МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Мэдээ

ОХУ-ын Газар зүйн нийгэмлэг дээд шагналаа монгол эрдэмтэнд олгохоор болжээ

ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготовт олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү шагналыг газарзүйн шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн, онцгой бүтээл туурвисан эрдэмтэн судлаачдад хоёр жилд нэг удаа олгодог юм байна. ШУА-ийн академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов Монгол Улсад хөрсний газар зүйн судалгааг үндэслэгчдийн нэг Москваийн их сургуулийг энэ мэргэжлээр төгссөн анхны гурван хүний нэг юм. 


Тэрээр ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагналыг  Ази тивээс хүртэж байгаа хоёр дахь хүн болжээ. Өмнө нь уг шагналыг Азиас БНХАУ-ын Хөрс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн хүртэж байжээ.Түүний шагналыг маргааш гардуулах юм байна. Уг шагналыг гардуулахаар ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Москвагийн их сургуулийн Газар зүйн факультетийн ерөнхийлөгч, академич Н.С.Касимов тэргүүтэй төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирээд байгаа аж. 


ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийг тус улсын Батлан  хамгаалахын сайд С.Шойгу тэргүүлдэг бөгөөд дэд ерөнхийлөгч бөгөөд ивээн тэтгэгчдийн зөвлөлийн даргаар нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ажилладаг юм байна.Академич Д.Доржготовтой утсаар холбогдож цөөн асуултад хариулт авлаа.Д.Доржготов: Монголын анхны хөрсний зургийг зохиож, хөрсний ангилал, мужлал, нөөцийг анх тодорхойлж байлаа. 


-ОХУ төдийгүй дэлхийн газар зүйн шинжлэх ухааны салбарт нэр хүндтэй шагнал хүртэж байгаад баяр хүргэе. Шагнал авах тухайгаа хэзээ мэдэв?

-Энэ жил зургадугаар сард надад ОХУ-ын Газар зүйн хүрээлэнгээс энэ талаар мэдэгдсэн.


-Хөрсний зураг, атлас гээд олон арван бүтээл туурвисан гэдгийг таны танилцуулгаас харлаа. Чухам аль бүтээлийг тань онцолж энэ шагналыг өгч байгаа юм бол?

-Миний гол бүтээлүүд бол Монгол орны хөрсний судалгаа,  хөрс газар зүйн судалгаа юм. Монгол орны хөрсний зургуудыг зохиосон. Мөн Монгол орны үндэсний атласуудыг хамтран зохиосон. Байгаль нуурын сав газрын экологийн атлас гээд бас бус олон юм бий. Нийт 290 гаруй бүтээл байдаг юм. Энэ бүтээлүүдийг хийхдээ Оросын эрдэмтэдтэй олон жил хамтран ажилласан. Хөрсний судалгаа, хөрсний зураглал, үндэсний атлас зэргийг оросуудтай хамтарч зохиосон. Сүүлийн үед эко геохимийн асуудал, байгаль орчны бохирдол, доройтлын асуудлаар оросуудтай хамтран судалгаа хийж байгаа. Би гэхдээ яг аль бүтээлд маань энэ шагналыг өгснийг, юуг үндэслэн шагнаж байгааг сайн мэдээгүй байна. Маргааш шагнал гардуулахдаа энэ үндэслэлээ хэлэх байх.


-Та бол Монгол орны хөрсний газар зүйн судалгааг үндэслэгчийн нэг. Энэ салбарт анхны шанг татсан бүтээл, нээлтүүдээсээ алийг нь онцлох вэ?

-Монголд анх удаа хөрсний зургийг зохиосон, Монголын хөрсний ангиллыг анх удаа бүрэн дүүрэн боловсруулж тодорхойлолт өгсөн, Монгол орны хөрс газарзүйн мужлалыг анх удаа боловсруулсан, Монгол орны усны ай сав газруудын хөрсний ус, физик шинж чанар, Монгол орны хөрсний нөөцийг тодорхойлсон гээд дурдаж болно. Монгол оронд ямар хөрс байдаг юм, талбай нь хэр юм гэдгийг бүх аймаг, сумаар нь гаргасан. Хөрсний нөөцийг юунд ашиглаж болох вэ, жишээ нь хөдөө аж ахуйд, мал аж ахуйд гэх мэтээр хөрсний ангилал, чанарын үнэлгээг анх удаа хийсэн гээд нэлээд юм бий.


-Сүүлийн үед хөрсний бохирдол, доройтол анхаарал татсан эмзэг сэдэв болоод байна. Та энэ  талаар судалгаа хийж байгаа юу?  

Сүүлийн үед хот суурин орчмын, аж үйлдвэржсэн бүс орчимд хүний үйл ажиллагаа, техникийн улмаас үүссэн хөрсний доройтол, бохирдлын асуудал, хөдөө аж ахуйд тариалангийн хөрсний доройтол, бэлчээрийн доройтол, хөрсний эвдрэл элэгдэл, шороон шуурга гээд олон хүндрэлтэй асуудал гарч байна. Зарим нь гамшгийн хэмжээнд хүрчихсэн байна. Энэ талаар бид оросуудтай, мөн хятадуудтай хамтраад судалгаа хийж байгаа. 

Эх сурвалж: http://eagle.mn/r/49107 

Шинээр нэмэгдсэн