МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Эрдэмтний индэр

Ардын багш Шаравын Шагдар  (1933-2016)

1933 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрж, 1951 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль, 1957 онд УБДС (хуучин нэрээр) төгсөн газарзүйн багш болжээ. 1979 онд “Монгол орны газарзүйн хичээлээр орн нутгаа судлах нь” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор, 2003 онд “Монголын боловсролын түүхийн товчоон” нэг сэдэвт бүтээлээрээ Боловсролын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Улаанбаатар хотын III сургууль (1951-1952), Сүхбаатар аймгийн төвийн сургууль (1952-1954), Багшийн сургууль (1957-1961)-д багшаар ажиллан, Гэгээрлийн Яаманд сургуулийн хэлтэст байцаагч, даргын үүрэг гүйцэтгэгч (1961-1972), Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Багш нарын мэргэжил дээшлүүлэх салбарын эрхлэгч (1972-1983), Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд захирал (1983-1991), УБИС-ийн газарзүйн тэнхимд багш, эрхлэгч (1991-1997), Газарчин дээд сургууль, Аялал жуулчлалын удирдлагын коллежид дэд захирал, зөвлөх багшаар ажиллажээ.

Шагдар багш “универсаль” газарзүйч, эх орноо судлаач, газар ус болгоныг түүхтэй нь мэддэг аялагч, эрдэм дэлгэрүүлэгч байв. Түүнд очиж үзээгүй нэг ч сум байгаагүй. “Монгол орны газрын нэрийн тайлбар толь бичиг” ном, “Сувдан сондор” аялал үүнийг гэрчилнэ.  Газарзүй, заах арга, картограф, аялал жуулчлал зэрэг олон салбарт бүтээл гаргасны дотор “Газрын зургийн тухай товчхон”, “Монгол орны физик газарзүй”, “Монгол орноор жуулчлах зуун зам” зэрэг нь жинтэй байр эзэлнэ. Зарим нь Хятад улсад хэвлэгдсэн, “Зуун зам”  нь англи хэл дээр гарснаар аялал жуулчлалын цагаан толгой болж байна.

“Монгол орны газарзүйн нэрийн толь бичиг” ном бол Шагдар багш монголчуудад үлдээсэн өв юм. Монгол орны газарзүй сонирхогч, уншигчдад зориулсан энэ номд 8000 орчим газрыг тодорхойлсон ба үүний дотор уул нуруу, тал хөндий 1200 орчим, гол мөрөн 1000 гаруй, нуур цөөрөм  1000-аад, даваа хөтөл 200 орчим, рашаан ус 300 гаруй, түүх соёлын дурсгал 350 гаруй, ашигт матмалын орд 600 орчим, тахилгатай уул, ус 1000 орчим, Монголын нууц товчоонд орсон газар 100 орчмыг багтаасан, монгол улсын бүх сумын төвийн газарзүйн солбицол, гадаргын өндөр, нутгийн хүйс, нутгийн хэмжээ, тахилгатай уул, усны нэр, хүн малын тоог хүснэгтээр оруулжээ. Энэ номд багтсан бараг ихэнх газар (уул, нуруу, гол горхи, худаг, элсэн манхан) багш өөрөө очсон байх, бүх газрын байрлал, томоохон суурин юмуу тэмдэгт газраас аль зүгт, ямар зайтай оршдог, газарзүйн онцлог нь юу болох талаар бичсэн бүрэн хэмжээний “лавлах” юм. Хамгийн гол нь том маштабтай газрын зураг дээр хэмжилт хийж, “гар аргаар” солбицол тодорхойлсон нь хэр их уйгагүй хөдөлмөр болохыг илтгэнэ.

Шагдар энэ номынхоо анхны хувилбарыг 1963 онд 500 нэртэйгээр гарч 50-иад жилийн хөдөлмөр шингэсэн сүүлийн хувилбар нь эдүгээ 8000 нэртэй 700 орчим хуудастайгаар гаргасан байдаг. Өмнөх үгэндээ дурдсанаар “...Монголын 1.5-2.0 орчим км2 нутаг  бүр өөрийн оноосон нэртэй байдаг аж. Энэ тооцоогоор бодвол манай орны нутаг дэвсгэрт газар усны нэр 900 мянгаас илүү байх ёстой ажээ. Жишээ нь: Улаанбаатарын урд орших Богдхан ууланд  Зайсан, Их тэнгэр, Залаа, Хүүш гэхчлэн 40 шахам ам хөндий, Цэцээ гун, Баруун ширээ, Зүүн ширээ гэхчлэн олон оргилтой. Уулын ондрийг Монгол улын үндэсний атлас ба зурагт байгаагаар нь авсан, янз янзаар нэрлэгддэг газрыг тус бүрээр нь оруулжээ. Олон үгээс бүтсэн газар усны нэрийг "Монголын үндэсний атлас" (1990), Ц.Дамдинсурэн. Б.Осор "Монгол үсгийн дүрмийн толь" (1983), "Газарзуйн оноосон нэр бичих дүрэм (1982 Д.Лувсандэндэв, Л.Сүрэнхүү)-ийг баримталсан” гэжээ. 1988 онд 800 нэртэйгээр гаргасан хоёр дахь хэвлэл нь уйгаржин монгол бичгээр Өвөрмонголд хэвлэгдсэн байна.

