Монгол улсын зөвлөх багш Дашдаваагийн Цэндмаа: Улсын олимпиад бол газарзүйн багш нарын баяр юм.
Таныг манай сэтгүүл шинэ дугаартаа урьж байна. Удахгүй улсын Газарзүйн XXIY
олимпиад болно. Олимпиадад оролцож байсан түүхээсээ хуваалцах уу?
Улсын Газарзүйн олимпиадыг зохион байгуулж эхэлсэн цагаас тасралтгүй
оролцсон. Мөн ажиллах хугацаандаа улсын, нийслэлийн, дүүргийн ур чадварын
уралдаан тэмцээнд ч их оролцож байлаа. Олон ч удаа оролцлоо, зөндөө шагнал
урамшуулал хүртлээ. Зарим жил бүр 2 сурагч улсын олимпиадад шалгарч байсан.
Одоо бодоход аливаа уралдаан тэмцээн, олимпиадад түрүүлэх нь чухал биш, түүнд
оролцож өөрийгөө хөгжүүлж, бусдаас суралцаж байгаа үйл явц нь их чухал юм. Олимпиад дөхөөд ирэхээр багш нар шинэ ном хайгаад, бэлтгэнэ гээд сүржигнэж
эхэлдэг. Уг нь ямарч үед бэлэн байхын тулд байнга уншиж, судлаж байвал хэн ч
түрүүлж болно шүү дээ. Олимпиадад миний болоод шавь нарын маань үзүүлж ирсэн
амжилт үүнтэй л холбоотой. Шавь нарынхаа амжилтаас дурдвал, улсын II олимпиадад
Б.Баттунгалаг тусгай байр, III
олимпиадад Д.Мөнхцэцэг хүрэл медаль, IY
олимпиадад Б.Түвшинтөгс Б.Гантулга нар хүрэл медаль, Булганмөрөн тусгай
байр, Y олимпиадад Б.Сайханцэцэг алтан медаль, Б.Амаржаргал тусгай байр, YI
олимпиадад Г.Тэлмэн хүрэл медаль, Д.Даваа тусгай байр, YII олимпиадад
Н.Нямдаваа алтан медаль, YIII олимпиадад Ч.Нямтулга алтан медаль, С.Эрдэнэ
хүрэл медаль, X олимпиадад Ц.Цэндсүрэн хүрэл медаль авч, XI олимпиадад
Жандосоор отголсон доо. Бүгд МУИС,
МУБИС-ийн Газарзүйн ангид төлбөргүй суралцах эрх авч байлаа. Мөн нийслэл,
дүүргийн олимпиадад амжилттай оролцсон шавь нар ч олон бий. Би улсын олимпиадыг
Монгол орны аймаг, сум бүрээс ирсэн газарзүйн багш нар хоорондоо танилцаж,
мэдлэгээ хуваалцах баяр гэж боддог.
Та энэ олимпиадад ”морь” уяж байна уу? Зүгээр суухгүй байгаа биз дээ?
Үгүй, харин зөвөлгөө авахаар ирсэн хүүхдүүдэд чадах,
мэдэхээрээ тусалдаг. Багш байхдаа аймаг, орон нутгаас ирсэн хүүхдүүд танаас
давтлага авъя гэхэд нь танай, манай гэлтгүй нийлүүлээд бэлддэг байлаа. Одоо би
чинь завгүй хүн. “Зөв Сайн Үйлстэн
Монгол” нэртэй олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тэргүүн, Монголын
Ахмадын Академийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна. Нийгмийн хөгжлийн төлөө
сайн дурын үйл ажиллагаанд өнөөг хүртэл идэвхитэй оролцож байгаа маань багш
мэргэжилтэй холбоотой болов уу. Багш нар нийгмийн хөгжилд ихээхэн үүрэгтэй улс.
Шинэ үе шинээр
боловсорч байна. Нийгмийн шилжилтийн үе гэж бид баахан
ярьдаг. Хүн шилжих тухай л яриад байгаа юм шүү дээ, гол нь. Түүнээс биш хэдэн
гоё сайхан байшин барьчихаад шилжилт гэж болохгүй. Шинэ нийгэмд төрж өсч,
бойжиж бий болсон улсууд нь тэр нийгмээ зөв ойлгоно уу гэхээс манай үеийнхэн
бүрэн ойлгож мэдрэхгүй. Гол нь аль ч
нийгэмд боловсрол их чухал. Газарзүйн хичээлийн агуулга ч сурагчдад
нийгмийнхээ
байгууламжийг зөв ойлгоход чиглэсэн байвал сайн. Одоо хийж буй ажил маань ч бараг л багш гэсэн үг дээ. Дал
гарсан ч нийгмийн идэвхи маань буураагүй хэвээрээ байна (инээв).
