МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Эрдэмтний индэр

Газарзүйн ухааны доктор Чойн Дүвжир (1926-2007)

Ч. Дүвжир 1926 онд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт төрсөн. 1937 онд Ренчинлхүмбэ сумын бага сургуульд суралцан эрдэм номын гараагаа эхэлж, улмаар Орос улсын Улаан-Үд хотын Монгол Рафак-т, Улаанбаатар хотын Багшийн сургуульд суралцан төгсөж, 1941 оноос Багшийн сургуульд багшлах болсноор ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Тэрээр 1947-1951 онд Багш нарын оройн дээд сургууль дүүргэн  Улаанбаатар хотын Гэгээрлийн хэлтсийн Сурганы кабинетад мэргэжилтэн, Гэгээрлийн яаманд мэргэжилтэн, 1950 оноос Улаанбаатар хотын 2 дугаар сургуульд багшаар ажиллаж байгаад ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн физик газарзүйн ангид элсэн 1957 онд төгсжээ.  1952-1954 онуудад МУИС-д багш зэрэг ажлуудыг хийж байсны зэрэгцээ ажил хөдөлмөрийнхөө ихэнхийг МУБИС-ийн Газарзүйн салбарт (1963-1988) багшлах боловсон хүчин бэлтгэхэд зориулжээ.

Тэрээр Тивүүдийн физик газарзүй, Геологийн үндэс, Монгол орны физик газарзүй зэрэг хичээлүүдийг голлон зааж ирсэн байна. Ч.Дүвжир 1949 онд “Амьгүй байгаль” бага ангийн сурах бичиг, 1957, 1959, 1967 онуудад “Хөрөнгөтөн орны газарзүй”, 1961 онд “Их, бага богд”,  1968 онд “Аялагчдын лавлах” зэрэг ном, сурах бичгээс гадна эрдэм шинжилгээний олон бүтээл туурвин “Монгол орны газарзүйн асуудлууд”, “Шинжлэх ухаан амьдрал” зэрэг тухайн үед судалгаа шинжилгээний талаар тулгуур бүтээл хэвлэдэг сэтгүүлд  нийтлүүлсэн байна.

Ч.Дүвжир 1959 оноос эхлэн хэд хэдэн удаагийн экспедицээр (1959, 1964, 1966, 1968, 1976) Хөвсгөлийн уулархаг нутагт ландшафт газарзүйн судалгаа хийж, 1977 онд “Хөвсгөлийн уулархаг нутгийн физик газарзүйн тодорхойлолт ба ландшафтууд” сэдвээр газарзүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Уг бүтээлдээ тус нутгийн байгалийн цогцолборын мужлалт үйлдэж, түүндээ хотгор гүдгэрийн хэв шинжийн макро-хэлбэр, ялангуяа түүний үнэмлэхүй өндрийг гол болгон Хөвсгөлийн уулархаг нутгийг  бэсрэг уулын  ландшафт, өндөр уулын босоо бүслүүрийн ландшафт гэсэн 2 том ангиллын хүрээнд нийт 9 төрлийн ландшафтыг ялгаж 1: 2 000 000-ын масштаб бүхий бүдүүвч зураг үйлджээ. Эдгээрийн үр дүнд уг нутгийн байгалийн цогцолборуудад тодорхойлолт өгсөн зэрэг нь тодорхой бүс нутгийн физик газарзүй-ландшафтын чиглэлийн голлох эх сурвалж болсон хэвээр байна.

Судалгааны бүтээлээс нь Ч.Дүвжир багшийг ямархуу зиндааны физик газарзүйч байсныг харж болно. Физик газарзүйн олон салбар, түүний дотор, ландшафт, рельеф, газар хөдлөл, галт уулшил зэрэг эндоген үйл явцууд, мөстлөг, агуй, түүгээр ч үл барам ан амьтдын тухай туурвисан бүтээл арвин. Эндээс үзвэл Дүвжир багшийг “Хөвсгөл судлаач” хэмээн тодорхойлж болно. Түүний олон бүтээл, эрдэм шинжилгээний өгүүллүүд нь Шишхидийн уулархаг нутгийн уул зүй, Шишхидийн хотгор хавийн ландшафт, Хөвсгөлийн уулсын эртний мөстөл, Хөвсгөлийн уулсын амьтны аймаг болон Хөвсгөл орчмын унтарсан галт уулсын тухай юм. Нөгөө талаар тэрээр “газар хөдлөл судлаач”, “агуй судлаач” байв. Тухайлбал, 1957 онд Говь-Алтайд болсон хүчтэй газар хөдлөлтийн тухай судалгаа хийж, үр дүнгээр нь Оросын судлаачидтай хамтран туурвисан “Говь-Алтайское Землетрясение “ (1960) ном монгол хэл дээр орчуулагдан гарсан байдаг. “Дээрхийн агуй”, “Агуй судлал” зэрэг бүтээлүүд нь үүнийг гэрчилнэ. Эндээс үзвэл газарзүйн хувьд Дүвжир багшийн оролцоогүй салбар үгүй.

