МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Эрдэмтний индэр

Газарзүйн салбарын анхны төгсөгч, ахмад багш Дашийн Дуламсүрэн

Дашийн ДУЛАМСҮРЭН

Багшийн институтийн газарзүйн салбарын анхны төгсөгч


Энэ дугаарт Улсын Багшийн институтийн Газарзүйн салбарын (хуучин нэрээр) анхны төгсөгч, ахмад багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан, эдүгээ гавьяаныхаа амралтад буй Дашийн Дуламсүрэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Сайн байна уу? Сайхан зусаж байна уу? Юуны өмнө таны төрж, өссөн нутаг, бага насны тань талаар яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?


Мэнд ээ, амар байна уу? Сайхан зусаж байна, зуншлага сайхан даа. Би Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Шүүт гэдэг газар 1933 онд төрсөн. 1942 онд сумын бага сургуулийн 4 дүгээр ангиа төгсөж, дараа нь аймагт үргэлжлүүлэн суралцаж 1953 онд 10 дугаар анги төгссөн. Оюутан болох хугацаанд хотод амьдарснаас өөрөөр энэ сайхан нутаг уснаасаа үндсэндээ холдоогүй хүн дээ. Энд л төрж өсөж, эндээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.


Таныг Улсын Багшийн институтийн Газарзүйн салбарын (хуучин нэрээр) анхны төгсөгч гэж дуулсан. Өөрөөр хэлбэл, та бол энэ сургууль (одоогийн МУБИС)-ийн түүхийн нэг хуудас болсон хүн. Энэ сургуульд хэрхэн элсэж, оюутан болов?


Тэр үед 10 жилийн боловсролтой хүн цөөхөн байсан учраас их дээд сургуульд шууд элсүүлдэг байв. Дунд сургууль төгсөхөд намайг МУИС-ийн хүний их эмчийн ангид сургахаар аав, ээж маань шийдсэн юм. Би ч бөөн баяр, Улаанбаатар явна, эмч болно гээд л. Тэр үед машин тэрэг ховор, аймгаас хот орох гэдэг бол бараг гадаад явахтай адил байжээ. Ингээд хотод иртэл сургуульд элсэх хугацаа өнгөрч хичээл эхлээд хоёр долоо хоног өнгөрчээ. Энэ үед миний адил сургуулийн элсэлтээс хоцорсон хүүхдүүд их байсан тул биднийг буцаалгүй шинээр байгуулагдсан Улсын Багшийн Институтэд хуваарилсан юм. Сургууль дээр очтол нүдний шилтэй, өндөр цагаан хүүхэн буриад аялгаар чи хаанаас яваа хүүхэд вэ, ямар мэргэжлээр сурах вэ зэргээр асуусан нь гавьяат багш Долгормаа байсан юм. Манай аймагт оросууд их ажилладаг, тэдний нөлөө их байсан учраас орос хэлэнд арай дөнгүүр шалгагдсаныг мэдээд Б.Долгормаа багш шинээр нээгдсэн газарзүйн ангидаа намайг авсандаа.


Дунд сургуульд байхдаа улс орнууд, байгаль дэлхийн талаар сонирхдог хүүхэд байсан болохоор газарзүйн ангид дуртайяа орсон. Хичээлийн эхний өдөр ангид ортол багш бололтой настай хүмүүс сууж байв. Энэ багш нарт дахиад л шалгалт өгөх юм байна гэж их сандарч байтал Долгормаа багш та нар ингээд нэг ангийнхан боллоо гэдэг байгаа (инээв). Манай ангийн 35 оюутны арваад нь дунд сургуулиас, бусад нь 25-52 настай, ихэнх нь аймаг, сумын сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, багш, өөр өөр ажил хийж байгаад элссэн хүмүүс байсан юм. Би дөнгөж 10 жилээ төгссөн, учраа мэдэхгүй охин ахмад оюутнуудыг Зундуй өвөө, Долгорсүрэн эмээ дуудаж олны доог болдог байв. Ингэж энэ сургуулийн оюутан болсон түүхтэй.


Тэр үеийн сургууль, сургалт, багш нар, оюутны талаар тодруулан ярьж өгнө үү?


