МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Эрдэмтний индэр

Төрийн соёрхолт, Академич Шагдарын Цэгмид (1922-2004)

Академич Ш.Цэгмид бол манай оронд газарзүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан эрдэмтэн билээ. Энэ эрдэмтний бүхий л амьдрал чухамхүү газарзүйн шинжлэх ухаантай холбоотой. 1948 онд Москвагийн улсын их сургууль, 1951 онд мөн сургуулийн аспирантурыг төгсөж ирснээс хойш  1988 он хүртэл ШУА-ийн системд тасралтгүй ажиллажээ. Тэрбээр 1951-1962 он хүртэл Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Газарзүйн тасгийн эрхлэгч, 1962- 1988 он хүртэл Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэнгийн захирал, 1976-1988 он хүртэл ШУА-ийн дэд ерөнхийлөгчийн албыг давхар хашиж  иржээ. 1988-2002 он хүртэл Газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, зөвлөхөөр ажиллаж  байв.


Ш. Цэгмид  1951 онд Газарзүйн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж, 1962 онд  докторын зэрэг хүртэж улмаар тэр жилдээ ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр сонгогдож, 1965 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн болсон байна. Мөн 1964 онд ЗХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн  гадаад хүндэт гишүүнээр сонгогдсон юм.   Ш.Цэгмид  16-р жарны харагчин гахай жилийн өвлийн сүүл сарын шинийн таванд буюу шинэ тоололоор 1922 оны 1-р сард Улаанбаатар хотод төржээ. Түүний эцэг Шагдар Төв аймгийн Угтаалцайдам, Жаргалантаар нутаглан мал маллаж байгаад Нийслэл хүрээнд ирж суурьшин улмаар Ардын хувьсгал ялсны дараагаар галч, манаач, зарлага зэрэг хар ажил хийдэг байжээ. Эх Чимид нь Амгаланбаатар хот нэртэй байсан сууринд төрсөн хүн юм. Аль аль нь бичиг үсэг мэдэхгүй, нэгнийхээ авдаг бага шиг цалингаар амьдардаг энгийн хүмүүс ажээ.

Цэгмид багшийг найман нас хүрч сурч боловсрох анхны алхам хийх цаг болоход түүний цаашдын замыг нагац ах Пүрэвжав нь тун өвөрмөцөөр шийдэж өгчээ. Юу вэ гэвэл түүнийг Нийслэл хотод бүр 19-р зуунд байгуулагдсан Зөвлөлтийн бага сургуульд оруулсан байна. Энэ хүн тэр үеийн сэхээтний нэг байсан бөгөөд Улаанбаатар хотын анхны цахилгаан станц буюу нийслэлийнхний хэлдгээр Чийдэнгийн хорооны дарга, Архин заводын дарга зэрэг хариуцлагатай алба хашиж явжээ.   Ажил хөдөлмөрийн гараагаа дунд сургуулийн 8-р анги төгссөний дараа Орос хэлний орчуулагчийн  курс төгсөж Архин завод дараа нь Сангийн яаманд хэлмэрч, орчуулагч болсноор эхэлсэн байна. Цэгмид багшийн ийнхүү хар багаасаа ажил хөдөлмөр эрхлэхэд нөлөөлсөн зүйл бол 8-р анги төгсөх жил буюу 1938 онд эцэг Шагдар нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн явдал байлаа. Эндээс ШУХ-ийн Газарзүйн тасагт орох хүсэлт тавьсан нь ёсоор болж 1941 онд ШУХ-д дагалдан сурагчаар орсон байна. Тэр үед тус хүрээлэн байгалийн ухааны талаархи судалгааг өргөжүүлэх зорилт тавьж ЗХУ-ын ШУА-иас хэд хэдэн эрдэмтэн урьж ажиллуулж эхэлсэн билээ.

