"Ямар ч ажилд сэтгэлээсээ хандах нь амжилтын үндэс"
Таньд багш нарын баярын мэнд хүргэе! Таныг газарзүйн багш нартайгаа танилцуулж ажил мэргэжлийн туршлагаасаа хуваалцана уу гэж ярилцлагандаа урьж байна.
Юуны өмнө "Геофорум" сэтгүүлийн уншигчид, багш нар, оюутнууддаа баярын мэнд хүргэе! Намайг сэтгүүлийн дугаарт урьсанд баярлалаа. Нийгмийн хөгжлийн хурд, оюуны сэтгэлгээ өөр болсон орчин үед миний ажиллаж байсан үеийн туршлага хэрэг болох болов уу даа. Гэвч аль ч нийгмийн үед сургууль бол багшийг үргэлж хөгжил хөдөлгөөнд байхыг шаарддаг, одоо энэ шаардлага улам ч нэмэгдсэн юм шиг харагддаг.
Та гавьяаныхаа амралтад гараад нилээд хэдэн жил өнгөрлөө. Сургуультайгаа холбоотой байна уу?
Би 1969 онд УБДС-ийн (хуучин нэрээр) түүх- газарзүйн ангийг төгссөөс хойш дөч гаруй жил багш, хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллажээ.
Амьдралын минь ихэнх хугацаа сургуультай холбоотой өнгөрсөн болохоор хашааны хажуугаар нь өнгөрсөн ч дотно сайхан санагддаг. Сургуулиас багш нарын баяраар ахмадуудыг урьж, үе тэнгийнхэнтэйгээ уулзаж ярилцахад сайхан л байдаг. Манай гэр бүл ч багш олонтой, эхнэр Ч.Жамбалсүрэн цэцэрлэгийн багш, 3 хүүхэд маань боловсролын салбарт ажиллдаг болохоор мэдээлэлд ойр байдаг. Би ач нарынхаа телевизийн болон онлайн зарим хичээлийг сонсож сонирхдог юм. Гэрийн нөхцөлд онлайнаар хичээлд оролцож буй хүүхдийн хандлага, анхаарал, идэвх, багш сурагчийн харилцаа, заах арга зүй, ур чадвар зэргийг харахад дэвшилттэй ч юм байна, дутагдал ч байна. Үүнийг судалж үзвэл сонирхолтой судалгаа болж магадгүй. Багш, сурагч, эцэг эхийг холбож байгаа цахим орчин бол бидний үед байгаагүй хэлбэр. Өмнө нь багшийн хичээлийг сонсдог, хүүхдээ хэрхэн сурч буйг ажигладаг эцэг эх ховор, тийм нөхцөл ч бага байсан. Одоо цахим сургалтын явцад гэр бүл өөрийн эрхгүй татагдан орж хүссэн ч хүсээгүй ч сонсож, харж байна. Ер нь ур чадвар, мэдлэг, арга зүй сайтай багш нар илт ялгаатай байна. За ийм маягаар хичээл, сургуультай одоо ч холбоотой хэвээрээ.
Та дунд сургуулийн хэмжээнд байдаг бүх албан тушаалд ажилласан байна. Ер нь ажиллахад аль нь илүү хэцүү алба бэ?
Миний ажиллаж байсан үе бол одоогийнхоос их өөр тогтолцоотой, багшийн мэргэжил, нэр хүнд сайн, цалин ч өндөр байж. Ер нь шат шатандаа тохирсон үүрэг хариуцлагатай. Аль нь ч надад хэцүү байгаагүй. Хийх ажил тодорхой, боловсролтой, хариуцлагатай баг, хамт олон ажилладаг салбар учраас. Багш нартай ажиллахад амар байдаг нь хүүхдийг хүмүүжүүлэх үүргээ мэддэг, өөрсдөө үлгэр дууриал болох ёстойгоо ойлгосон байдаг. Би Сүхбаатар аймагт захирал, хичээлийн эрхлэгчээр, Бор-Өндөрийн сургуульд багшлахдаа тийм л сайхан хамт олон дунд олон жил ажилласан. Сэтгэл хангалуун байдаг. Ямар нэгэн албан тушаал, алдар нэр хүсэж явсангүй, гавьяа шагнал горьдож байгаа мэтээр боловсролын салбарт амьдралаа зориулсан, насаараа зүтгэлээ гэж ярьдаггүй. Эзэмшсэн мэргэжлээрээ сайн ч ажилласан, цалин сайтай сайхан ч амьдарсан. Энэ миний хувьд бахархал.
