МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Эрдэмтний индэр

Монгол улсын гавьяат багш Чойжилжавын Батням

"Газарзүйн мэдлэг хүнийг амьдрах ухаанд сургадаг"


Та Газарзүйн боловсролын төлөө хөдөлмөр, зүтгэлээ зориулсан шилдэг багш нарын нэг, энэ мэргэжлийг сонгосон тухай ярилцлагаа эхэлье.


Намайг дунд сургуулийн 5 дугаар ангид байхад "Дэлхий" гэсэн хичээл ордог байсан. Энэ үеэс эхлэн газарзүйн хичээлийг сонирхож, байгалийн үзэгдэл, юмсын учир шалтгааныг сонирхон ээж, аавдаа ярьж өгдөг байлаа. Бадархүү багш маань газарзүйн багш болоход гол нөлөөлсөн хүн юм. Хичээлийг толгойд ортол ярина, сонирхолтой юмаа мартана гэж үгүй. Жижиг глобус бариад хичээлээ зааж байхад нь түүнийг нэг барьж үзэхсэн гэж боддог байж билээ. Анх ингэж глобус харж байлаа. Сургуулиа төгсөөд Архангайн Багшийн сургуульд элсэн орж 1970 онд сургуулиа дүүргэн Говь-Алтай аймгийн Алтай хотын арван жилийн 2 дугаар сургуульд бага ангийн багшаар 5 жил ажилласан. Дараа нь багын мөрөөдөлдөө хөтлөгдөн УБДС-ийн (хуучин нэрээр) Газарзүй- түүхийн багшийн ангид 5 жил суралцаж төгссөн.


Бидний үед монгол хэл дээр мэргэжлийн ном бараг байхгүй, ихэвчлэн орос ном ашигладаг байсан учраас лекцийг маш сайн тэмдэглэн бичиж авдаг, ихэнх оюутнууд багшийг лекц уншиж байхад бараг хэлсэн үг бүрийг бичиж авдаг хурдан бичих чадвартай байсан. Бид хос мэргэжлийн анги тул их л ачаалалтай явсан учраас оюутан үеийн таван жил их л хурдан өнгөрсөн юм даг. Тухайн үед багш нарыг 5 жилийн хөтөлбөрөөр бэлтгэдэг байсан нь сургалт чанартай, багш гэсэн мэргэжлийг толгойд суулгаад гаргадаг байсан учраас сайн мэргэжилтэн бэлтгэгддэг байсан гэж боддог. Одоогийн багш бэлтгэж буй хөтөлбөрийг харахад мэргэжлийн хичээлүүд цөөн байгаа нь харагдаж байна. Ер нь багш онолын мэдлэг сайтай байж л хичээл заах, арга зүйг хэрэглэх, туршилт, экскурс хийх гэх мэт чадваруудыг эзэмшдэг. Байгаль, нийгмийн хууль, түүний мөн чанарыг сайтар ойлгож тэдгээрийн зүй тогтлыг бүрэн дүүрэн эзэмшиж байж газарзүйн хичээлийг заах ёстой. Зөвхөн номын агуулгад баригдаад байвал багш хөгждөггүй. Түүнээс гадна газарзүйн хичээлийг заах явцад физик, хими, биологи, улс төр, эдийн засгийн гээд олон шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл шаардлагатай байдаг учраас тэр бүрийг нийгмийн хөгжилтэй хослуулан хэргэлж чаддаг өөрийгөө байнга хөгжүүлэх талаар санаа тавьдаг байвал сайн багш төрдөг.


Ийм учраас багшийн ажил бол тасралтгүй суралцаж байж сая гарт орж ирдэг олон жилийн хөдөлмөр шаардсан мэргэжил юм. Бага ангийн багшаас авахуулаад түүхийн, газарзүйн, нийгмийн хичээлүүдийг зааж байхад бэрхшээлтэй зүйлүүд их тулгарч байсан. Энэ бүгдэд шантралгүй өөрийгөө хөгжүүлэх гэж чармайсаар өдий зэргийн амжилтад хүрсэн гэж боддог. Мэргэжилдээ эзэн байх, юм сурч мэдэхийн суурийг бүрэн тавьж өгсөн сургууль, багш нараа дурсахад сайхан байна. Тэдний л ач гавьяа юм даа.


Танийг "47-ийн Батням" гэдэг. Та энэ сургуульд хэдэн жил ажиллав?