Тэдний нэг Оросын нэрт газарзүйч Э.М.Мурзаевыг дагалдан сурах болж улмаар Баруун Монголын нутгаар газарзүйч Э.М.Мурзаевтай хамт хээрийн судалгаанд оролцжээ. Энэ бол Цэгмид багшийн монгол орны байгаль, газарзүйн онцлогтой танилцах, түүнийг судлах  их  аяны эхлэл  байсан юм. Ингээд 1942 оноос Москвагийн Улсын Их Сургуулийн Газарзүйн факультетэд элсэн орж  суралцжээ. Ийнхүү Цэгмид багш маань Москвагийн их сургуулийн оюутан болж дайны хор хөнөөлийг нүдээр үзэж биеэр амсаж байсан Зөвлөлтийн тэр үеийн залуусын  туулах ёстой зам бүрийг туулсан юм. Тэрбээр 1947 онд сургуулиа онц дүнтэй дүүргээд улмаар тэндээ аспирантурт элсэн суралцаж, анхны судалгааг 1948-1949 онуудад Хэнтийн нуруунд биологич Д.Цэвэгмид, химич С.Даваасүрэн, газарзүйч Ч.Дүвжир нарын хамт явуулж  эрдмийн зэрэг хамгаалах судалгааныхаа материалыг бүрдүүлсэн байна. Ийнхүү “Хэнтийн уулархаг орны физик газарзүй, эртний мөсдөл” гэсэн сэдвээр диссертаци хамгаалж газарзүйн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хүртжээ.  Энэ нь 1951 он гэхэд Монгол улсад шинжлэх ухааны дэд эрдэмтэн зэрэгтэй  анхны таван хүн байсны нэг нь, байгалийн шинжлэх ухааны сэдвээр диссертаци хамгаалсан хоёрдахь эрдэмтэн нь Шагдарын Цэгмид  болсон юм.  

1951 оноос эхлэн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Газарзүйн тасгийн эрхлэгчээр томилогдон монгол орны байгалийн муж, эдийн засгийн бүсүүдийн газарзүйн онцлогийг илрүүлэх судалгааг газарзүйч О.Намнандорж, Д.Бадамжав, Ш.Сандагжав, Н.Лонжид, Ш.Цэвэг нартай хамтран  явуулж  эхэлсэн  байна. Улмаар 1961 онд ШУА байгуулагдахад  Газарзүйн хүрээлэн байгуулах үндэслэлийг дээрх эрдэмтдийн хамт боловсруулж өргөн барьсны дүнд 1962 онд Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдаж түүний анхны захирлаар томилогдон 24 жил тасралтгүй ажиллажээ.  

Академич Ш.Цэгмид энэ хугацаанд физик газарзүйн шинжлэх ухааны салбарт  геоморфологи, эртний газарзүй, ландшафт судлалын чиглэлээр голлон ажиллаж иржээ. Түүний эрдмийн бүтээлүүд дотор “Хэнтийн уулархаг орны  физик газарзүй ба эртний мөсдлийн тодорхойлолт”, “Монгол орны дорнод хэсгийн ландшафт, байгалийн мужууд”, “Монгол орны физик газарзүй”  зэрэг нэгэн сэдэвт зохиолууд гол байр суурь эзлэхийн хамт физик газарзүйн онолын судалгааны чиглэлтэй бүтээлүүд нь цөм орос хэл дээр бичигджээ. Эдгээрт Усыхают ли озера западной Монголии, Из прошлого “Долины озер”, Монгольская гоби и её географические особенности, Физико-географические районирование МНР, О ландшафтах Монголии, Рельеф Хэнтэйских гор в Монголии зэрэг өгүүлэлүүдийг дурьдаж  болно.  

