Редакторын зурвас
"Геофорум" сэтгүүл анх гарч байснаас хойш хэлбэр төрхөө олж, багш, судлаачдын хувьд танил болжээ. Энэ дугаараасаа эхлэн газарзүйн шинжлэх ухаан ба газарзүйн боловсрол, тэдгээрт хамаарах бусад сэдвийн хүрээнд онол, арга зүйн судалгааны өгүүлэлд илүү ач холбогдол өгөхийг зорьж байна. Өнөөдөр бидний амьдарч буй зуун бол "асуудлын зуун" юм. Нийгэм хөгжиж, хүний үйл ажиллагааны хүрээ өргөжин тэлэхийн хэрээр байгаль орчинд урьд хожид байгаагүй ихээр нөлөөлөх болж, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдол, хөрс, газрын доройтол улам ихсэн байгалийн гамшгийн давтамж, эрч хүч нэмэгдэж байгааг тайлбарлах нь илүүц боллоо. Иймд хөгжингүй орнууд Дэлхий судлал буюу гео шинжлэх ухааны боловсролд анхаарал хандуулж, цэцэрлэгээс эхлээд бүх шатны сургалтын түвшинд тухайн суралцагчийн нас, сэтгэхүйд тохирсон хөтөлбөр, агуулга боловсруулан ашиглаж байна. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлийн тэргүүн өгүүлэл нь дэлхий судлалын боловсролын талаарх шинэ чиг хандлага болон STEM боловсролыг Монгол орны нөхцөлд тохируулж STEEМ болгох үндэслэлийг авч үзсэн болно.
Онол арга зүйн буланд рекреаци, газар ашиглалт, газарзүйн мэдээллийн систем болон агаар сансрын зураг ашигласан судалгааны үр дүнг танилцуулсан өгүүллүүд орж байна. Багшийн агуулга, арга зүйн мэдлэг, түүнийг дээшлүүлэх боломжийн талаар газарзүйн багшийн жишээн дээр авч үзсэн өгүүлэлд дэвшүүлсэн санаа, хийсэн туршилтыг аль ч мэргэжлийн хувьд практикт хэрэглэж болно хэмээн үзэж байна.
Сүүлийн үед манай сургалтад олон төрлийн шинэ арга барил орж ирэх болсны нэг нь даалгаварт суурилсан арга зүй юм. Доктор Г.Уранчимэг энэхүү арга зүйг газарзүйн сургалтад хэрхэн ашиглах талаар тодорхой жишээ, баримттай авч үзсэн нь багш нарт тулгамддаг шинэ тутам гарч ирж буй аргыг хичээлд хэрэглэхэд тус болох байх хэмээн найдна. “Шинэ ном" буланд 2003 онд гарснаас хойш газарзүйн сургалтын гол хэрэглэгдэхүүн болсоор ирсэн "Дэлхий судлал" ном 20 жилийн дараа өнгөтэйгээр, шинэчлэгдэн гарсан талаар товч танилцуулгыг оруулав.
Ерөнхий редактор, Проф. Е.Батчулуун