Цэгийн аргаар зураглах
Зорилго: Хонины аж ахуйн байршилтыг цэгийн аргаар зураглах.
Өөрт буй тоон материалаа ашиглаад улсын хэмжээгээр юмуу эсвэл аймгийн
хэмжээгээр энэ зургийг үйлдэж болно.
Бэлтгэх зүйлс:
Улсын, эсвэл аймгийн нэргүй зураг, хонин
сүргийн тоо толгойн үзүүлэлт, өнгийн харандаа, шугам.
Үе шат:
1. Эхлээд хонин сүргийн тоо толгойг засаг захиргааны
нэгж бүрээр хүснэгтэд оруулж эрэмбэлнэ. Улсын хэмжээгээр зураг үйлдэх гэж
байгаа бол энэ тоог аймаг бүрээр авах ба аймгийн хэмжээгээр зураглахаар бол сум
бүрээр авна.
Анхаарах нь:
Цэгийн аргаар зураг зохиоход л бидний зорилго оршиж
байгаа учир тоон материалыг заавал тодорхой оныхоор (2020, 2022 оноор гэх
мэт) авна гэх явдалгүй, өөрт байгаа тоон
материалаа л ашиглана. Бүр тоо баримт үгүй бол дунджийг харгалзан “зохиомол”
байдлаар авч болно.
2. Эрэмбэлсэн тооныхоо дундаж утгыг харгалзан “цэгийн жин”-г
сонгон авна.
Цэгийн жин гэдэг нь нэг цэгээр хэдэн хонийг төлөөлүүлэн зурж
байгааг хэлэх бөгөөд 2-3 төрөл байж болно. Жишээ нь: хонины тоо хэтэрхий олон
бол том цэг нь 100 хонийг, дунд зэргийн цэг нь 50 хонийг, хамгийн бага цэг нь
10 хонийг төлөөлнө гэх мэт.
Энэ тохиолдолд бид цэгийн жинг гурван янзаар сонгон
авч байна гэсэн үг юм.
3. Тухайн засаг захиргааны нэгжийн хүрээнд ногдож буй
хонин сүргийн тоог цэгээр дүсэлнэ. Ингэхдээ цэгийн жингээ сайтар баримтлах
бөгөөд цэгээ аль болох нутаг дэвсгэр дотроо жигд тараан байрлуулахыг бодно.
4. Дараа нь таних тэмдэг болон зургийн нэр, масштабыг бичнэ.
Нэрээ тавина.
5. Зурсан зургаа ажиглан хонин сүргийн газарзүйн байршилтад
үнэлгээ өгнө.
Үүний тулд физик газарзүйн болон бусад зургуудтай харьцуулан үзэх
шаардлагатай бөгөөд хаагуур, ямар газраар (тэр сумын нутагт, тэр голын
хөндийгээр, тэр уулын өврөөр гэх мэтчилэн ) хонь олон байна, ямар газар цөөн
байна, энэ нь ямар хүчин зүйлээс хамаарсан байж болох талаар дүгнэлт хийнэ.
Бэлтгэсэн Е.Батчулуун (Газарзүй 8 дугаар ангийн сурах бичигт орсон өөрийн бичвэрээс авав)