Ш.Цэгмид 1948-1949 онд Хэнтийн уулст явуулсан судалгааны үндсэн дээр бичсэн “Хэнтийн уулархаг орны физик газарзүй ба эртний мөстлийн тодорхойлолт” гэсэн диссертацидаа өгсөн тодорхойлолтуудаас иш татвал: Энэ нутгийн хотгор гүдгэр нь гуравдагч галавын сүүл, дөрөвдөгч галавын эхэн үеийн тектоник хөдөлгөөнөөр бүрэлдэж тогтсон бөгөөд хамгийн их өргөлтөт хэсэг, ялангуяа Бага Хэнтийн нурууны орчимд болсон бол захын хэсэгт өргөлт эвдрэл бага явагдсан ба тэнд эртний өргөн хөндий, хотгор хадгалагдаж үлджээ. Тийм эртний элементүүд төв хэсэгт ч байдаг. Жишээ нь: Хаг, Хонгор голын хөндийг нэрлэж болно. Уулс өргөгдсөний улмаас гол мөрний эвдлэх ажиллагаа ялангуяа Бага Хэнтийн нурууны ар хажууд илүү хүчтэй явагдан өмнө хажуугаас урсдаг голын эхийг эзлэн хойш урсах, нийт нурууны хажууг хэм тэгш бус болгоход хүргэжээ. Уур амьсгалын хувьд Хэнтийн уулархаг нутгийг уул-тайгын, нам уулт ойт хээрийн гэсэн 2 хэсэг буюу босоо бүслүүрт хувааж болох юм. Уул тайгын бүслүүрт жилийн тунадас 400-500 мм хүрэхийн хамт цасан бүрхэвч 1-1.5 м зузаан болдогоос гадна жилийн болон хоногийн температурын хэлбэлзэл төдийлөн их хэмжээнд хүрдэггүй онцлог илэрдэг ажээ. Гадаргын усны хувьд тус нутгийг мөн уул тайгын төв хэсэг, захын нам уулын хэсэг гэж хуваавал зохилтой. Төв хэсгээс олон гол эх авдаг бөгөөд урсгал хурдтай, эрозийн хүч ихтэй бол хоёрдох хэсэгт дамжин урсах голоос өөр гол горхи ховор байна. Аль аль хэсэгт нуур цөөн юм. Хөрс, ургамалжил, амьтны аймгийн байршил нь альпийн, уул тайгын, ойт хээрийн бүслүүрт захирагддаг бөгөөд тус бүрд нь ургамлын зонхилох хэв шинжийн хам бүрдлүүдийг ялган тогтоож түүний үндсэн дээр Хэнтийн уулархаг орныг дотор нь мужлах оролдлого хийжээ.   Ш.Цэгмид 1948-1949 онд Хэнтийн уулсын эртний мөсдлийг судлахдаа энэхүү уулт өндөрлөгийн оройн хэсэгт олон жилийн цэвдгийн нөлөөгөөр солифлюкци буюу сэвсгэр хурдас гулсах үзэгдэл дөрөвдөгч галавын үед нэлээд түгээмэл байсан нь үе давхаргагүй буюу эртний мөсдлийн хурдас тогтоход хүргэсэн явдлыг анх тэмдэглэж, хээрийн судалгааг Туул, Минж, Хэрлэн голуудын сав газарт явуулж олон сонирхолтой  дүгнэлт хийсний зэрэгцээ Хэнтийн нуруунд нэг удаагийн мөсдлөг болсон гэж  үзжээ.  

Ш.Цэгмид  1951-1953  онуудад  Их Нууруудын  хотгор,  Нууруудын   хөндийд  судалгаа  явуулж   эдгээр  районы  эртний   газарзүй  болон орчин  үеийн  өөрчлөлтийн   асуудлаар   үнэлэлт   дүгнэлт   өгч байжээ. Ер нь Их Нууруудын хотгор, Нууруудын хөндий дэх зарим нуурууд дөрөвдөгч галавын болон орчин үед ихээхэн хувьсан өөрчлөгдөж байсан юм. Жишээ нь Орог нуур дөрөвдөгч галавын үед хойшоо ихээхэн тэлж, хөндийгөө бараг дүүргэж байсныг тогтоосноос гадна 1954 онд Хяргас нуурын усанд задлан шинжилгээ хийж, энэ нуурын усны химийн бодисуудын агууламж  20-р зууны эхэн үед гадаадын эрдэмтдийн хийсэн задлан шинжилгээнийхээс нэмэгдээгүй  байсныг тогтоосон нь Монгол орон хуурайшиж байгаа тухай тэр үед яригдаж  байсан үзлийг няцаасан нэгэн баримт болсон байна.  

