Редакторын зурвас
Геофорум" сэтгүүлийн энэхүү тусгай дугаарыг МУБИС-ийн Газарзүйн тэнхмийн багш, газарзүйн ухааны доктор, профессор Д.Дашийн Монголын газарзүйн шинжлэх ухаанд зүтгэсэн 40 жилийн ойд зориулан гаргаж байна.
Профессор Д.Даш 1979 онд МУИС-ийг газарзүйч, газарзүйн багш мэргэжлээр төгссөн цагаасаа хойш газарзүйн шинжлэх ухаан, газарзүйн мэргэжилтэн бэлтгэх ажилд ажил амьдралаа зориулж иржээ. Тэрээр ажлын гараагаа ШУА-ийн Газарзүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар эхлэн, улмаар Геоэкологийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, МУБИС-ийн Газарзүйн тэнхимд багшаар ажиллаж олон арван ном, бүтээл туурвисны дотор "Газарзүйн шинжлэх ухааны хөгжлийн түүх" (хамтын), судалгааны ажлаа
нэгтгэн эмхэтгэсэн "Монгол орны ландшафт экологийн асуудал" бүтээл нь дорвитой байр эзэлнэ. Мөн "Монгол улсын үндэсний атлас" (1990), "Монгол орны цөлжилтийн атлас" (2013) зохиоход оролцож, Монгол орны байгалийн бүс бүслүүр ба физик газарзүйн мужлалыг шинэчлэн боловсруулж, газарзүйн салбарын эрдэмтдийн эгнээг тэлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.
Энэхүү тусгай дугаарт проф.Д.Дашийн бичсэн судалгааны болон хялбарчилсан өгүүллүүдээс гадна ажил амьдралынх нь түүхэн замналыг харуулсан ярилцлага, дурсамжаас нэгтгэн оруулсан нь уншигчдын таашаалд нийцэх байх хэмээн итгэж байна.
Ерөнхий редактор, Проф. Е.Батчулуун