Улсын Багшийн Институт бол Монгол Улсын засгийн газрын ордон байсан байранд байдаг тул Улаанбаатар хотын хамгийн гоё барилгад тооцогдоно. Анх ороход сүрдмээр, өмнө нь ийм байранд хичээллэх бүү хэл, хараа ч үгүй байсан болохоор их сайхан санагдаж байлаа. Манай анги бол Улсын Багшийн Институтэд газарзүйн мэргэжлээр дагнан суралцсан анхны элсэлт байсан. Багшийн институт 1951 онд байгуулагдахад Багшийн сургуулийн Байгаль- газарзүй-химийн 1 дүгээр анги төгссөн хүүхдийг 2 дугаар анги болгож авсан. Энэ анги 1953 онд төгсөлт хийсэн. Яг газарзүйн мэргэжлээр бол 1953 онд элссэн нь манай ангийнхан юм. Энэ ангид Нанзад, Сумьяабэйсийн Зундуй, Галсангийн Доржпалам, Булганаас Маналжав, Өвөрхангайгаас Норовлхам, Архангайгаас Насан, Сэлэнгээс Нямаа, Төв аймгаас Дашзэвэг, 3. Махмин нар гээд 20 гаруй хүн суралцаж, 1956 онд төгссөн. Заримыг нь мартжээ.


Сургалтын хувьд багш нарын мэдлэг маш өндөр, ихэнх нь гадаадад төгссөн, ихэнх хичээлийг орос хэл дээр үздэг байж. Манай сургуулийн зарим ахмад оюутнууд сургуулийн захиргаанд монгол хэл дээр хичээл үзэх санал тавьснаар мэргэжлийн хичээлийг монголоор орох болсон юм. Тивүүдийн газарзүй, Гадаад орны эдийн засгийн газарзүйн багш Смаугелын Тусип 1955 онд Алма-Атагийн Багшийн дээд сургууль төгсөж ирсэн, монгол хэл мэдэхгүй шахам байсан. Тэр үедээ Тусип багшид монголоор ярихаасаа оросоор заах нь илүү байх шиг байсан учир надад оросоор заалгах нь дээр санагдаж байсан. "Герман" Батсүх гэдэг багш хичээл заахаасаа илүү биеэ авч явах тухай, соёлч боловсон байх, багш хүн ямар байх талаар их сургадаг байж. Гэхдээ Г.Батсүх багш хагас жил орчим л заасан санагдана. Монгол орны газарзүйг Б.Долгормаа багш заана. Түүний заах арга, ярих илтгэх чадвар тун гайхалтай. Эдийн засгийн газарзүйг Б.Гунгаадаш, Орос хэлийг Слевеванова, Хөрс, цаг уурын хичээлийг Ч.Дүвжир гэж Москвагийн их сургуулийг төгсөж ирсэн өндөр шар залуу, оросоор ямар ч аялгагүй ярьдаг, орос үгийг хуучин монгол бичгээр товчлон бичсэн жижигхэн дөрвөлжин цаасыг бүтэн хичээл болгож ярьдаг гэх мэт одоо бодоход монголын урдаа барьдаг эрдэмтдээр хичээл заалгаж байжээ, Тухайн үедээ тэд эрдмийн зэрэг цолгүй бүгд л залуухан багш нар байсан. Хожмоо цөм монголын газарзүйн шинжлэх ухаанд нэртэй эрдэмтэд болцгоосон доо.


Оюутан ахуй цагийн нэг сайхан зүйл нь хээрийн дадлагад оролцож, суралцаж буй мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгож ухаарах явдал юм. Газарзүйн шинжлэх ухааныг хээрийн дадлага хийхгүйгээр ойлгохгүй гэж Ж.Дүгэрсүрэн (Францад суралцаж байсан, хичээлээ буриад аялгаар их гоё заадаг) багш ярьдаг байв. Зил-130 машины тэвшин дээр суугаад Горхи-Тэрэлж рүү хүргүүлнэ. Майхан барьж суурьшаад дан явганаар маршрут хийж байсан. Горхийн уулс, Шохой цагаан булаг, Туулын хөндий гэх мэт газраар хөрс, ус, ургамал, цаг агаарын хэмжилт судалгаа хийнэ. Хээрийн нөхцөлд танхимын хичээлээс ч их тэмдэглэл хийдэг, түүнчлэн багш болон ганц хоёр оюутантай хамт хамгийн сүүлд явдаг байсан санагддаг. Би чинь тал хээрийн, Монгол орны зүүн хязгаарын охин тул уул хадаар явахдаа тааруу, байнга л сүүл мушгидаг байлаа. Дүгэрсүрэн багш маршрутаар явж хичээлээ зааж дуусаад л хээр шууд унтаад өгнө, унтахдаа хурхирна. Яг 15 минут унтаад босно. Бид ч багшийнхаа энэ “хурдан унталт"-ыг сураад, хавар шалгалтын үеэр ширээгээ дэрлээд яг 15 минут унтаад сэрдэг байв. Та бүхэн мэдэх л байх, ингэж богино хугацаанд унтаад сэрэх эрүүл мэндэд их сайн, маш сайхан амардаг шүү дээ.