Энэ номонд орсон бас нэг онцлох зүйл бол “Монгол Хятад хоёр улсын хил дээр байгаа зарим газар ус” гэсэн хэсэгт 1:500000 масштабтай зураг нэр нь улсын хил дээр тэмдэглэгдсэн  газруудыг хилийн гэрээнд дурдсан дарааллаар нь баруун талаас нь нэрлэж, өндрийн тоотыг хилийн гэрээнд зааснаар дурдаж, байрлалыг мөн зургаас секундын нарийвчлалтайгаар олж 162 газрыг нэг бүрчлэн тодорхойлсон байдаг (Уг номын 2 дугаар хавсралтад дурдсан). Энэ үнэхээр агуу хөдөлмөр, ганц хүн хийж барсан гэхэд үнэхээр гайхмаар нүсэр ажил. Эх орондоо хайртай хүнээс л ийм их хүч чадал, сэтгэл гардаг биз ээ.

Шагдар багш байнга шинийг сэдэгч, санаачлагч хүн байв. Монголын аялал жуулчлалын салбарт үндэсний мэргэжилтэн бэлтгэх үйл явцыг санаачлан эхлүүлсэн, энэ чиглэлийн анхны ном бичсэн хүн бол Шагдар багш  юм. Тэрээр 1991-1992 оны хичээлийн жилд анхны шан татаж “Цог” дээд сургуульд “Монголын аялал жуулчлалын газарзүй” хичээл бэлтгэн заасан нь хожмоо “Монгол орноор жуулчлах 50 зам” нэртэйг ном гарах үндэс болсон билээ. Улмаар 1992 онд УБДС (хуучин нэрээр)-д Шагдар багшийн санаачлагаар “Газарзүй-аялал жуулчлал”-ын анги нээгдсэн нь энэ салбарт олон зуун мэргэжилтэн бэлтгэх, мөн газарзүйн багшийн хөрвөх чадварын эхлэлийг тавьсан үйл явц байв. М.Баянтөр багшийн дурссанаар “Багшийн дээдэд аялал жуулчлалын анги нээснийг дуулаад тэр жилдээ МУИС-ийн газарзүйн төгсөх ангийг нэрийг нь өөрчилж “аялал жуулчлалын анги” болгон төгсгөсөн гэдэг. Шагдар багш санаачилсан, хийсэн зүйлээ ямагт үргэлжлүүлэн, сайжруулж, баяжуулж ирсэн. Үүний нэг жишээ нь дээр дурдсан “Газарзүйн нэрийн товч толь бичиг”-ээс гадна “Монголд жуулчлах 50 зам” номоо нэмж 100 зам болон гаргасан нь англи хэлэнд орчуулагдан Монголд ирэх жуулчдын хувьд гол “хөтөч” болжээ.

“Монгол орноор жуулчлах зуун зам” ном зөвхөн гадныханд бус, монголчуудад ч эх орноороо аялах, танин мэдэх гол гарын авлага юм. Энд Монгол оронд хаашаа, ямар чиглэлээр, хэрхэн аялж болох, хэдий хэр зам туулах, ямар онцлог зүйлийг үзэж харах зэргийг тодорхойлон 100 замналаар зураглал үйлдэн, гэрэл зураг, газарзүйн зургийг хавсаргаснаар манай аялал жуулчлалын салбарын үндсэн гарын авлага төдийгүй мэргэжлийн дорвитой,бүтээл болсон билээ. Одоогоор энэ номыг гүйцэх бүтээл хараахан гараагүй л байна. 