Та чинь тэгвэл бүр ясны багш хүн юм байна. Яаж яваад багш болчихов?
Тохиолдлоор уу?
Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрж, 7 настайдаа аймгийнхаа I дунд
сургуульд орсон. Багадаа сониуч зантай, урлаг, спорт, уралдаан тэмцээн гээд л
сургуулиас зохиосон ажилд манлайлж оролцдог хүүхэд байлаа. 1967 онд хүнд гэмтэл
авч хөлөндөө 3 удаа мэс засал хийлгэсэн. Хэвтэрт байх үед багш нар, ангийн
найзууд маань сэтгэл санааны маш их дэмжлэг туслалцаа үзүүлж байсныг одоо ч мартдаггүй. Намайг Мөрөнгийн I сургуульд сурч байхад гавьяат багш Бавуу
газарзүйн хичээл ордог байлаа. “Герман” Бавуу гэж дууддаг, цэгцтэй яриатай,
шударга шулуун зантай, маш соёлтой, зарчимч шаардлагатай, бүх талын өргөн
мэдлэгтэй, Хөвсгөл аймгийн хэмжээнд ганцхан гавьяат багш байлаа. Энэ хүн шиг багш болох юмсан
гэсэн хүсэл минь анх энэ мэргэжил рүү
хөтөлсөн юм. Мөн намайг хэвтэрт байх үед багш нарын минь хүнлэг энэрэнгүй
сэтгэлийн тусламж өөрийн эрхгүй багш болох шийдвэрт хүргэсэн байх. Ингээд 1976 онд УБДС-ийн (хуучин нэрээр)
Түүх-Газарзүйн ангид элссэн. Сургуулиа
төгсөөд 68 дугаар сургуулиас ажлынхаа гарааг эхэлж 33 жил багшлаад “Ирээдүй”
цогцолбор сургуулиас гавьяаныхаа
амралтанд гарсан.
Оюутан үеийхээ дурсамжаас хуваалцвал сонин байх?
Тэр үед дээд сургуульд элсэнэ гэдэг амар байгаагүй. Би дунд сургуульд
байхдаа гэрээр хичээлээ бие даан сурах арга барилтай болсон юм. Үеийнхэн маань
тоглож наадаж явахад би хэвтэрт хичээлээ уншиж бичихээс өөр юм хийхгүй. Тэгж л
сууж сурсан байх. Дээд сургуульд энэ дадал маань их тус болсон. Тэр үед зарим
багш нар орос хэл дээр лекцээ уншдаг, тэр лекцээ орой нь орчуулж ойлгох гэж их
л суудаг байж. Доктор Ч. Дүвжир, ардын багш Г. Батсүх, З. Махмин, Ж. Тусип
гээд чадалтай багш нар олон байлаа. Би их азтай
хүн. Газарзүйн хичээлийг дунд сургуульдаа гавьяат багшаар, дээд
сургуульдаа ардын багш Г. Батсүхээр заалгаж байсан. Энэ хоёр багш хоёулаа
“герман” гэсэн тодотголтой, баруунд боловсрол эзэмшсэн, маш соёлтой, үлгэр
дууриал авмаар хүмүүс байлаа. Хос мэргэжлийн анги байсан болохоор ачаалал
ихтэй, их л завгүй явдаг байж дээ. Хээрийн дадлага дээр картографийн багажуудыг
тохируулах гэж их л зовдогсон. Тэгэхэд Дүвжир багш ирээд л нивелирийн хөлийг
ганцхан өшиглөөд л тохируулчихдаг байж билээ (инээв). Багшлах дадлагын үеэр
Батсүх багшаас айна гэж жигтэйхэн. Цагийг яс барьдаг, маш хатуу шаардалагатай,
самбарын урд, хүүхдүүдийн өмнө яаж зогсохыг хүртэл хянана шүү дээ. Үүний ачаар бид, бас ч үгүй
цэгцтэй боловсрол олчихсон улс. Одоог
бодвол ирээдүйдээ итгэлтэй, зорилготой байж. Миний өдий зэрэгтэй яваа маань тэр л багш нарын ач шүү
дээ.
Зарим үед хүүхэдтэй ажиллахаас залхдаг уу? Өөр ажил хийх талаар бодож байв
уу?
Би дээр ярьсан даа, миний амьдралд их нөлөөлсөн хүмүүс бол багш нар гэж.