Сүүлд "Ардын багш" болсон Ш. Шагдар манай доод ангийнх бөгөөд Чойбалсангийн нэрэмжит цалинт оюутан байлаа. Сурган хүмүүжлийн хүрээлэнд ажиллаж байхдаа орон нутгийн сургуулиар явж газарзүйн шинжлэх ухаан, заах арга зүйн зөвлөгөө их өгнө өө. Заримдаа шалгалтаар ирэхдээ “Дууяа найз минь нутагтаа ирээд энэ сайхан мэргэжлийг олон зуун шавь нарт түгээж байгаа нь сайн хэрэг шүү. Ийм сайн ажиллаж байхад би юуг нь шалгах вэ?" гэж инээдэг сэн. Бидний үед ном, сурах бичиг ховорхон, хотоос албаныхан шалгалтаар ирэхэд айж сандрахаас илүүтэй шинэ содон зүйлс сонсохыг л их хичээдэг байлаа.


Сургуулиа төгсөөд яагаад нутагтаа очих болов? Улаанбаатарт үлдэх бодол байв уу?


Тэр үеийн нөхцөл байдал, хөдөө орон нутагт мэргэжлийн боловсон хүчин цөөн байсан учраас шууд орон нутагт хуваарилдаг хатуу хууль журамтай байв. Хотод үлдэх боломж байгаагүй. Төгсөөд Чойбалсан хотын төмөр замын 8 жилийн сургуульд багшаар очсон. Анх багш болоод сурагчидтайгаа танилцаж байхад бараг л аймаг бүрээс ирсэн хүүхдүүд байсан. Чойбалсан хот зүүн бүсийн аж үйлдвэрийн томоохон төв болж байсан учраас аль ч нутгаас илгээлтээр хүмүүс ирдэг байв. Их дээд сургуулийг янз бүрийн мэргэжлээр төгссөн хүмүүсийг аймаг, сум харгалзахгүйгээр хуваарилдаг, барилга, хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт залуучууд олноор ирцгээдэг, оросууд ихтэй, шинэ маягийн хот болж байсан учраас надад Улаанбаатараас ялгаагүй санагддаг байж. Энэ сургуульдаа гэр бүлийн хүнтэйгээ учирч 3 сайхан хүүхэдтэй болж 30 жил багшлаад тэтгэвэрт гарсан. Одоо 90 нас хүрч байна. Манай нөхөр Доржпалам бага анги болон биеийн тамирын багш байсан. Дорнодын тэргүүний шатарчин хүн.


Газарзүйн хичээлийн онцлогийг та юу гэж боддог вэ?  30 жил ажиллана гэдэг ихээхэн туршлага хуримтлуулж өөрийн гэсэн арга барилтай болсныг илтгэнэ. Энэ талаар яривал?


Юуны түрүүнд жинхэнэ багш болохоос л эхэлнэ. Багшийн ажил их хариуцлагатай, үнэ цэнтэй, бас их бахархам сайхан мэргэжил юм. Газарзүйн багш байх нь орон зайн мэдрэмжтэй, эх дэлхийгээ таньж мэддэг, газар орноо судалдаг, улс ардын амьдралын хэв маяг, хэл соёл нь газар нутгийн онцлогоос хамаардаг зэрэг өргөн цар хүрээтэй мэдлэгээс эхэлнэ. Тив дэлхийг хажууд мэт таниулдаг, гараг эрхсээр аялуулдаг, хорвоогийн уужим, холын улс орныг ч дэргэд авчирдаг нь газарзүйн хичээл юм шүү дээ. Газарзүйн хичээл хүнд цогц боловсрол олгодог онцлогтой. Тухайн үед сурагч гэлтгүй насанд хүрсэн хүн ч ялгаагүй дэлхийн түүх газарзүй, улс орны байдал гээд маш их сонирхдог байсан.


Би сурагчдыг хичээлд сонирхолтой байлгах үүднээс хичээлээ заахдаа заавал газарзүйн зураг шугам харандаатай ордог байв. Багаж хэрэгсэл ашиглаад тайлбарлахаар сурагчдын анхаарал их төвлөрч ойлгоход нь амар байдаг. Газарзүйн хичээлийн хөтөлбөрт тойрон аялал хийх гэж 2 цагт л багтахаар сэдэв төлөвлөсөн байдаг байлаа. Тэр нь сургуулийн хичээлийн хөтөлбөрт биш зөвхөн багшийн хичээлийнх. Үүнийг би сургуулийн хэмжээнд хэрэгжүүлж сургууль тарсны дараа багш, сурагчдыг хамарсан аялал зохион байгуулдаг болсон юм. Манай сургуулийн хичээлийн эрхлэгч Цэрэндэжид их дэмжиж тусалдаг байлаа. Халх гол, Буйр нуур, Сүхбаатар аймаг Шилийн Богд гэх мэт очих газрын хол ойроос хамаарч 3-7 хоног болдог байв. Манай сургууль газарзүйн хичээлд тийм их ач холбогдол өгдөг байсанд баярладаг. Энэ бол их чухал, том дэмжлэг шүү дээ. Тойрон аяллаас ирэхэд сурагчид маань өмнөхөөсөө илүү төлөвшиж илүү биеэ даасан байдаг нь сайхан. Олон ч жил тойрон аялал хийсэндээ. Ш.Шагдар (багш) тойрон аяллын хичээлийг ихээр дэмждэг, орон нутгаа судлахыг сайшаадаг, миний энэ аргыг улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх талаар их олон удаа хамтран ажилласан. Аялалд явж амжаагүй сурагчид дараа жил явахын тулд газарзүйн хичээлийг сонирхох, судлах талаар их чармайдаг болсноор манай сургуулийн хүүхдүүд ерөнхийдөө энэ хичээлийн мэдлэг бусдаас дээгүүр байгаа нь ажиглагдаж байлаа. Ингээд бодоход газарзүйн хичээл хүнд маш их зүйлсийг мэдүүлдэг, таниулдаг мөн хүмүүжүүлж төлөвшүүлдэг гэж боддог доо. Иймээс миний арга бол орон нутгаа судлах, танин мэдэх, зөв зохистой ашиглах, тэгээд хамгаалах гэдгийг л ойлгуулахад чиглэгдэж байв.