Шагдар багш боловсролын түүх судлаач байв. Ш.Шагдар Монголын боловсролын түүхийн талаар баримтад тулгуурласан өргөн цар хүрээтэй судалгаа хийсэн хүн. 1990 оноос багш маань “Монголын боловсролын түүх”-ийн судалгаагаа эхэлж, улсын төв архивт байнга суух болсныг гэрчлэх хүмүүс бид, манай тэнхмийнхэн юм. Энэ ном бол урьд хожид байгаагүй, бодит үйл явдлыг он сар, өдрөөр нь бичсэн, хаа хэн, юу хийсэн, ямар тогтоол шийдвэр хэзээ гарч, ямар үр дүнд хүрч байсан зэргийг тоо баримттай нь, тогтоол шийдвэртэй нь хөдөлшгүй баримтаар нотолсон томоохон ажил болсон билээ. Судалгааны нэг сэдэвт бүтээлээ 2003 онд “Монголын боловсролын түүхийн товчоон“ ном болгон хэвлүүлж, Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан юм. Энэ бүтээл нь Монголд улсад гэрийн сургуулиас эхлээд автономитын үеийн анхны сургууль байгуулагдаж байсан түүх, заагдаж байсан хичээл, хувьсгалын дараа орчин цагийн боловсрол хэрхэн үүсэн болон бичиг үсэгт тайлагдах ажил хэрхэн өрнөж байсан, 1937 оны их хэлмэгдлийн үеийн боловсролын түүхийг архивын материал дээр үндэслэн, бодит баримтад тулгуурлан нэгтгэж, гаргасан томоохон бүтээл бөгөөд хойч үедээ үлдээсэн бас нэгэн өв юм.  Тухайлбал, их хэлмэгдэлд өртөн шоронд сууж, гэсгээгдэж, цаазлуулсан боловсролын салбарын сэхээтнүүдийг овог, нэрээр нь, гүйцэтгэсэн ялын тогтоолтой нь хамт нэг бүрчлэн түүвэрлэж гаргасан байдаг. Энд гэгээрлийн сайд, удирдах хүмүүс, сургуулийн захирал, багш нар гээд олон хүний нэрийг жагсаалтаар оруулсныг харахад их хэлмэгдлийн талаар үнэхээр зүрх шимширдэг билээ. Түүнчлэн өөрөө дайны үед өсөж, дайны дараах үеийн ороо бусгаа цагаас ажиллаж амьдарсан, боловсролын салбарын үе үеийн гэрч болсон хүний хувьд олон сонирхолтой баримтыг номдоо оруулсан байдаг. Жишээ нь: Нэрт газарзүйч, доктор Чойн Дүвжир 1949 онд Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож байсан тухай, Сүхбаатарын талбайд гаргасан тэргүүний хүмүүс самбарт Дүвжир багшийн зургийг "ангиа 150 хувь сургадаг багш” гэсэн тайлбартайгаар тавьсан тухай (үйлдвэрийн ажилчид нормоо 200%, 300% биелүүлсэн гэсэн тайлбартай байсан тул 100% гэхээр бага санагдаад ядаж 150% болгосон хэрэг) гэхчлэн олон баримт бий. “Монсудар” хэвлэлийн газраас гаргасан “МОНГОЛЧУУД” цуврал (Нийгэм журамд давшин орсон нь 1924-1959)-д энэ баримт “Ангиа 150 хувь сургадаг багш” гэсэн гарчигтай орсон (172-р хуудас) нь Шагдар багшийн бүтээл, ярьсан, бичсэн нь хэрхэн үнэтэй хэвээр байгааг илтгэнэ. Юутай ч гэсэн монголын боловсролын түүхийг Шагдар багшаас өөр тэгж бичсэн хүн байхгүй, цаашид олон судлаачид янз бүрээр баяжуулан гаргах хэдий ч багшийн бичсэн энэ ном дээр л үндэслэнэ биз ээ.

 “Сувдан сондор” аялалын хүндтэй гишүүн. Ардын уран зохиолч С.Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар Л.Түдэв, Хамба лам Х.Гаадан зэрэг зохиолч, эрдэмтэн, шашны зүтгэлтнүүдийн хамтран байгуулсан Монголын соёлын сангаас 1993 оноос эхлэн зохион байгуулах болсон Олон улсын эрдэм шинжилгээ, судалгаа, уран бүтээлийн “Сувдан сондор” аяллын гишүүнээр Шагдар багш олон жил ажилласан. Энэ аялал нь салбар салбарын, дотоод гадаадын эрдэмтэн, судлаач, зохиолч, зураач, хөгжмийн зохиолч, найруулагч, архитектор, шашны зүтгэлтэн, гэрэл зурагчин, кино найруулагч, жүжигчин, дуучин зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол орны өнцөг булан бүрт очиж, судалгаа, шинжилгээ хийж, орон нутгийн түүх, соёлын талаар олон түмэнд сурталчилсан чухал ажил байсан билээ.

