МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Мэдээ

Ширгэж буй Арал тэнгис

Арал нуур буюу хүмүүсийн нэрлэдгээр Арал тэнгис нь Төв Азид, Казахстан, Узбекистаны хилийн дагуу байрладаг, гадагш урсгалгүй нуур юм. 1960 оноос эхлэн Узбекистан, Казахстан, Төв Азийн хуурай газар нутагт тариалан эрхэлж эхэлсэн ба усны төвшин огцом багассан нь уг нуурт цутгах Амударья, Сырдарьяа мөрний усыг газар тариаланд ихээр хэрэглэх болсноос үүдэлтэй ажээ. Нэгэн цагт дэлхийн 4 дэх том нуур байсан Арал тэнгис усны хэт их хэрэглээнээс үүдэн хоосон цөл болон хувирчээ.  

Арал тэнгис 1965 онд гэхэд жилд 50 орчим шоо километр цэвэр ус авдаг байсан нь 1980-аад оны эхээр тэг болж буурчээ. Нуурт цутгах усны хэмжээ багассанаас үүдэн Арал нуурын эзлэх талбай багасч эхлэв. Мөн хур тунадас, гүний тэжээл нь ууршилтаа давж чадахгүйгээс усны биед давс, эрдэс бодисын агууламж нэмэгдэж эхлэв. Ийнхүү нуурын экосистемд өөрчлөлт орсноор Арал тэнгисийн загасны тоо толгой огцом багасчээ. Арал тэнгист 1960-аад онд арилжааны загас агнуурын салбар хөгжиж, 60,000 орчим хүнийг ажлын байраар хангадаг байв. 1977 он гэхэд загасны тоо толгой 75 хувиар буурч, 1980-аад оны эхээр загас агнуурын аж үйлдвэр устаж үгүй болов. Арал тэнгисийн талбай багасаж байгаа нь бүс нутгийн уур амьсгалд ч мэдэгдэхүйц нөлөө үзүүлэв. Ургамал ургах тохиромжтой хугацаа богиносч байгаа нь тариаланчдыг хөвөн тариалахаа больж илүү их ус шаардагдах цагаан будааны тариалан эрхлэхэд хүргэв. Арал тэнгисийн талбайн хэмжээ багасахад хүргэсэн хоёрдогч хүчин зүйл нь нуурын ёроолд элс ихээр хуримтлагдах явдал байв. Азийн энэ хэсгийг дайран өнгөрдөг хүчтэй салхи жил бүр хэдэн арван мянган тонн хурдсыг зөөн хуримтлуулдаг. Энэ үйл явц нь ойр орчмын оршин суугчдын амьсгалах агаарын чанарт нөлөөлөөд зогсохгүй тариалангийн талбай дээр их хэмжээний тоосонцор унаснаар ургацийн хэмжээ хүртэл багасдаг байна. 

Аралын тэнгисийг эргэн сэргээх боломжгүй ба үүний тулд хоёр мөрнөөс ирэх усны хэмжээ болох өнөөгийн 13 км/кв  гэсэн тоог 4 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Ийм хэмжээнд хүргэхийн тулд газар тариаланд хэрэглэх зорилгоор татан авах усыг (92%) багасгах хэрэгтэй болно. Гэтэл энэ нуурын сав газарт байх 5 улсын 4 нь (Казахстанаас бусад нь) газар тариалангаа өргөжүүлэх зорилготой байгаа. Арал тэнгисийн гамшиг нь хүн төрөлхтний байгальтай зүй зохисгүй харилцсан, алсын хараагүй мөлжлөгийн үр дагаврын илрэл бөгөөд байгальд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хүний бүх үйл ажиллагааг сайтар тунгаан бодох ёстойг харуулж байна.

Шинээр нэмэгдсэн