1957 онд Ш.Цэгмид физик газарзүйн  мужлалын шинэ бүдүүвч нийтлүүлснийг авч үзвэл тус улсын нутгийг гадаргын байдлаар уулархаг аймаг, талархаг аймаг гэсэн 2 том нэгжид хуваагаад дараачийн шатанд муж, дэд мужийг ялгаж гурван шаттай мужлалт үйлдсэн байна. Хоёр аймаг доторх нэгжүүдийг хоёр өөр зарчмаар тогтоожээ. Тухайлбал уулархаг аймагт хотгор гүдгэрийг зонхилох хүчин зүйл болгож авсан бол талархаг аймагт өргөрөг бүсийн шинж төлөвийг зонхилох хүчин зүйл гэж тооцсон байна[1]. Энэ мужлалыг практикт ашиглахад илүү дөхөмтэй болгох зорилгоор 1969 онд бага зэрэг өөрчилж  аймаг гэсэн шатлалгүйгээр Хангай-Хэнтийн уулархаг их муж, Алтайн уулархаг их муж, Монголын дорнод талын их муж, Говийн их мужийн хүрээнд 11 муж, 27 тойрог ялгажээ.   1962 онд Монголын ШУА-ийн дэргэд Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсан явдал тус орны газарзүйн шинжлэх ухааны хөгжилд ихээхэн түлхэц болсон төдийгүй тухайн салбараар шинэ шинэ чиглэл үүсэн хөгжиж онолын тулгуур судалгааг далайцтай явуулах эрдэм шинжилгээний томоохон төв нэгэнт бий болжээ. Хүрээлэн байгуулагдсанаас хойших 50  гаруй жилийн дотор манай анхны газарзүйч эрдэмтдийн нэг академич Ш.Цэгмидийн удирдлагын дор физик газарзүйн  судалгааг өмнөх үеийн судалгааны арвин өв санд  тулгуурлан хөгжүүлж, улс ардын аж ахуйн шаардлагатай уялдсан тодорхой асуудлыг  шийдвэрлэх зорилгоор тус орны  нийт нутгийн болон тусгай муж, районы байгалийн нөхцөл, нөөц баялгийг илрүүлэхэд чиглэгдсэн тулгуур судалгааг амжилттай явуулж иржээ. Энэ завсар физик газарзүйн судалгаанд ландшафт судлал, геоморфологи, геокриологи, нуур судлал, тополог судалгаа зэрэг шинэ чиглэлүүд амжилттай хөгжиж ус, уур амьсгал, хөрс гэх мэт эртний  уламжлалт судалгааны хүрээ, үр дүн өргөжиж, физик газарзүйн судалгаанд орчин үеийн арга нэвтэрч чанарын их өөрчлөлт гарсан байна.  

Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсан эхний жилүүдэд  Монгол орны байгалийн муж, эдийн засгийн бүсүүдийн газарзүйн онцлогийг илрүүлэх судалгааг явуулж эхэлсэн бөгөөд улмаар “Монгол орны физик газарзүй” нэгэн сэдэвт бүтээлийг бичих ажлыг гүйцэтгэсэн байна. Энэхүү хамтын бүтээлийн голлох бүлгийг Ш.Цэгмид хариуцан бичиж бүтээлийг бүхэлд нь хянан тохиолдуулжээ. Ийнхүү 1969 онд ШУА-ийн Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэнгээс (хуучин нэрээр) “Монгол орны физик газарзүй” нэгэн сэдэвт хамтын бүтээлийг хэвлэн гаргасан байна. Энэхүү бүтээлийн аль ч бүлэг хэсгүүд нь хүрээлэн байгуулагдсанаас хойших 5 жилийн судалгааг бүхэлд нь хамарсан болохоор өмнөх судалгааны материалд илүү тулгуурласан гэж болно.   “Монгол орны физик газарзүй” нэгэн сэдэвт бүтээлд  Монгол орны физик газарзүйн үүднээс судлагдсан байдал, физик газарзүйн бүрдэл хэсгүүд болох хотгор гүдгэр, геологийн тогтоц, уур амьсгал, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын аймаг, амьтны аймгийн талаар болон  физик газарзүйн 3 шатлалт мужлалын зарчим, их мужуудын тодорхойлолтыг дэлгэрэнгүй өгсөн байна. Энэхүү хамтын бүтээл нь өнөөдрийг хүртэл эрэлт хэрэгцээтэй хэвээр байгаа төдийгүй манай үе үеийн газарзүйчдийн ширээний ном болсоор иржээ[2].