Энэ сургуульд 30 гаруй жил ажиллажээ. Сургуулиараа овоглуулж дуудуулах байлгүй яахав. Сургалт семинар сайхан зохион байгуулхад оролцож байсан зарим багш нар нэрийг маань сонсоод эрэгтэй хүн гэж боддог байсан гэдэг. Миний сургалтын гол арга бол хичээлийг зориулалтын кабинетад орох ёстой, үзүүлэн таниулах, харуулах үзүүлэх юмгүйгээр хичээл зааж болохгүй л гэж үздэг. Дунд сургуулийн сурагчдын нас сэтгэхүйн онцлог бол харааны хүртэхүйн чадвар өндөр байдаг. Энэ чадварыг нь ашиглан хичээл заахад сурагчид сонирхож ойлгох нь хялбар байдаг. Ажиллаж байсан сургууль бүртээ би кабинет байгуулж ажилладаг нь миний туршлага гэх юм уу арга зүй гэх юм уу мэдэхгүй. Жишээ нь Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуульд ажиллаж байхдаа байгуулсан түүхийн кабинет маань нийслэд шалгарч газраас хотын боловсролын багш нарт зориулсан мэргэжил, арга зүй сурталчилах ажил зохиож байлаа. 47 дугаар сургуульд ирээд миний байгуулсан газарзүйн кабинет бол олон жилийн минь хөдөлмөр юм. Мод, чулуунаас авахуулаад газарзүйн хичээлд шаардалагатай бүх юм тэнд бий. Үүний үр дүнд кабинет маань улсад шилдгээр шалгарч "Газарзүйн багш нарын хөгжлийн түшиц сургууль" болж байлаа.


Мөн "Газарзүйн хичээлээр шилдэг үнэлгээтэй сургууль"-аар шалгарч анх удаа газарзүйн гүнзгийрүүлсэн сургалттай болсон. Хот, хөдөөгийн олон ч багш нар ирж туршлага судалж, кабинет байгуулах талаар зөвөлгөө авсан. Ийм учраас намайг "47-ийн Батням" гэдэг байх. Газарзүйн кабинет бол музей бөгөөд чөлөөтэй сэтгэх, маргаан үүсгэх, асуудал шийдвэрлэх сургалтын нэг орчин тул хичээлийн бараг тал хувь нь бодит баримт, зураг үзүүлэн дээр тулгуурладаг. Олипиадад бэлтгэх "Е","О" гэсэн хоёр ангийг ангилан хичээлүүлдэг байсан. "Е" буюу ердийн бүлэгт сонирхсон хүүхдийг бүгдийг хамруулдаг, "О" нь олимпиадад бэлтгэх сонгон байлаа. Сурагчдыг олимпиадад бэлтгэхэд багш өөрөө цуг хөгждөг сайн талтай. Багш хичээлээ хэдийчинээ сайн зааж сурагчдын сонирхолыг төрүүлж чадна тэр хэмжээгээр сонгонд суралцах, ЭЕШ өгөх хүүхэд нэмэгддэг. Заавал газарзүйч болгох зорилгоор олимпиадад хүүхэд бэлтгэнэ гэх нь өрөөсгөл. Сонирхож буй сурагч болгоныг хамруулж чадвал багшийн чадвар тэр юм. Шавь нараас минь газарзүйч болсон хүүхэд олон бий дээ.


Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Газарзүйн багш нартаа хандаж хэлэх үгээр ярилцлагаа өндөрлөе.


Монгол улсад бүх нийтийн газарзүйн боловсролын түвшин доогуур байгаад харамсаж явдаг. Газарзүйн мэдлэг бол амьдрах ухааны суурь юм. Дунд сургуульд газарзүйн хичээлээр олон шинжлэх ухааны суурь ойлголтыг өгдөг, байгаль нийгмийн өргөн хүрээтэй асуудлыг авч үздэг учраас ямар ч мэргэжил эзэмших суурь болдог. ЕБС-д газарзүйн хичээлийн судлах цагийг нэмэгдүүлэх, газарзүйн боловсролын ач холбогдлыг ойлгуулах, таниулах олон ажлуудыг мэргэжлийн болон төрийн байгууллагууд анхааралдаа аваасай гэж бодож байна. Удахгүй энэ асуудал шийдэгдэх цаг ирнэ гэдэгт итгэж явдаг даа.


Ярилцсан: магистр.Ц.Даш 

Шинээр нэмэгдсэн