Багш мэргэжлийн онцлог, багш хүний гавьяаг юу гэж тодорхойлох вэ?
Багшийн ажлын онцлог бол үр дүн нь их хожуу гардаг, нүдэнд ил байдаггүй, нийгэмд үнэлэгдэх шалгуур бага гэх мэт олон шалтгаан байдаг байх. Бусад мэргэжлээс ялгаатай нь хүүхдийг сургаж хүмүүжүүлэхэд ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа мэт үр дүн нь шууд харагдахгүй, хугацаа шаардсан ажил учраас тэр. Миний ажиллаж байсан үед хичээл заахаас гадна сурган хүмүүжүүлэх уншлага, заах аргын ур чадварын уралдаан гэх мэт багшийг хөгжүүлэх, мэргэжилдээ өсөж дэвжихэд нь хэрэгтэй сургалт семинар их байсан. Ялангуяа 90-ээд онд “Шавь төвтэй сургалтын технологи" нэртэй үндэсний семинарт би 10 гаруй удаа оролцож нэг удаа тусгай байр, бусдад нь тэргүүн байруудад шалгарч байсан.
Сургалтын арга зүйн талаар бичсэн өгүүллүүдээс дөрөв нь Боловсролын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг байсан “Шавь төвтэй сургалтын арга зүй” сэтгүүлд хэвлэгдсэн. Эдгээр өгүүлэлд газарзүйн хичээлээр амьдрах ухааны мэдлэг эзэмшүүлэх чиглэлээр судалж хэрэгжүүлсэн үр дүнгийн талаар бичиж байсан нь орчин үед “моод”-нд ороод байгаа тогтвортой хөгжлийн боловсролтой ихээхэн холбогдсон сэдвүүд юм. Энэ чиглэлээр дунд сургуулийн газарзүйн хичээлийн хэд хэдэн жижиг гарын авлага хэвлүүлсэн. Бас "Орон нутаг-ІІІ" сурах бичгийг хамтран зохиосон нь сургалтад 10-аад жил ашиглагдсан байдаг. Эдгээр ажлын үр дүнд "Алтан гадас", "Хөдөлмөрийн гавъяаны улаан туг"-ийн одонгоор шагнуулсан. Ер багшийн гавьяа шагнал бол хийж буй ажлаараа нийгмийн хөгжилд болон олон хүнд хүртээлтэй болсноороо үнэлэгдэх байх.
Газарзүйн боловсролд гавьяатай хүний тоонд ардын багш Г. Батсүх, Ш. Шагдар, Г. Содномваанчиг, Е. Батчулуун нар лавтай орно. Би Г. Батсүх багшаар хичээл заалгаж байсан. Тэр үед гавьяат ч юм уу ардын багш гэдгийг мэддэггүй, “герман Батсүх” л гэдэг. Герман хүн шиг цаг баримталдаг, ажлаа яс хийдэг, хатуу шаардлагатай, шөнө орой болтол суудаг багш байсан. Энэ хүн германчуудаас ийм чанар сурсан байж магадгүй, харин би энэ хүнээс ингэж хөдөлмөрлөдөг юм байна гэдгийг л сурсан. Ингэж хүний ажил амьдралд нөлөөлж чаддаг хүнийг л гавьяатай гэж хэлнэ дээ. Миний хичээл зааж байсан шавь нар ямар ч байсан гол руу машинаа оруулаад угаахгүй. Тэгэхээр би ч гэсэн гавьяатай
хүн мөн биз дээ (инээв).