“Монгол орны физик газарзүй” нэгэн сэдэвт бүтээлд Ш.Цэгмид, О.Намнандорж  (1969) нар монголын газарзүйн судалгааны түүхийг хувьсгалаас өмнөх, хувьсгалаас хойших гэж  2 том үе болгон тодорхойлсон байна. Ингэж үзэх үндэслэл нь Монгол оронд ялсан Ардын хувьсгалаас хойш манай улсын газарзүйг судлах ажил чанарын хувьд огт өөр болж маш их өргөжсөн төдийгүй түүнээс өмнөх судалгаа явц байдал, үр дүнгийн хувьд дотрох үе үедээ өөр өөр байсан ч гэсэн далайц, чиглэл, зорилгын хувьд огт ондоо байсан гэж үзжээ. “Монгол орны физик газарзүй” нэгэн сэдэвт бүтээлийн нэлээд хэсэг нь физик газарзүйн мужлалд зориулагджээ. Академич Ш.Цэгмид нь С.А.Кондратьев (1930), А.Д.Симуков (1936), Э.М.Мурзаев (1948) нарын 1-2 шатлалт мужлалын схемийг баяжуулан  анхны 3 шатлалт мужлалыг үйлдсэн юм.   Академич Ш.Цэгмид ландшафтын чиглэлийн анхны судалгааг 1962-1963 онуудад монгол орны дорнод хэсэгт явуулж улмаар уг судалгааныхаа үр дүнд тулгуурлан монгол орны ландшафтын тухай өөрийн үзэл баримтлалыг тодорхойлж  (О ландшафтах Монголии,1964), ландшафтыг ангилах, зураглах (Хэнтий аймгийн ландшафтууд ба байгалийн муж, 1964) анхны оролдлогыг хийжээ. Үүний үндсэн дээр  ландшафтуудад тулгуурласан байгалийн мужлал үйлдэж, тодорхойлолт өгсөн (Монгол орны дорнод хэсгийн ландшафт, байгалийн мужууд, 1965)   байна. Энэ судалгаа нь Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутаг буюу Хэнтийн уулсын зүүн хагас, Монголын дорнод талыг бүхэлд нь хамарчээ.   Ш.Цэгмид  “... Монгол орон уул, тал хосолсон уудам их нутагтай ч гэсэн физик газарзүйн нөхцлүүд энд тэнд маш их алаг цоог гэж хэлж болохгүй юм. Тийм учраас ландшафтууд мөн олон янз биш юм. Ландшафтын дотоод бүтэц нэгэнт нарийн тул тус орны байгалийн дээрх онцлогоос шалтгаалж нэг ландшафтад нэлээд их хэмжээний газар хамрагдах буюу их хэмжээний газар нутагт цөөн төрлийн ландшафт тохиолдоно” гэж үзжээ.

Ландшафтын ангилалыг үйлдэхдээ хотгор гүдгэрийн хэвшинжийг баримтлан ландшафтуудыг өндөр уулын, дундаж  уулын, нам уул-талын  гэж  3 үндсэн бүлэгт хуваан эдгээр нэгжийн хүрээнд 19 төрлийн ландшафтыг ялгасан байна. Ландшафтыг дээрх төрөлд ялгахдаа хотгор гүдгэрийн хэвшинж, ургамалжлын онцлогийг  хослуулан авч үзсэн нь уг ангилалын нэг онцлог юм. Ялангуяа өндөр болон дундаж уулын төвшинд уулын ар, өвөр хажууг ландшафт бүрдүүлэхэд  голлох нөлөөтэй хүчин зүйл гэж  үзсэн байдаг.   Эндээс харахад өндөр уулын нуга, өндөр уулын хээр, говь, цөлийн ландшафтаас бусад нь дээрх ангилалд үндсэндээ хамрагдсан байна.  Энэ нь уг  судалгаанд хамрагдсан нутгийн ареалаас хамаарсан хэрэг юм. Иймд академич Ш.Цэгмид монгол орны нөхцөлд ялгарах голлох ландшафтуудыг дорнод районаар төлөөлүүлэн анх удаа тодорхойлсон байна. Ландшафтын ангилалын энэ хандлага одоо ч гэсэн зохих төвшинд мөрдөгдсөөр байна. Бид өнөөдөр ландшафтын зураглалд ангилалын анги, дэд анги, хэвшинж, дэд хэвшинж, төрөл, зүйл гэсэн таксоном нэгжүүдийг баримталж байгаа хэдий ч  ландшафтын ангиллын үндсэн зарчим нь  академич Ш.Цэгмидийн үзэл баримтлалд тулгуурласан хэвээр  байгаа юм[3].    