Би ажиллаж байх хугацаандаа нийт 9 удаа наймдугаар анги төгсгөсөн. Сурагчдаас маань газарзүйн багш болсон А.Улаан, Д.Цэцэг, М.Дарьсүрэн, Лхамсүрэн, Жавзмаа зэрэг сайн багш нар төрсөн. Эд нар маань ч бас олон газарзүйн багш эрдэмтэд төрүүлсэн. Хүүхдүүдээс маань багш болсон хүн алга. Харин ач зээ нараас маань бидний мэргэжлийг өвлөн багшилж буй хүүхдүүд байна аа. Манай том жижиг хоёр өрөөний хананд дэлхийн газрын зураг өлгөөтэй, ширээн дээр глобус тэгээд төрөл бүрийн шугам хэмжигч байдаг байсан. Нэг талаар зээ нараа өсгөж байгаа эмээ нь боловч нөгөө талаар өөрийнхөө мэргэжилд сонирхолтой болгох “нууц арга" байлаа (инээв). Тиймдээ ч багахан заль гарган зээ нараас аль нэг нь багш болох болов уу гэж горьдоно. Дунд охиноос гарсан 3 зээгээ багаас нь ажиглаж, сурах орчин бүрдүүлснийх манай гал дээр гарсан зээ охин Н.Гантуяа маань газарзүйд нэлээн сонирхолтой дунд сургуульд байхдаа улсын газарзүйн олимпиадад оролцож байсан. БНСУ-д 5 жил суралцаж докторын зэрэг хамгаалж одоо МУИС-ийн Газарзүйн тэнхимд аялал жуулчлалын багшаар ажиллаж байна. Бага хүүгийн охин Г.Хонгорзул мөн МУИС-ийн Түүхийн багшийн ангийг төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байна. Том охины хүү Б.Лувсандагва геологич болсон нь өсгөж хүмүүжүүлсэн эмээгийн хувьд их сайхан байдаг даа.


Манай сэтгүүл ЕБС-ийн болон их, дээд сургуулийн газарзүйн багш боловсролд чиглэгддэг. Ялангуяа шинэ залуу багш нарт хандаж зөвлөгөө хэлээч.


Юуны өмнө ахмад багш намайг сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаарын ярилцлагад урьж оролцуулсанд үнэхээр баяртай байна. Та хэдтэй ингээд сайхан ярилцаж суухад 70 жилийн өмнөх рүү буцан оюутан ахуй нас, анх багш болж байсан үе, залуу сайхан насаа дурсаад сайхан байлаа. Залуу багш нарт хандаж хэлэхэд орчин үед хүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгал өөрчлөгдөж байгаа байдал зэрэг байгаль орчны асуудлууд ихээхэн яригдах боллоо. Эдгээр нь яагаад бий болж байгаа учир шалтгааныг хүүхдүүдэд зөв тайлбарлан таниулж, ойлгуулбал ирээдүйд нутаг орноо хайрлаж, хамгаалдаг хүний тоо олон болно шүү. Энэ талаар л ихээхэн сэтгэл гаргаж ажиллаарай гэж өндөр настай хүний хувьд захимаар байна. Энэ бол газарзүйн багшийн үүрэг мөн гэж боддог.


Ярилцлага өгсөнд маш их баярлалаа. Та минь эрүүл саруул байж, улам өндөр насалж буянаа эдлэхийг хүсэн ерөөе!


Миний багш нарын залгамж халаа болж яваа Газарзүйн тэнхимийн багш нарт ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.

Ярилцсан: С.Хадбаатар

       Чойбалсан хот. 2022 он. 

Шинээр нэмэгдсэн