Багаасаа тэгж бодож, хүмүүжсэн хүний үзэл бодол тийм амархан өөрчлөгддөггүй юм
билээ. Тийм болохоор надад залхах, уйдах юм байгаагүй. Өөр ажил ч хийе гэж
бодож амжаагүй байтал тэтгэвэртээ гарах болсон байв. Оногдсон ажлаа яаж сайн
хийх вэ, хүүхдийг ойлгож тэднийг нээж хөгжүүлэх вэ гэж бодож ажиллаж байлаа.
Социализмын үед төрж өсөөд, тэгж хүмүүжээд, тогтчихсон
улсыг чинь яах юм! Хүн бүрт өөрийн хувь тавилан гэж байдаг. Энэ л
миний тавилан байх гэж боддог. Би багшилж байхдаа ар гэрийн гачигдалтай, өнчин
өрөөсөн, өөртэй итгэлгүй, сурах сонирхолгүй гэх зэрэг аль л болохгүй бүтэхгүй
гэсэн хүүхдүүдийн хойноос хөөцөлдөж зөв явахыг, одоогийнхоор бол амьдрах ухаанд
сургахыг хичээдэг байсан. Яагаад гэвэл хүүхэд бүрт онцлог байдаг. Тэр онлогийг
багш олж харжд хөгжүүлэх л чухал юм даа. Олимпиадад түрүүлээд байсан хүүхдүүд бүгд онц сурлагатан байгаагүй. Хүүхдэд
итгэл өгч, тэднийг сурах арга барилд сургавал хүүхэд давтлагатай, давтлагагүй
өөрөө хөгжөөд ирдэг. Багш хүн сэтгэл зүйч байх ёстой. Сурагчдын насны онцлог,
темперамент, гэр бүлийн хүмүүжил, биеэ авч явж буй байдал, бусадтайгаа харилцаж
байгаа харьцаа, эцэг эхийн боловсрол, ажил эрхлэлт гээд судлах юм маш их
байдаг. Орчин үеийн боловсролын системын тогтворгүй байдал, цалин, багш нарыг
үнэлэх үнэлэмж зэргээс болоод энэ
мэргэжлийн нэр хүнд жаахан муудсан байх. Тиймээс зарим багш нарт өөр ажил хийх
санаа төрдөг байж магадгүй.
Таны сургах арга барил их өвөрмөц юм.
Залуу багш нарт хандаж зөвлөгөө өгнө үү?
Газарзүйн хичээлээр дунд сургуульд үздэггүй эдийн засаг, астроном, геологи
зэрэг мэргэжлийн суурийг өгдөг. Зөвхөн хөтөлбөр, сурах бичгээр өөрийгөө
хязгаарлах биш, их юм уншдаг өргөн мэдлэгтэй байх нь сурагчдынхаа танин мэдэх
оюуны эрэлт хэрэгцээг хангаж чадна гэж зөвлөмөөр байна. Бие даан ажиллах арга барилд сургахдаа нас
сэтгэхүйн онцлогт тохирсон сэдэв өгч, уншсанаа ойлгож ярих чадвар сайтай
хүүхдүүдээр нөгөөд нь тайлбарлуулах, өмнө нь олимпиадад амжилттай оролцож
байсан хүүхдүүдээр туслуулах гэх мэт арга хэрэглэдэг.
Олимпиадад орох хүүхдүүдийг намар
сонгож аваад тогтмол цагийн хуваариар бэлтгэдэг байсан. Улсын олимпиадад
шалгарсан хүүхдүүдийнхээ сэтгэлзүйг их бэлдэнэ. Олимпиадын үед асуултаа уншаад,
мэддэг юм байна гэж бардахгүй, мэдэхгүй юм байна гэж сүрдэхгүйгээр мэддэгээсээ
эхлэх, дараа нь өндөр оноотой асуултаа хийгээрэй гэж захидаг. Бага оноотой
боловч ажиллагаа ихтэй даалгаварт цаг их зарцуулахгүй байхыг зөвлөдөг байсан нь
одоогийнхоор бол менежмент юм уу даа. Онолын асуултаа сайн хийсэн хүүхэд сэтгэл
санаа нь өөдрөг, дадлага ажлаа итгэлтэй хийдэг болох нь харагддаг.
Цаг зав гаргасан таньд баярлалаа. Уншигчиддаа хандаж хэлэх үгээр тань
ярицлагаа өндөрлье.
Улсын олимпиад бол газарзүйн багш нарын баяр гэж би дээр хэлсэн санаагаа
давтан хэлье. Тиймээс оролцож байгаа
багш нар түрүүллээ, хожигдлоо гэсэн сэтгэгдэлгүй, бие биенээсээ суралцаж,
хөгжсөн үр өгөөжтэй байгаасай гэж хүсч
байна.