Ландшафтын ангиллын  мөнхийн дагуул нь зураглал байдаг тул тодорхой ангиллын төвшинд тохирсон ландшафтын зураг зохиох явдал зайлшгүй юм. Энэ дагуу академич Ш.Цэгмид  монгол орны дорнод хэсгийн төвшинд  жижиг масштабын (1:5000000), Хэнтий аймгийн түвшинд том масштабын (1:100000) ландшафтын зураг анх удаа зохиосон юм. Эдгээрээс ялангуяа том масштабын ландшафтын зурагт зарим ландшафтыг морфологи бүтцийн хувьд ангилах оролдлого хийжээ. Тухайлбал, мөсдөж байгаагүй нарийн хөндийн ландшафтыг намаг нэн ихтэй ба торлог дотор нь хар мод хэсэг хэсгээр буюу ганц нэгээр ургасан ёроолын урочище, намаг арай багатай ба торлог дотор нь хар мод ургаагүй дэнж бэлийн урочище, үет ургамалт нуга ба мод, сөөг шугуйтай хөндийн ландшафтыг  нугын нийлбэр урочище, шугуйн нийлбэр урочище гэж тус тус  ялгасан байна. Харин бага масштабын ландшафтын зурагт монгол орны нөхцөлд ландшафтын бүлэг ч биш, ландшафтын морфологи нэгжүүд болох урочище, нийлбэр урочище  ч биш зөвхөн ландшафтууд  л дүрслэгдэх  ёстой гэж үзсэн байна[4].   Ландшафтын ерөнхий зүй тогтлыг илэрхийлэгч нь байгалийн бүс, бүслүүр бөгөөд Монгол оронд урьд өмнө ажилласан ургамал судлаач А.А.Юнатов, газарзүйч Э.М. Мурзаев, хөрс судлагч Н.Д.Беспалов нар өөр өөрсдийн ангилалыг гаргасан байдаг. Ш.Цэгмид (1969) дээрх эрдэмтдийн саналд түшиглэн монгол оронд тагийн, тайгын бүслүүр, ойт хээр, хээр, говь, цөлийн бүс ялгарна гэж үзсэн. Академич Ш.Цэгмидийн энэ ангилал дунд сургуулийн сурах бичигт орж улмаар одоог хүртэл мөрдөгдсөөр байна.  

Академич Ш.Цэгмид  ЗХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн В.В.Воробьевын хамт “БНМАУ-ын Үндэсний  Атлас”-ын (1990)    ерөнхий редактораар ажилласан байна. Энэхүү Үндэсний атлас нь юуны өмнө зурагзүйн суурь бүтээл болж чадсан төдийгүй иж  бүрэн шинжтэй болсон, зурагзүйн сүүлийн үеийн арга, аргачлалд  тулгуурласан, монгол орны өвөрмөц онцлогийг зураг дээр бүрэн дүрсэлж чадсан, практик ач холбогдлыг бодолцсон зэрэг онцлогууд тусгалаа олсон байна.  Академич Ш.Цэгмид  энэхүү атласын зургуудыг хянахын зэрэгцээ тайлбар бичгүүдийн орос, монгол эхийг засварлахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.      Академич Ш.Цэгмид газарзүйч эрдэмтдийн бүтээл болон өөрсдийн нь талаар үнэлж бичсэн зүйлүүд цөөнгүй байдаг. Тухайлбал, О.Намнандорж нь газарзүйч төдийгүй өргөн хүрээт байгаль судлаач, шинжлэх ухааныг сурталчлагч гэж үзсэн бол  А.Д.Симуков бол Монголын газарзүйн шинжлэх ухаанд ихээхэн хувь нэмэр оруулж тус шинжлэх ухааны олон салбарт судалгааны эх гаргаж өгсөн тул түүнийг Монголын газарзүйн нэгэн өвөг гэж хэлж болох юм гэсэн байдаг. Мөн Н.Д.Беспаловын бичиж хэвлүүлсэн “БНМАУ-ын хөрс шороо” гэдэг ном 1970-аад он хүртэл манай орны хөрсний бүтэц, тархалт, гарал үүслийг тодорхойлсон ганц дорвитой бүтээл байсан юм” гэсэн бол    