Таныг сайн хөгжимчин, ая зохиогч гэдгийг бусад хүн мэдэхгүй байх. Та хөгжмийн тусгай боловсрол эзэмшсэн үү?
Хөгжмийн тусгай боловсролгүй. Урлагийн мэдрэмжтэй байх нь багш хүний бас нэг чадвар.
Би оюутан байхдаа гитар тоглодог байсан. Дараа нь баян хуур, аккордеон тоглож байгаа хүнийг хараад сурах юмсан гэж маш хорхойссон. Хөгжим тэр бүр олдохгүй. Баян хуур хөгжмийн товчлуурын байрлалыг цаасан дээр зурж аваад хуруугаараа дарж дасгал хийдэг байлаа. Заримдаа сургуулийн хөгжмийн багшаас ганцхан цаг баян хуур тоглох зөвшөөрөл авч баярлаад хичээл тарахыг тэсэн ядахдаа нөгөө цаасаа энгэр дээрээ нааж байгаад багшийн хичээлийг анхаарч буй дүр эсгэн цаасаа харахгүйгээр товчлуурын байрлалыг олох дасгал хийдэг байж билээ. Ингэж л бие дааж тоглож сурсан юм.
Сургуулийн концерт, урлагийн үзлэгийг мөн ч олон удаа найруулж тавьсан. Нутаг орон, байгалийн сэдэвтэй дуугаар эхэлдэг хичээл надад олон байсан. Аккордеон, баян хуур, гитарыг өөрөө дараад, сурагчдын хамт дуулж хичээлээ эхлэхээр хүүхдүүд өнөөдөр тийм сэдэв үзэх нь гээд мэдчихдэг байж билээ. Энэ бол сурагчдыг сэдэлжүүлэх хамгийн энгийн жишээ юм.
Хүүхдийн хэд хэдэн дуунд ая зохиосон, дуу хөгжмийн хичээлийн программд орж заагдсан нь ч бий. Одоо баян хуур хөгжмийн бяцхан шавьтай болоод хоёулаа хичээллэж байна.
МУБИС-ийн Газарзүйн тэнхим Бор-Өндөрийн сургуультай хамтран ажиллаад 20 гаруй жил болж байна. Та оюутнуудад зориулж сонирхолтой лекц олон уншсан. Газарзүйн боловсролын ач холбогдлын талаар оюутнууд болон залуу багш нарт товчхон зөвлөгөө өгнө үү?
МУБИС-ийн Газарзүйн тэнхимийн оюутнууд Бор-Өндөрийн сургуулийн үйл ажиллагаа, уулын баяжуулах үйлдвэртэй танилцах зорилготой дадлагыг 20 гаруй жил хийж байна. Дадлагыг үр дүнтэй зохион байгуулах талаар Дүгэрсүрэн захирал их анхаарч сэтгэл гаргаж ажилласан. Манай Дүгэрээ нийгэм-эдийн засгийн газарзүйн хичээлийг ой тоонд буутал заана. Маш өвөрмөц арга зүйтэй, зохион байгуулах авьяастай чадалтай багш нарын нэг. Манай сургуулийн багш нар Шинэцогт, Алтансүх, Сийлэгмаа, Нямдаваа, сургалтын менежерүүд, бусад багш нар ч амралтын өдрүүдээр бүтэн ажиллаж энэ дадлагыг амжилттай зохион байгуулхад идэвхитэй оролцож байсан. Үүнийг цаашид тасралтгүй үргэлжлүүлэх ёстой гэж боддог. Хайлуур жонш, төмрийн хүдрийг олборлохоос авахуулаад баяжуулах, экспортлох хүртэл үе шатыг үзсэн оюутан байгалийн нөөц баялгийг ашиглах, эдийн засгийн ач холбогдлын талаар төвөггүй ярьж тайлбарлаж чадна.