Тэрээр эрдэм судлалын ажлынхаа хажуугаар газарзүйн боловсрол, сургалтын агуулга, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг олныг зохиосон. Ялангуяа  6 дугаар ангид үздэг байсан Тивүүдийн газарзүй, Эх газрын газарзүйн сурах бичгийн анхны зохиогч юм. Зөхөн физик газарзүйгээр хязгаарлагдахгүй эдийн засгийн газарзүйн салбарт ч түүний оруулсан хувь нэмэр их. Тухайлбал,  дэлхийг зааглаж байсан хоёр лагерийн орнуудыг тусад нь судалдаг болсон 1960-аад оноос тэрээр “Хөрөнгөтөн орнуудын эдийн засгийн газарзүй” сурах бичгийг зохиож, энэ нь олон удаа давтан хэвлэгдсэн байдаг. УБДС (хуучин нэрээр)-д багшлах явцдаа Горхи-Тэрэлжийн районд газарзүйн иж бүрэн хээрийн дадлага хийх удирдамж, чиглэл гарган тулгын чулууг нь тавьсан нь одоо ч үргэлжилж байна. 1979-1980 онд дөнгөж байгуулагдаад байсан Ховдын Багшийн дээд сургууль (хуучин нэрээр)-д зочин багшаар ажиллаж, дадлагын бааз байгуулахад түүчээлэн оролцсон, олон зуун газарзүйч, газарзүйн багш бэлтгэсэн энэ эрдэмтэний үлдээсэн ул мөр их юм. 

Доктор Ч. Дүвжирийн зарим голлох бүтээлээс:  

ЕБС-ийн газарзүйн сурах бичиг

1.       Хөрөнгөтөн орнуудын эдийн засгийн газарзүй. 1-р хэвлэл Гэгээрлийн яамны хэвлэл. 1961 он. 278 хуудас.

2.       Хөрөнгөтөн орнуудын эдийн засгийн газарзүй 2-р хэвлэл Гэгээрлийн яамны хэвлэл. 246 хуудас. 1967 он.

3.       Тивүүдийн газарзүй 1-р хэвлэл. 6-р ангийн сурах бичиг АБЯ-ны хэвлэл. 1972 он. 12 х.х.

4.       Хөрөнгөтөн орны эдийн засгийн газарзүй. 3 дахь хэвлэл АБЯ-ны хэвлэл. 1971 он. 10 х.х. 8-р ангийн сурах

5.       Эх газрын газарзүйн 2 хэвлэл. 6-р ангийн сурах бичиг АБЯ-ны хэвлэл, 1975 он. 10 х.х.

Ном, гарын авлага

1.       Амьгүй байгаль

2.       Говь-Алтайнское Землетрясение. СССР-ийн ШУА-ийн хэвлэл 1960 он. 3 х.х.

3.       Их бага богд. ШУХ-гийн хэвлэл. 1961 он 6,7 х.х

4.       Антрактид. Гэгээрлийн яамны хэвлэл. 1965 он. 6,7 х.х.

5.       Аялагчдын лавлах. МХЗЭ-ийн хэвлэл. 1965 он. 13,5 х.х.

6.       Цаг уурын анхны мэдэгдэхүүн АБЯ-ны хэвлэл. 1969 он. 5, 0 х.х.

Эрдэм шинжилгээний өгүүлэл

1.       Ижил мөрөн дэх цахилгааны лут их барилгууд Багш нарын сэтгүүл №1, 1954 он 0,4 Х.Х

2.       Говь- Алтайн газар хөдлөлтөөр ус зүйд орсон өөрчлөлтүүд “Шинжлэх ухаан” сэтгүүл 1960 он №3 0.4 х.х.

3.       Шишхидийн уулархаг нутгийн уул зүй ГЗЦСХ –ийн хэвлэл 1966 он №5

4.       Хөвсгөл нуур. УБДС-ийн багш нарын бүтээл 1967 он №2

5.       Хөвсгөлийн уулсын ландшафтын асуудал. УБДС-ийн багш нарын бүтээл 1967 он №3

6.       Шишхидийн хотгор хавийн ландшафтын тухай. ГЗЦСХ-ийн хэвлэл 1966 он, №8.

7.       Агуй судлал. ШУА сэтгүүл, 1969 он №2.

8.       Дээрхийн агуй. ШУА сэтгүүл, 1969 он №3

9.       Хөвсгөлийн уулсын олон жилийн мөстлөг. ГЗЦСХ –ийн хэвлэл 1970 он

10.   Хөвсгөлийн уулсын унтарсан галт уулс. ГЗЦСХ –ийн хэвлэл 1970 он, №9

11.   Хөвсгөлийн уулсын адгуусан  амьтдын байршилт. ГЗЦСХ –ийн хэвлэл №7

12.   Алмас. 1977 он 3 х.х

Сургалт-заах аргын өгүүлэл

1.       Байгаль дээр явуулах ажиглалт “Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл, 1949 он №3

2.       Сурагчдын нэг хоногийн цагийн хуваарь. “Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл 1951 он, №2

3.       Газарзүйн ажиглалтын талбай “Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл №1

4.       Географийг заах арга ба түүнд сонирхолыг хөгжүүлэх тухай Багш нарын сэтгүүл 1952 он, №1

5.       Заах арга кабинет Багш сэтгүүл 1952 он, №1,

6.      Эх орондоо ашигт малтмалыг судлахад оролцогтун! ШУА сэтгүүл 1968 он, №6.  


Бэлтгэсэн С.Хадбаатар, Е.Батчулуун (МУБИС)

Шинээр нэмэгдсэн