МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Эрдэмтний индэр

Ахмад багш Чимидбалдирийн Янжинхүү

"Газарзүйн мэргэжлийн төлөө одоо ч зүтгэсээр явна"


Та олон жил хөдөө орон нутагт газарзүйн багшаар ажилласан, сайн багш байсан хүн. Аливаа ажилд анхны гараа чухал гэж ярьдаг. Энэ талаар манай уншигчдад сонин байх болов уу?


Багш гэдэг бол эрхэм мэргэжил, энийг хүн болгон мэднэ дээ. Гэхдээ тэр тусмаа газарзүйн багш бол бүр “амттай" сайхан ажил. Би яагаад ингэж хэлж байна гэхлээр газарзүй бол тэр чигээрээ аялал. Хичээл дээр үзэх "сэдэв дээр" аялна, газарзүйн зураг дээр аялна, хүүхэд сонирхохгүй байхын аргагүй. Ялангуяа одоо цагт “хол юм ойртож", сонссон юм "харагддаг" болсон энэ үед газарзүйг заана гэдэг бол бүр ч сайхан байгаа даа. Би 1964 онд Завхан аймгийн Улиастай хотын 1 дүгээр сургууль төгсөөд МУИС-ийн "Газарзүйн" ангид элсэн орсон.


1969 онд газарзүйч, газарзүйн багш мэргэжлийн диплом өвөртлөн Завхан аймгийн Шилүүстэй сумын 8 жилийн сургуулиас ажлын гараагаа эхэлж байснаас хойш 50 жил өнгөрчээ. Хөдөөгийн 8 жилийн сургуульд нэг мэргэжлийн хоёр хүнийг багтаах цаг хүрэлцээгүй байсан тул миний хань А.Баттулга орос хэл зааж, би газарзүй, түүхийн хичээл зааж эхэлсэн. Энэ үед сургуулийн захирал Д. Нямаанбуу багш залуу хүн хөрвөх чадвартай байх ёстой гэж сургадаг байсан. Доржготов, Бөөрөнхий, Арилдий, Балдан, Цэдэндамба, Занданбал, Сосор болон Нямаанбуу гээд л ажлын арвин туршлагатай олон сайхан багш нар халамжлан хүмүүжүүлсний ачаар багшийн дөртэй болсон доо. 2005 онд Улиастай хотын ЕБС-д ажиллаж байгаад чөлөөнд гарснаас хойш 2012 он хүртэл хүүхдүүдэд зөвлөгөө өгсөөр л байна.


Гэртээ газарзүйн кабинеттай болохыг хүсдэг байсан тул "Нүүдлийн кино заал" гэж нэрлэгдсэн жижигхэн байшинтай хашаан дахь гэртээ жилийн жилд аймгийн төвийн болон хөдөө сумдын сургуулиудаас ирсэн хүүхдүүдэд давтлага их өгдөг байсан нь ач холбогдолтой байв. 1970-1980 онд хөдөөд 8 жилийн сургууль олноороо байгуулагдаж байсан үед 4 удаа газарзүйн кабинет, цаг уурын ажиглалтын талбай, ногооны хүлэмж байгуулан ажиллаж байсан. 2005 онд аймгийн тэргүүний кабинет болон шалгарч байлаа.


Кабинетдаа газарзүйн зураг, ширээний атлас, глобус, луужин гэх мэт бэлэн үзүүлэх тараах материал, орон нутгийн хөрс ургамал, чулуулгийн дээж цуглуулга, тараах материал, газарзүйн холбогдолтой унших номын булан, сэдвийн боловсруулалтууд, тестийн сан, газарзүйн бодлого дасгалын тараах материал, дасгалын зураг болон шугам, гортиг, харандаа, өнгийн будаг зэргийг бэлтгэн тавьдаг байсан нь хүүхдүүдэд тустай байсан гэж боддог.


Таныг газарзүйн мэргэжлээр олон шавь бэлтгэснийг бид мэднэ. Гэхдээ зөвхөн хүүхэд бэлтгээд, хичээл заагаад зогсохгүй юм юм оролдож сэддэг багш байсан гэлцэх юм?