Э.М.Мурзаевын "БНМАУ” (Физик газарзүйн тодорхойлолт)  ном бол  БНМАУ-ын физик газарзүйн талаар 1948 оныг хүртэл хуримталж ирсэн бүх материалыг эмхэтгэн дүгнэсэн  онолын гарамгай зохиол болно. Ийм учраас Э.М.Мурзаевын   "БНМАУ” (физик-газарзүйн тодорхойлолт) гэдэг ном нь Монгол орны байгалийн судалгаанд зориулагдсан зохиолуудын санд ихээхэн чухал бүтээл юм[5] гэж  дүгнэсэн байх жишээтэй.  

Ш.Цэгмид багш манай улсын боловсролын салбарт бас ажиллаж тодорхой хувь нэмэр оруулж байсан бөгөөд 1955 онд МУИС-д газарзүйн салбар нээн ажиллуулах ажлыг гардан хийж Газарзүйн тэнхим байгуулан хэсэг хугацаанд түүний эрхлэгчийн ажлыг гүйцэтгэж байснаас гадна тус салбарт болон эдийн засгийн ангид ерөнхий газарзүйн хичээл зааж байв. Ш.Цэгмид 1957 онд  дунд сургуулийн 7-р ангид үзэх “БНМАУ-ын газарзүй”  сурах бичгийг анх удаа зохиожээ.  Энэ сурах бичгийг Б.Гунгаадаш редакторлаж 17000 хувь хэвлэн гаргасан байдаг. Тус сурах бичгийн агуулга  нь “БНМАУ-ын физик-географи” ,”БНМАУ-ын эдийн засгийн географи” гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэж байв. 1970-аад оны эхээр сургалтын агуулгыг төгөлдөржүүлэх асуудал тавигдах үед дунд сургуулийн 7-р ангид “БНМАУ-ын физик газарзүй”, 8-р ангид “БНМАУ-ын эдийн засгийн газарзүй” хичээлийг үзэх болж, улмаар Ш.Цэгмид  1972 онд “БНМАУ-ын физик газарзүй” сурах бичгийг бичиж хэвлүүлжээ. Тус сурах бичиг нь 1975, 1979, 1983, 1987, 1995 онуудад, нийтдээ 6 удаа   хэвлэгдсэн бөгөөд түүний мэргэжлийн редактораар нь Ш.Шагдар ажиллажээ. Энэ хооронд сурах бичгийн бүтэц үндсэндээ хадгалагдсаар ирсэн юм. Энэ сурах бичгийн  1983 оны хэвлэл нь 1984 онд БНМАУ-ын төрийн шагнал хүртжээ. Ийнхүү манай улсын дунд сургуулийн сурах бичгүүд дотроос төрийн шагнал хүртсэн анхны сурах бичиг болж үлдсэн бөгөөд сурах бичгийн агуулга газарзүйн ухааны сүүлийн үеийн ололтыг багтаасан, шинжлэх ухааны дүгнэлт сайтай аргагүй сайн сурах бичиг болсон юм[6]. Эндээс үзвэл Ш.Цэгмид бол Монголын “сургуулийн газарзүй”-н эцэг, түүнийг үндэслэгч мөн. Газарзүйн сургалтын чиглэлээрх судалгааны ажлын сэдвийг ч “сургуулийн газарзүйн агуулга” гэх нь зүйтэй хэмээн зөвлөж байв[7].           