Өнөөдөр ямар ч хүн байгалиас тусдаа амьдрахгүй шүү дээ. Нэг жишээ хэлье. Одоо машин жолооддоггүй хүн байхгүй болжээ. Дугуйгаа өвөл нь чангахан, зун сулавтар хийлдэг нь агаарын халж, хөрөх үзэгдэлтэй шууд холбоотой. Малчид төдийгүй хотынхон цаг агаарын мэдээг ойлгож ашигладаг байх, хувцсаа тохируулан өмсөх, аялагч хүн газар орны онцлог байдлыг үнэлж дүгнэж замаа аюулгүй зөв сонгодог гэх мэт бидний амьдралд тохиолдож байдаг маш олон асуултад хариулт өгдөг. Үүнд л газар зүйн шинжлэх ухааны үнэ цэн оршино.
Нүүдэлчин монголчууд амьдрах ухааны, шинжлэх ухааны, эдийн засгийн сэтгэлгээтэй байжээ гэж боддог. Ийм сэтгэлгээг бидэнд өвлүүлэн үлдээсэн байдаг. Би малчны хүүхэд учраас аав ээжээсээ байгалийг танин мэдэх ухааныг өвлөсөн нь газарзүйн хичээл заахад сонирхолтой төдийгүй хялбар байдаг. Залуу багш нартаа хандаж дараах зөвлөгөөг өгье:
1. Мэргэжлийн онол, заах арга зүйн сүүлийн үеийн ололт, шинэлэг зүйлийг соргогоор мэдэрч, хичээл бүртээ тусгаж бай.
2. Тухайн хичээлийн сэдэв амьдралд хэрхэн хэрэглэх талаар энгийн жишээ олон бий
3. Зөвхөн онол ярихаас зайлсхийх, онолыг амьдрал дээр батлах юу байна ол
4. Цэвэр, цэмцгэр хувцаслаж, нүүрэндээ баясалтай, хичээлээ хурдацтай цоглог удирд
5. Хичээлийн сэдэвтэй холбоотой зүйр үг, оньсого тааврын үндэслэлийг хүүхдүүдээр тайлбарлуулах
6. Дуулсныг хураавал эрдэм гэдэг. Зөвхөн хураагаад, савлаад суух биш задлан шинжилж, эргэцүүлэн бод, амьдралдаа хэрэглэ гэсэн ухаан түүний цаана бий гэдгийг санаж яваарай
Би залуудаа заах гэж буй сэдвээ урьдчилан бэлдэхийн тулд сургууль дээр орой болтол их суудаг байж. Тэр үед өвлийн улиралд аймаг, сумын албан газруудын халаалт их муу, ангид пальтогоо нөмрөөд суухаар хөл даараад хэцүү байдаг ч шинэ санаа, арга зүйг нэвтрүүлэх гэж их хичээдэг байсан. Ингэж бэлтгэсэн хичээлээ заахад ч урамтай, бас сурагчид шинэ санаа олныг гаргадаг юм. Тэрийг нь дараа дараагийн ангид нэмж сайжруулаад яваад байвал ямар ч сэдэв гарт ороод л ирдэг. Багш нар сурагчдаасаа суралцах гэдгийг мартаж болохгүй. Хүүхдүүдээс бидний бодоогүй, санаагүй маш сонин сэдэл, өгөгдлүүд гардаг юм шүү.
Ер нь аливаа ажлыг хийе, бүтээе гэсэн сэтгэл байхад үр шим, амжилт аяндаа дагана. Амжилт гэдэг үг бүгдийг амжуулах гэсэн давхар утгатай юм шүү. Дашрамд хэлхэд, залуудаа ингэж даарч суусны үр дагавар их хожим илэрдэг юм байна. Иймээс хувцсыг шинээс нь, биеийг залуугаас нь хайрлах гэдэг сургаалаар багш нар эрүүл мэнддээ байнга анхаарч байхыг зөвлөе. Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдана гэдэг юутай үнэн.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ярилцсан: Боловсролын хүрээлэнгийн
мэргэжилтэн Б.Алтансүх