Тийм ээ. Нээрээ л багш хүн тал талын авъяастай байхгүй бол болдоггүй. Хүүхдийн авьяасыг илрүүлж түүнийг хөгжүүлэх нь багш хүн бүрийн үүрэг байдаг. Газарзүйн шинжлэх ухаан бол байгалийн ухааны суурь нь бөгөөд бусад хичээлүүдтэй их холбоотой тул өөрийн оршин суугаа нутгийн газарзүйн байрлал, гадарга, уур амьсгал, хөрс, ургамал, амьтан тэдгээрийн аж ахуй, үйлдвэрлэл, хүний аж амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тодорхой баримттай зааж чадвал ургамал судлаач, амьтан судлаач, эм зүйч, геологич гэх мэт төрөл бүрийн мэргэжил сонгоход нь нөлөөлдөг.


Ш.Шагдар, Г.Содномваанчиг багш нарынхаа анхлан санаачилсан улсын газарзүйн олимпиад эхэлсэн цагаас нь сурагчдаа бэлтгэн, олон ч удаа амжилт гаргаж байв. Тухайлбал, 2005 онд шавь О.Баттогтох алтан медаль, 2006 онд Б.Мөнхтөр мөнгөн медаль, 2012 онд хүрэл медаль авч байв. Жил болгон л шалгалтад хүүхэд бэлтгэдэг, тэд маань ч амжилт үзүүлж их, дээд сургуульд орж байсан нь ч эдүгээ Газарзүй, байгаль шинжлэлийн багш, кадастр, геологич, аялал жуулчлал, хөрс судлаач, байгаль хамгаалагч гэх мэтзэрэг олон чиглэлээр мэргэжил эзэмшин ээд эх орныхоо өнцөг булан бүрд ажиллаж сайн сайхан яваад нь талархаж явдаг даа.


МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ой инженерчлэлийн тэнхмийн ахлах багш, доктор Д.Батсүрэн (Ph.D) нарын олон шавь нараа дурсахад таатай байна. Миний хүү Б.Мөнхтөр МУБИС-ийг газарзүй- байгаль шинжлэлийн багш мэргэжлээр (2005) төгсөн мэргэжлийг минь өвлөн авсанд баяртай явдаг.


Багшлахын хажуугаар орон нутгаа судлах, Завхан аймгийн төв цэгийг тодорхойлох, гарын авлага бичих, нутгийн атлас зохиох зэргээр юм юм л оролдож хийх гэж хичээж явлаа. Миний тодорхойлсноор Завхан аймгийн төв цэг нь Эрдэнэ-хайрхан сум, Бургастын нуруу х.ө 48°14', з.у 96°15', д.т.д 2650 м гэж үзсэн. Орчин үед GPS зэрэг нарийн багаж хэрэглэгдэхүүн гарсан үед үүнээс нарийвчлалтайгаар тооцоолохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ л өөр хувилбар одоогоор гараагүй, энэ солбицол нэг их өөрчлөгдөхгүй л болов уу. Орон нутгаа судлахын хувьд газарзүйн мэргэжил эзэмших гэж оюутан байхдаа жил бүр ямар нэгэн газарт очиж хээрийн дадлага хийдэг байсан нь нөлөөлсөн байх. Хээрийн дадлага бол газарзүйн мэргэжлийн хувьд лабораторт ажиллаж байна л гэсэн үг шүү дээ. 1967 онд Герман-Унгарын хамтарсан экспедицтэй хамт хээрийн дадлагад явж Ховд аймгийн Цэцэг сумын Уушгийн хөндийд худаг гаргаж болох цэгүүд тэмдэглэх зорилготой ажилласан минь одоо ч санаанд тодхон санагдаж байна. Уушгийн хөндий нь бэлчээр сайтай боловч үргэлжилсэн чулуун дэвсгэртэй тул өрөмний хушуу хугараад худаг гаргаж чаддаггүй байсан юм билээ. Энэ дадлагын явцад Ажлын үр дүнд худаг гарах боломжтой олон хэд хэдэн цэг тэмдэглэсэн нь нутгийнханд хэрэгтэй зүйл болсон.