 Ш.Цэгмид багш шинжлэх ухаан-зохион байгуулалтын ажлаас хөндий байсангүй. 1953 онд тус улсын Ус цаг уурын хорооны даргаар томилогдон 3 жил гаруй ажиллахдаа энэ байгууллагын ажилд практик чиглэлийг эрдэм шинжилгээний чиглэлтэй хослуулах анхны оролдлогыг хийж байжээ. 1976 онд ШУА-ийн дэд ерөнхийлөгчээр томилогдон Газарзүйн хүрээлэнгийн захирлын ажилтай хавсран хийж байгалийн ухааны хүрээлэнгүүдийг хариуцан 12 жил ажилласан байна.   Ш.Цэгмид багш төр, олон нийтийн ажилд бас оролцож ирсэн ба БНМАУ-ын Ардын Их Хурлын 4,5,7 дахь удаагийн сонгуулиар депутатаар сонгогдож байснаас гадна 1963-1966 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүнээр сонгогдон төр түшилцэж явжээ. Мөн 1975-1987 онд Монгол-Японы нийгэмлэгийн дарга, Монголын Шинжлэх ухааны ажилтны холбооны дарга, Монголын Парламентийн бүлгэмийн нарийн бичгийн дарга, Эрдмийн зэрэг, цол олгох улсын комиссын нарийн бичгийн дарга, Төрийн шагналын хорооны нарийн бичгийн дарга, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын орлогч дарга зэрэг үүрэг гүйцэтгэж Австри, Шриланк, Финлянд, Энэтхэг, Югослав, Ирланд, Канад, Франц зэрэг улсад болсон Олон улсын Парламентын холбооны хавар, намрын хурал, ЮНЕСКО-гийн ерөнхий бага хурлуудад оролцож явжээ[8].  

Эцэст нь дүгнэж хэлэхэд  академич Ш.Цэгмид бол монгол оронд геоморфологи, эртний газарзүй, ландшафтын судалгааны эхлэлийг тавьж  тус  оронд бараг хөгжөөгүй байсан газарзүйн шинжлэх ухааны шинэ  салбаруудыг үүсгэн хөгжүүлсэн төдийгүй энэ чиглэлийн судалгааг хагас зуун жилд тэргүүлэн шинэ  агуулга, хандлагаар баяжуулсан  эрдэмтэн байсан юм. Академич Ш.Цэгмид бол Газарзүйн хүрээлэнг үүсгэн байгуулж, 20 гаруй жил удирдаж, газарзүйч мэргэжилтэй боловсон хүчнээр бэхжүүлэх, тэднийг эрдмийн ажилд шамдан  сурах, судалгааны аргазүй эзэмшихэд үнэтэй хувь нэмэр оруулсан шинжлэх ухааны удирдагч нь байлаа. Мөн их, дээд сургуулийн газарзүйн сургалтын агуулгыг боловсронгуй болгох, дунд сургуулийн физик газарзүйн сурах бичиг зохиоход их хувь нэмэр оруулсан төрийн соёрхолт эрдэмтэн билээ. Тиймээс энэ эрдэмтний зам мөр балрахгүй, бүтээл туурвил нь гундахгүй, газарзүйч бидний дунд үүрд оршсоор байх болно.    

Ашигласан материал

[1] -Ш.Цэгмид. БНМАУ-ын нутгийг физик газарзүйн талаар мужлах асуудал // Шинжлэх ухааны хүрээлэнгийн бүтээл, 1957, №3.

[2] -Д.Даш, Б.Энхцэцэг. Академич Ш.Цэгмидийн Монгол орны газарзүйн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр // Монгол орны газарзүйн зарим асуудлууд, УБ, 2002, х.9-15.

[3] -Д.Даш. Эрдэмтэд, судлаачдын тухай өгүүлэх нь, УБ., 2021, х.282.

[4] -Ш.Цэгмид Хэнтий аймгийн ландшафтууд ба байгалийн муж // ШУА-ийн мэдээ, 1964, №1.

[5] -Ш.Цэгмид Газарзүйн шинжлэх ухаан Монголд, УБ, 2002,

[6] -Ш.Шагдар, Г.Содномваанчиг. Академич Ш.Цэгмид бол Монголын физик газарзүй сурах бичгийн эцэг мөн // Монгол орны газарзүйн зарим асуудлууд, УБ, 2002, х.15-19.

[7] -С.Шийрэв-Адьяа, М.Баянтөр, Е.Батчулуун. Академич Ш.Цэгмидийн Монголын сургуулийн газарзүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр // Монголд газарзүйн шинжлэх ухааныг үндэслэгч номонд, УБ., 2012, х.42-48.

[8] -Д.Даш. Монгол орны физик газарзүйн судалгааны тойм, УБ., 2002, х.67-70.


Бэлтгэсэн, Проф. Д.Даш (МУБИС, Газарзүйн тэнхим)

Шинээр нэмэгдсэн