Уг аялалд оролцсон Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр Шагдар багшийн талаар дурсахдаа “Энгийн даруухан, эрдэм судалгааны ажилдаа үнэнч, эх оронч, “сурч мэдье” гэсэн хөгшин залуу хэнд ч төвөгшөөж цэрвэхгүйгээр хэлж тайлбарлаж, зааж сургадаг, газарзүйгээр хязгаарлахгүй, түүх, нийгэм, улс төр, монгол хэл, уран зохиолын өргөн их мэдлэгтэй, ясны эрдэмтэн хүн гэдгийг нь өдөр ирэх тусам гүнзгий мэдэрч явсан юм. Шагдар багш Өмнөговь аймагт Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн зугтаж ирсэн замын зургийг Төрийн шагналт архитектор Г.Лувсандорж, археологич Д.Наваан, түүхч гавж Ш.Сонинбаяр, О.Сүхбаатар нартай хээр хэвтэх шаазан, ваар, сав, байшингийн дээврийн ваарны хагархай, хүн чулуу, хадны бичээс зэргийг тал талаас нь хэлэлцэн тодорхойлолт гаргаж, газар усны нэр, цаг хугацаа, уртраг, өргөрөгийг нь тэмдэглэн авч, Дундговь аймгийн Дэл Хөнжлийн уулын чулуун галерей дахь чулуун дээр шингэж үлдсэн загасны дүрс, бичээсүүд хэддүгээр зууны үеийнх болох, ус, бороо, нар салхинд элэгдсэн байдал төрхөөр нь он цагийн таамаг дэвшүүлэх зэргээр харилцан мэдээлэл солилцож явсан нь олон салбарын эрдэмтэд олон өнцгөөс нь харж, мэдлэгээ баяжуулан, эрдэм шинжилгээ судалгаа, уран бүтээлийн ажилд үнэн бодит үнэлэлт дүгнэлт өгөхөд дөхөм болж буйг нь харж бахархаж явлаа” гэжээ.

Багшийн ачыг үл мартагч, үйл хэргийг нь үргэлжлүүлэгч. Шагдар үнэхээр л ардын багш байснаас гадна өөрөө бас сайн шавь байв. Амьдралд нь хүргэсэн багшийнхаа ачийг мартахгүй ажлыг нь нэгэн зорилгоор үргэлжлүүлнэ гэдэг бол хүний мөн чанар, багш шавийн барилдлагаа гэхээсээ илүү тэр хүн сайн сайхан, амьдралдаа сэтгэл хангалуун явахын буян заяа гэж бодогддог. Сайн багштай учирна гэдэг их аз. Гэвч итгэл даах сайн шавьтай учирна гэдэг багш хүнд бас тэр болгон таараад байдаггүй их аз завшаан юм. Эгээ л сайн үр хүүхэд заяаж, үр үндсийг нь авч явахтай адил гэдгийг би өөрөө багш болж, өөрийн гэсэн шавьтай болж байж л ухаарсан. “Алтыг нь аваад авдрыг нь хаядаг” хүн ч таардаг. Харин Шагдар багш бол “авдрыг нь огт хаяагүй”, Долгормаа багшийнхаа үйл хэргийг сайн залгамжилсан, уулзаж үзээгүй ч хойч үеийнхэнд багшийгаа эчнээ танил болгосон.

Ганц Долгормаа ч биш, өөрт нь багшилсан, газарзүй заасан, эрдэм номд хөтөлсөн, хамт ажилласан гээд л амьдралдаа таарсан хүмүүсийнхээ талаар дан сайнаар дурсдаг, ямар яваагаа багш нарын минь ач гэж ямагт үздэг, хичээл заалгаж байсан багш нараараа бахархдаг нэгэн байв. Тэднийгээ нэрлэн жагсаасныг нь энэ номын 2 дахь хавсралтад (Ном эрдэм зааж, ажил практикт сургасан ачтан зарим багш нар гэсэн хэсэгт) оруулав. Эдний дотроос Монгол улсын гавьяат багш Батын Долгормаагийн гарын шавь болсондоо насан туршдаа талархан, газарзүй заах аргазүйчийнх нь ажлыг үргэлжлүүлнэ гэж 1972 оны хавар Долгормаа багшаас ажлыг хүлээн авсан, надад үзгээ бэлэглэсэн” гэж дурсдаг байв. Энэ бол өнөө цагт их ховордсон нандин чанар юм. Б.Долгормаа бол 1950-60-аад онд газарзүйн сургалтын ачааг үүрч, сурах бичгүүдийг орос хэлнээс орчуулж, редакторлаж, зохиож, хичээлийн агуулга, программ (хөтөлбөр)-ыг зүүн Европын орнуудаас хоцрохгүй түвшинд хүргэсэн “буриад Долгормаа” юм.

Бэлтгэсэн, Е.Батчулуун

Шинээр нэмэгдсэн