Газарзүйн багш нараас ном бичсэн хүн тийм ч олон биш байх. Таны туурвисан "Газарзүйн бодлого, дасгал" ном их эрэлттэй, практикт ойр болсон гэцгээж байна?


Газарзүйн зургийн мэдлэг, чадвар бол соёлтой хүн бүрийн эзэмших ёстой зүйл. Зүйрлэвэл, аль нэг гадаад оронд зорчих боллоо гэхэд л хаашаа явж байгаа юм, тэнд нь өдийд ямар цаг агаартай байх юм, гоц сонин юм юу байх бол гэхчлэн хүн болгон л боддог. Энэ болгонд газарзүйн зураг л хариу өгнө. Мэдээж дээрээс нь газарзүйн бусад мэдлэг, чадвар шаардлагатай. Иймд газарзүйн багш хүн сурагчдыг газарзүйн зураг уншиж сургах, төрөл бүрийн хэмжилт хийх, бие даасан бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Ийм зорилгоор олон жилийн турш өөрөө бэлтгэн ашиглаж байсан материалаа нэгтгэн ном гаргахаар шийдсэн. Угаасаа миний үед газарзүйн бодлого, дасгалын ном, сурах бичиг ч ховор байсан тул өөрөө бэлдэхээс аргагүй байдаг байв. 2000 оноос хойш бэлтгэсэн “Газарзүйн бодлого дасгал" номыг минь МУБИС-ийн зурагзүйн багш П.Энхжаргал хянан тохиолдуулж, үр хүүхдүүд ахан дүүсийнхээ тусламжтайгаар 2019 онд хэвлүүлсэн. Энэ ном нь газарзүйн олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх багш, сурагч, их дээд сургуулийн оюутан залууст хэрэгтэй зүйл болсон байх гэж итгэж байгаа.


Ахмад багшийн хувьд залуу багш нарт өгөх таны зөвлөгөө үнэтэй байх болов уу гэж бодож байна?


Багш гэдэг маш их хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй сайхан мэргэжил. Залуу багш нар болон газарзүйн мэргэжил эзэмшиж буй оюутан сурагчид та бүхэнд хандан зөвлөхөд:

  • Хүн өөрийнхөө сайн мэддэг зүйлээ бусдад сайн ойлгуулах чадвартай байдаг тул хамгийн түрүүнд газарзүйн шинжлэх ухааныг оройд нь хүртэл сайн мэдэхийг хичээх нь зүйтэй.
  • Мэдэж сурсан зүйлээ сурагчдад ойлгуулахын тулд тогтсон арга барилтай маш сайн заах аргач байх нь чухал. Хичээл бүрийг нээлттэй заадаг багш болохын төлөө өөрийгөө дайчилж ажиллаарай. Багш хүн харилцааны соёлыг сайтар эзэмшсэн байх хэрэгтэй.
  • Сурагчдыг өөрийн хүүхэд шиг хайрлаж, тэднийг урамшуулж дэмжиж хөгжүүлж, сурахын ач холбогдлыг ойлгуулж, мэргэжлээ зөв сонгоход нь туслаарай. Өөрийнхөө мэдлэг боловсрол, заах арга, хувь хүний хөгжлийг дээшлүүлэхийн тулд цаг заваа зөв зарцуулж үргэлж шинэлэг зүйлд тэмүүлэн их уншиж түүнийгээ ажил мэргэжилдээ тусган хэрэгжүүлдэг байгаасай.
  • Газарзүйн хичээлийн заах цаг багасаж байгаа учраас хөрвөх чадвартай байх нь маш чухал болж байна.
  • Мэдсэн сурсан зүйлээ олонтой хуваалцаж байвал эргээд бусдаас сурах боломжтойг санаж явахад илүүдэхгүй шүү. Ер нь эзэн хичээвэл заяа түшнэ. 

Шинээр нэмэгдсэн