлэх үүсгэн мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан эрдэмтдийн нэг Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, академич Д.Доржготов Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийг 1962 онд хөрс судлаач-агрохимич мэргэжлээр төгснөөс хойш Газарзүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, тасаг, лабораторийн эрхлэгч, захирал, зөвлөх зэрэг ажлыг 60 шахам жил тасралтгүй хашсан юм.
Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэн (хуучин нэрээр) байгуулагдахад Монгол орны байгалийн муж, эдийн засгийн бүсүүдийн газарзүйн онцлогийг илрүүлэх судалгааг эхэлсэн бөгөөд "Монгол орны физик газарзүй" нэг сэдэвт бүтээлийг бичих ажлыг гүйцэтгэжээ. Энэхүү хамтын бүтээлийн "Хөрсөн бүрхэвч" сэдэвт бүлгийг Д.Доржготов хариуцан 1969 онд ШУА- ийн Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэнгээс "Монгол орны физик газарзүй" нэгэн сэдэвт хамтын бүтээлийг академич Ш.Цэгмидийн редакторласнаар хэвлэн гаргасан байна. Уг бүтээл нь өнөөг хүртэл эрэлттэй хэвээр байгаа төдийгүй үе үеийн газарзүйчдийн ширээний ном болсоор байна.
Д.Доржготов 1974 онд ГЗЦСХ-д хөрс судлалын тасгийг үүсгэн байгуулж эрдэм шинжилгээний 20 гаруй сэдэв, төслийг удирдан гүйцэтгэж, орон нутагт 50 гаруй удаа хээрийн хайгуул, судалгаа зохион байгуулж, манай орны хөрсний гарал үүсэл, ангилал, оношилгоо, хувьсал өөрчлөлт, нөөц хэмжээ, зураглал, тархалтын зүй тогтол, үржил шим, чанарын үнэлгээ, ус-физикийн болон геохимийн шинж, бохирдол, доройтол, нөхөн сэргээлт зэрэг олон талт асуудлыг шинжлэх ухааны үүднээс шийдвэрлэхэд чиглэгдсэн олон арван бүтээл туурвисны дотор Монголд анхных гэж тооцогдох судалгааны олон ажлын эх суурийг тавьжээ. Тухайлбал, Монгол орны хөрсний ангилал, оношилгоо; Монгол орны хөрсний
(M1:2500000, 1:1500000, 1:1000000) зургууд; Монгол орны хөрс-газарзүйн мужлалт; Монгол орны хөрсний нөөц хэмжээ, чанарын үнэлгээ; Монгол орны хөрсний орон зайн (өргөргийн, өндрийн, хотгорын бүсшлийн) тархалтын зүй тогтол; Усны сав газруудын хөрсний ус-физик шинжийн тодорхойлолт, зураглал; Улаанбаатар хот болон зарим дүүргийн хөрсний экогеохими, бохирдлын судалгаа; Хөрсний үржил шим, эвдрэл, доройтол, нөхөн сэргээх чиглэлийн ажлыг дурдаж болно.
Тэрээр 1973 онд “Умард Монголын хөрсний үндсэн онцлогууд ба хээрийн хөрсний тодорхойлолт" сэдвээр газарзүйн ухааны дэд эрдэмтний, 1992 онд "Монгол орны хөрс" (гарал үүсэл, ангилал, газарзүй, нөөц, ашиглалт) сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэргийг Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд амжилттай хамгаалсан байна. Эдгээр бүтээлээ өргөтгөн “Монгол орны хөрс" (2003) нэг сэдэвт бүтээлийг хэвлүүлж 2004 онд Монгол улсын шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийн шагнал хүртжээ.
1981-1989 онд Усны хайгуул төсөл, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс эрхлэн "Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голууд, Умард говь, Их Нууруудын сав нутгийн усны нөөцийг ашиглан хамгаалах цуврал схем"-ийг хэвлэн нийтийн хүртээл болгосон ба Д.Доржготов уг цуврал бүтээлийн зохиогчийн багт ажиллан сав нутгийн хөрсний ус-физик шинж чанар, хөрсний ялзмагшилтын зургийг зохиожээ. Энэхүү цуврал схемүүд Монгол улсын экологийн салбарын ХХ зууны шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарчээ.
Түүнээс гадна газарзүйн судалгаанд голлон ашиглагдаж буй "БНМАУ-ын Үндэсний атлас" (1990)-ын хөрсний зургуудыг зохиох, хянах, тайлбар бичих, “Монгол улсын Үндэсний атлас" (2009)-ыг хэвлүүлэхэд ерөнхий редактораар ажилласан нь түүний голлох бүтээлд зүй ёсоор тооцогдоно.
Тэрээр хөрсний болон экосистемийн цуврал зураг, атласаас гадна "Монголын нэвтэрхий толь" (2000), "Монголын газарзүйн атлас" (2004), "Монголчуудын түүх соёлын атлас (2004), "Байгаль нуурын сав газрын экологийн атлас" (2015), "Сэлэнга-географический атлас- монографи" (2018), "Atlas Ecosystems of Mongolia"(2019), түүнчлэн эрдэм шинжилгээний 180 гаруй бүтээл бичиж нийтлүүлсний дотор "Монгол орны хөрс газарзүйн мужлалт, “Хөрсний ангилалзүй”, “Монгол орны хөрс" зэрэг 15 гаруй ном дангаараа болон хамтран туурвиж газарзүйн зураг, атлас 25-ыг хэвлүүлсэн байна.
Түүнчлэн олон улсын хуралд 30 удаа илтгэл тавьж хэлэлцүүлснээс гадна орос, англи, герман хэл дээр 40 гаруй бүтээл нийтлүүлсэн нь Д.Доржготов олон улсад нэрд гарсан эрдэмтэн болохыг илтгэж байна.
Д.Доржготов 1978 оноос МУИС, МУБИС-ийн газарзүйн мэргэжлийн оюутан, магистрант, докторантуудад хичээл заан олон арван судлаачийн эрдэм шинжилгээний ажилд зөвлөн тусалж доктор (Ph.D)-ын 16, доктор (Sc.D)-ын зэрэг горилсон 2 ажлыг удирдан хамгаалуулсан шилдэг эрдэмтэн багш юм.
Тэрээр 1998 онд Монгол улсын ШУА-ийн Жинхэнэ гишүүн (академич)-ээр, 2010 онд ХАА-н Академийн жинхэнэ гишүүнээр тус тус сонгогдсон. МУИС, УБИС (хуучин нэрээр)- ийн профессор, Өвөр Монголын Багшийн их
сургуулийн хүндэт профессор, Олон улсын Газарзүйн нийгэмлэгийн гишүүн, Монголын Газарзүйн нийгэмлэгийн тэргүүн, 2001 оноос Монгол улсын ШУА-ийн тэргүүлэгч гишүүн, Геологи-Газарзүйн Бага чуулганы дарга, Монгол улсын Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн байна.
Түүний газарзүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол, түүнчлэн 2018 онд Оросын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Н.М.Пржевальскийн нэрэмжит “Алтан медаль”- ийг манай эрдэмтдийн дундаас анх удаа хүртсэн нь түүний хөдөлмөр бүтээлийг олон улсад үнэлсэн явдал билээ.
Газарзүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд сэтгэл, оюунаа зориулсан эгэл эрдэмтэн Д.Доржготов багшдаа үе үеийн олон мянган шавь нараас нь талархал илэрхийлье.
док. Х.Цогбадрал (МУБИС-Газарзүйн тэнхим)