З.Мөнхөө
1935 онд Увс аймгийн Түргэн суманд төрсөн. 1952 онд Ховд аймгийн 10 жилийн
сургуулийг, 1953 онд МУИС-ийн бэлтгэл ангийг, 1958 онд Ломоносовын нэрэмжит
Москвагийн улсын их сургуулийг газарзүйч-геоморфологич мэргэжлээр тус тус
төгссөн. 1958 оны 7 сарын 1-нээс МУИС-д багшаар орж ажил амьдралын гараагаа
эхэлсэн.
Тэрээр 1958-1970 он хүртэл МУИС-ийн Газарзүйн тэнхимд багш,
эрхлэгч, БУФ-ын декан, 1973-1984 он хүртэл Дээд боловсролын хороо, Боловсролын
яаманд хэлтэс, тасгийн дарга, мэргэжилтэн, 1984-1991 онд МУИС-д декан,
1991-2000 он хүртэл МУИС-ийн Газарзүйн тэнхимд багшаар ажиллажээ. 1970-1972
онд Киевийн их сургуулийн аспирантурт суралцаж “Хангайн тэгш өндөрлөгийн
структур-геоморфологийн онцлог” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Их, дээд сургуулийн болон ерөнхий боловсролын сургуулийн газарзүйн сурах бичиг, дээж бичиг, багшийн гарын авлага, эрдэм
шинжилгээний өгүүлэл зэрэг олон арвар бүтээл туурвиж, газарзүйн мэргэжилтэн бэлтгэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн нэрт эрдэмтэн билээ.
З.Мөнхөө багшийн туурвисан “Дорнод Хангайн
структур-геоморфологийн онцлогууд”, “Ерөнхий геоморфологийн тухай хураангуй”,
“Рельеф түүний хэлбэр дүрсүүдийг байрзүйн зургаар тайлах нь” зэрэг бүтээл үе үеийн судлаачдад үнэтэй гарын авлага болсоор ирсэн билээ. Монгол улсын гавьяат багш Б.Долгормаатай хамтран бичсэн
“Физик газарзүй” сурах бичиг нь 1972, 1979, 1981, 1983, 1986
онд таван удаа хэвлэгджээ. Түүнчлэн Д.Хишигжаргал, Г.Ган-Очир нартай хамтран “Физик газарзүйн унших бичиг”,
Ш.Оюунтай хамтран 9-р ангид үзэх “Ерөнхий физик газарзүй”, Е.Батчулуунтай
хамтран 9-р ангид үзэх “Ерөнхий физик газарзүй” сурах бичиг зохиожээ.
МУИС-д Ерөнхий физик газарзүй буюу Дэлхий судлал, Тивүүдийн физик газарзүй, Ерөнхий
геоморфологи, Монголын геоморфологи, Монголын физик газарзүй зэрэг хичээлийн хөтөлбөрийг шинжлэх ухааны өндөр түвшинд боловсруулан зааж, олон мянган газарзүйч бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулан өөрийн гэсэн мөрөө үлдээсэн билээ. 1975-1979
суралцаж байсан бид Мөнхөө багшаар Ерөнхий физик газарзүй, Монголын
геоморфологи хичээл заалгасан нь аз завшаан түшсэн хэрэг байсан юм. Тэр үед
ажил алба ч ихтэй байсан биз, 40 шүүрч яваа эрийн ид хав ч байсан биз, амралтын
өдөр ням гарагт “нэмэлт” лекц ордог байсныг санаж байна. Ялангуяа “Монголын
геоморфологи” хичээл дээр “миний үзэж байгаагаар бол” гэхчлэн дурдах нь
олонтаа. Манай Шийрэв нэгэнтээ Мөнхөө багш шиг “өөрийн гэсэн идеа-тэй” болох
талаар ярьж байснаа өнөөдөр биелүүлжээ. Ардын багш, профессор Ш.Шагдарын
дурссанаар “1979 оны төгсөлтөөс 6 хүн эрдмийн зэрэг хамгаалсан нь З.Мөнхөө,
Б.Доржжанцан, М.Баянтөр нар сайн суурь тавьж өгсөн”-тэй яахын аргагүй холбоотой
гэж боддог.
Бэлтгэсэн, Проф. Е.Батчулуун (МУБИС, Газарзүйн тэнхим)