Эрхлэгчийн зурвас
Монголын газарзүйн боловсролын нийгэмлэгээс бүх нийтийн
газарзүйн боловсрол, газарзүйн шинжлэх ухааныг сурталчлах, залуу судлаачид,
багшийн хөгжлийг дэмжих зорилготой “Геофорум” сэтгүүлийг эрхлэн гаргадаг билээ.
Манай сэтгүүл энэ дугаараасаа эхлэн онлайн хэвлэлтэд шилжсэн нь олон нийтэд
түгэх боломжийг илүү хялбар болгох болно.
Сэтгүүлийн энэ дугаарын тэргүүн
өгүүлэлд “Метакогнитив мэдлэг, түүний хэрэглээ”- ний талаар газарзүйн сургалтын
жишээн дээр тулгуурлан оруулав. Баримтын, ухагдахууны, үйлийн мэдлэгээс гадна
метакогнитив мэдлэгийн талаар ойлгох нь өөрийнхөө суралцах онцлогийг
тодорхойлж, өөрт тохирсон арга барилаа сонгон суралцахад тустайгаас гадна багш
нар ч суралцагчийн ялгаатай байдлыг ойлгон, сургалтын үйл ажиллагааг удирдан
чиглүүлэхэд тустай болно.
“Арга зүй, туршлага” буланд суралцагчдын газарзүйн
агуулга, арга зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Зурагзүй” туршилт
хөтөлбөрийн судалгааны үр дүнг оруулсан. Энэхүү судалгаа нь их, дээд сургуулийн
газарзүйд хамаарах мэргэжлийн ангид үздэг үндсэн хичээлийн нэг болох “Зурагзүй”
хөтөлбөрийн өнөөгийн түвшин, шинэ зууны суралцагчдын субстантив мэдлэг,
синтактик мэдлэг ба итгэл үнэмшлийг дээшлүүлэхэд уг хөтөлбөр ямар нөлөөтэй байх
талаарх чухал асуудлыг хөндсөн болно.
“Онол судалгаа” буланд Их Богд уулын
газарзүйн онцлог, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх судалгааны тойм, шөнийн
гэрлийн тусламжтайгаар хотын хил заагийг тогтоох арга зүйн талаарх сонирхолтой
судалгааны үр дүн, Ерөө голын эх орчмын хөрсний нүүрстөрөгчийн нөөцийн асуудал,
түүнчлэн Монгол улсад аялсан БНХАУ-ын жуулчдын зах зээлийн судалгааны талаарх
өгүүллүүдийг толилуулж байна.
Сүүлийн 30 шахам жил Монгол улсад хөдөөгөөс хот
руу, ялангуяа, нийслэл Улаанбаатар хот руу шилжин суурьшигчдын тоо ихээхэн
нэмэгдэж, хотын нутаг дэвсгэр тэлж байгаа бөгөөд суурьшлын бүсийн газар
ашиглалтыг хянах, хүн ам тогтмол суурьшиж буй хотын бодит хил заагийг
тодорхойлох хамгийн тохиромжтой аргыг тогтоох нь судлаачдын анхаарлыг ихээр
татдаг. Шөнийн гэрлийн хиймэл дагуулын өгөгдөлд боловсруулалт хийн Улаанбаатар
хотын тэлэлтийн талбайг тооцоолон гаргаж кадастрын зурагтай харьцуулсан үр
дүнгийн талаарх сонирхолтой үр дүнг энэ дугаараас үзнэ үү.
Сэтгүүлийн сүүлийн
хэсэгт Улсын газарзүйн XXVII олимпиад (2023 он)-ын 12 дугаар ангийн сурагчдын
онолын асуулт, даалгаварыг оруулав. Эрхэм уншигч та Геофорум сэтгүүлийн энэ
удаагийн дугаарыг таалан соёрхоно уу.
Ерөнхий эрхлэгч Проф. Е.Батчулуун